АН-ын гишүүдийг гуравдугаар сарын 28-нд цахим сонгуульдаа оролцож, сонгох эрхээ эдлэхийг уриаллаа

2021/03/26

АН-ын сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалтаар өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдал болон намын дотоод сонгуультай холбоотойгоор намын дарга С.Эрдэнэ, дэд дарга Н.Оюундарь болон АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч М.Тулгат, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Ц.Уртнасан нар байр сууриа илэрхийллээ. Мөн нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлд тамгыг нь гардуулсан юм.

Энэ үеэр АН-ын дэд дарга Ц.Оюундарь “Бид зөвшилцөөд  хоёр талд зөрчилтэй явагдаж байгаа намын даргын сонгуулийн санал хураалтыг нэг өдөр болгосон. Нэгдэж сонгуульд оролцох талаар бид удаа дараа уриалсан. Нөгөө талд яваа нөхдүүдэд албан бичиг ч илгээсэн. Гурав дахь удаагаа хүсэлт өгсөн ч ямар нэг хариулт өгөөгүй.  Харин хэсэг бүлэг хүмүүс дундаасаа нэгийгээ дарга болгоно гэж гаргаж ирээд,  Улсын Дээд шүүхийн нэг шүүгч тэрийг нь ямар ч бүрэлдэхүүнгүйгээр өөрийн дураар шийдэж, цаасны буланд цохож батламжлаад явчихдаг бол өнөөдөр дуртай хүн нь нам байгуулаад дарга болоод явчихна биз дээ. Дээрээс нь Дээд шүүх болон Улсын бүртгэлийн газарт аль нэг байгууллагын нэр давхцах боломжгүй.  Тийм учраас хоёр АН гэж байхгүй.  Хүчин төгөлдөр тамга тэмдэгтэй, гэрчилгээтэй, улсын бүртгэлд бүртгүүлсэн нэг л АН өнөөдөр намын даргаа цахим сонгуулиар тодруулах гэж байна. Тиймээс цахим сонгуулийг хууль  бус гэж үзэх хууль эрхзүйн болон дүрмийн ямар ч шалтгаан байхгүй” гэсэн юм.

Ингээд АН-ын даргын цахим сонгуульд нэр дэвшигчид сэтгүүлчдийн асуултад ингэж хариуллаа. 

 

АН-ЫН ДАРГЫН ЦАХИМ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ Ц.ОЮУНГЭРЭЛ: АН-ЫН ГИШҮҮД ЭРХЭЭ ТЭМЦЭЖ ЭДЛЭЭРЭЙ

 

-Цар тахалтай энэ цаг үед  АН-ы даргын сонгуулиа цахимаар хийхээр бэлтгэл ажилдаа орсон тул журмыг нь боловсруулж байгаа гэж анх И.Мөнхжаргал мэдэгдэж байсныг тод санаж байна. Энэ дагуу би сонгуульд бүртгүүлж байлаа. Гэтэл гуравдугаар сарын 8-нд гэнэт нэр дэвших хүсэлтэй  хүмүүсийг дуудаад цахим сонгууль хийхээ больсон. Цаасан сонгууль хийхэд нэг хүнээс 900 гаруй сая төгрөг гарна гэдгийг хэлсэн юм. Ингээд дансыг нь нягтлахад, дөнгөж өглөө нээсэн  Хас банкны дансандаа дэнчингийн  93 сая төгрөгөө тушаа гэсэн. Нягтлаад үзтэл И.Мөнхжаргалын тамга нь хоёр сарын өмнө Өдрийн сонинд  хүчингүй гэж зарлуулсан тэмдэг болох нь тодорхой болсон. Эдгээр зүйлүүдийг нягтлах хооронд  цаасан сонгууль явуулах нөхдүүд намайг нэр дэвшигчдийн бүртгэлээс өөрсдөө хассан.  Түүнээс биш би нэрээ татаагүй. Анхнаас нь бүх үйл явцад нь оролцож яваа хүний хувьд хэлэхэд цахим сонгууль бол АН-ын шинэчлэлийн шилжилт гэдгээр нь харж байна. Тиймээс цахим сонгуульд битгий ороорой гэж гишүүдийнхээ эрхэнд бүдүүлгээр халдах ёсгүй. АН-ын гишүүд сонгох эрх чөлөөгөө тууштай эдэлж, бүртгэлээ баталгаажуулаарай гэж хэлмээр байна. Тэгэхгүй сум орон нутагт сонгогдсон тэргүүлэгчид намын гишүүдийн нэрийг багцаар нь барьчихаад аль сонгуульд саналыг нь өгүүлэхгүй байх вэ хэмээн цөөхүүлээ хуралдаад сууж байна. Энэ бол сонгох сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа явдал. АН-ын гишүүд эрхээ өөрөө тэмцэж эдлэх ёстой.

 

АН-ЫН ДАРГЫН ЦАХИМ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ М.ТУЛГАТ: БҮРЭН БҮТЭН, ХҮЧИРХЭГ АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ ХАМГААЛНА

 

-АН-ын гишүүд улс төр, нийгмийн өндөр идэвхтэй хүмүүс байдаг. Тиймээс хэн нэгний үг, даалгаврыг дагахгүйгээр намынхаа дүрмийг уншиж, үндэслэл гаргалгааг хараасай гэж хүсч байна. Өнөөдөр Монголын ардчиллын түүхэн, хариуцлагатай үе. АН-ын хувьд маш эгзэгтэй цаг мөч тулгарч байна. Тиймээс намын гишүүд сургаар үймж, хүний үгэнд автахгүйгээр хариуцлагатай байх үе тулгарлаа. Аль нэг сонгуульд оролцохгүй, аль нэг даргын үгийг дагана гэсэн сүргийн сэтгэлгээгээр битгий хандаасай. Өөрийн дүгнэлт, сэтгэлээр эрхээ эдлээсэй гэж хүсч байна.

Ардчилсан нам бол нээлттэй нам. Асуудал нь ил, зовлон нь ил тийм л нам. Манай нам хатуу үнэнийг шулуухан хэлчихдэг нам. Манай нам гаднаа эгэл жирийн ч, дотроо дэлхийг багтаадаг  нам. Өөрөө өөрөөсөө ардчиллыг нэхэж, хэрэв тэр нь алдагдвал өвчтөний ширээн дээр шаналдаг нам. Өнөөдрийн Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдал бол яг л энэ өвчнөө анагаах гэсэн тэмцлийн илэрхийлэл юм. Бид асуудлыг шийдэж, бэрхшээлийг хялбархан даван туулаад Монголын улс төрийг цоо шинэ шатанд гаргах болно. Ардчилсан нам бол хэн нэгэн эзний гарт орохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэсэг нөхдийн хувийн компани болохыг ч тэвчдэггүй нам. Гэтэл манай намыг дуулгавартай хүн сүрэг болгох гэсэн, дуу шуутай нэгнээ хөөж тууж, шүүн ялласан, бүхэл бүтэн намыг хязгааргүй эрх мэдэлд хүрэх багаж зэвсгээ болгох гэсэн оролдлого тасралтгүй явагдсаар байна.

Өнөөдрийн бидэнд тулгарсан асуудал бол хэдэн хүний тамга тэмдэг, даргын суудал булаацалдсан асуудал биш. Ардчилсан нам анхныхаа буурин дээр очих уу үгүй уу, баруун төвийн чиг баримжаан дээрээ баттай зогсох уу үгүй үү, хаа хамаагүй савчиж явах уу үгүй үү гэдэг үзэл санааны тэмцэл дунд зогсож байна. Ийм түүхэн эгзэгтэй цаг үед бүрэн бүтэн, хүчирхэг Ардчилсан нам л Монголын ардчиллыг хамгаална. Хувийн хэвшлийг, хүний эрхийг эрслэн хамгаалж, хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замаас хазайлгахгүй түшихийг Ардчилсан нам л хийж чадна. 

 

АН-ЫН ДАРГЫН ЦАХИМ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ Ц.УРТНАСАН: АРДЧИЛЛАА, ХАДГАЛЖ ҮЛДЭЕ ГЭВЭЛ ГИШҮҮДИЙНХЭЭ ЧӨЛӨӨТ СОНГОЛТЫГ ХҮНДЭТГЭЕ

 

-АН-ын дүрэм зарчим бол ил тод байж, ард түмэн, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахад чиглэж ирсэн. Өнөөдрийн АН-ын даргын дотоод сонгууль хэд хэдэн зүйлийг ил болгож байна. С.Эрдэнэ дарга сонгуулийн үр дүнд хариуцлага хүлээж дараагийн даргыг сонгох гэж байгаа нь АН дүрмээ хэр сайн баримталдаг вэ гэдгийг харууллаа. Хоёрдугаарт, намын дотоод сонгуулийг зохион байгуулахдаа улс оронд тулгараад байгаа онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж цахим хэлбэрээр хийх шийдвэр гарсан нь нийтийн эрх ашигт тохирч байна.  Мөн сонгуульд нэр дэвшиж байгаагийн хувьд цахим сонгуулийг үнэн бодитой болно хэмээн итгэж найдаж үүсээд байгаа нөхцөл байдлыг дүгнэж гишүүдийнхээ эв нэгдлийг хангахын тулд манлайлж оролцож байгаа. Үнэхээр Монголын ардчилал, намынхаа улс төрийн байр суурийг хадгалж үлдэе гэвэл гишүүдийнхээ чөлөөт сонголтыг хүндэтгэж асуудалд бодитой хандах ёстой. Зөвшилцлийн ширээний ард есүүлээ суугаад ойлголцож чадахгүй бол 200 мянган гишүүн, ард түмний хувь заяаг яаж авч явах вэ гэдэг сонголтын өмнө тулж ирээд байна. Ардчиллын талд баттай зогсч энэ удаагийн сорилт бэрхшээлийг туулахад хамтдаа байя. Нөгөө талд нэр дэвшиж байгаа хүмүүст удаа дараа буулт хийж санал тавьсан. Энэ санал маань өнөөдөр хүртэл нээлттэй байгаа. Цахим сонгуульдаа хамтдаа оролцохыг уриалж байна.

 

АН-ЫН ДАРГЫН ЦАХИМ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧ  Л.ГҮНДАЛАЙ: ХУУЛЬ ЁСНЫ ТАМГА, ГЭРЧИЛГЭЭ НЬ С.ЭРДЭНЭД БАЙГАА

 

-Нөгөө талын нэр дэвшигчдийг бидэнтэй нэгдэхийг уриалсан ч ирсэнгүй. Тэд зэрэгцээд сонгуулиа хийсэн ч хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. С.Эрдэнэ даргатай намд АН-ыг төлөөлөх тамга, тэмдэгтэй гэрчилгээ нь бий.  Тэгэхээр хууль ёсны намаас нэр дэвшиж байгаагийн хувьд намын гишүүдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэхийн тулд бичиг явуулна. Үүнд намын гэрчилгээ заавал байх ёстой. Тэр хууль ёсны гэрчилгээ тамга, гэрчилгээ нь С.Эрдэнэд байгаа. Цаасаар санал өгөх талын хүмүүс цахим сонгуульд оролцохгүй байхыг уриалж байгаа юм билээ. Бид тавын хувьд тиймэрхүү хууль бус явуургүй үйлдэл гаргахгүй. АН-ын гишүүдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа” гэлээ.

 

С.ЭРДЭНЭ: АРДЧИЛЛЫГ ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭР НАЙМААЛЦАХГҮЙ

 

Энэ өдөр  АН-ын дарга С.Эрдэнэ дараахь мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр “Би өнөөдөр хариуцлагатай мэдэгдэл хийе гэж ирсэн. Өнөөдрийг хүртэл АН-ын дотоод асуудал, хуваагдал, маргааны эх үүсвэр хаана байгаа талаар байр сууриа илэрхийлж байгаагүй. Харин одоо хариу хэлэх цаг нь мөн гэж бодож байна. Монголд хууль, шүүхийн байгууллагыг амин хувийн ашиг сонирхолдоо  ашиглах үйл явц үргэлжилсээр байна. Монголд хууль шүүх, прокурорын байгууллагаар улстөрчдийг дарамталдаг, айлгадаг,  тэднийг яриад байдаг хонгилоороо чирдэг үйл явц хэвээрээ байна. Би өөрөө энэ хонгилоор чирүүлж байгаа хүний нэг.

2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгосон сонгуулийн үйл ажиллагаанаас эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга бид хоёрын хувьд үл ойлголцол үүссэн. Намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр нэгдмэл байх бололцоо үүсээгүй. Өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон өдрөөсөө эхлээд  улс орны эрх ашгаас илүү өөрийн амин хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг  нэгдүгээрт тавьсан алхамуудыг  хийж эхэлсэн. Үүнээс болоод бид хоёрын хооронд зөрчил үүсч эхэлсэн.  2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга гэдэг хүнийг АН бүх талаар дэмжсэн. Энэ хүний төлөө хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүн гарч Х.Баттулга сонгуульд ялсан. Харамсалтай нь Төрийн тэргүүнээр сонгогдсон тэр мөчөөсөө эхлээд өөрийг нь  дэвшүүлж төрийн өндөрлөгт хүргэсэн АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэж эхэлсэн.  Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдтой өрсөлдөж байхдаа тавьж байсан маш олон амлалт нь талаар болсон. Нэг жишээ татахад, оффшорт байгаа олон тэрбум долларыг оруулж ирэх амлалт нь худлаа болсон. Энэ хүн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол Улсад хэрэгтэй нэг ч зүйл хийгээгүй.  Ганц гялтайх нь ахмадуудын тэтгэврийг зээлийг тэглүүлсэн явдал. Гэхдээ үүнийгээ хууль зөрчиж хийсэн. Харамсалтай нь зөвхөн зээлтэй ахмадуудыг тэглээд бусад ахмадуудыг орхисон.  2017 онд УИХ дахь АН-ын бүлэг МАН-ын шударга гишүүдтэй нийлж шударга бус ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын засгийг огцруулсан. Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гэсэн боловч манай намын гурван урвагчтай нийлж авч үлдсэн. Тэр гурван урвагчийг Х.Баттулга бэлдсэн байсан нь дараа нь тодорхой болсон. АН-ын нэр хүндийг унагааж, хүчгүй сөрөг хүчин болгох эхний алхмыг энэ хүн ингэж тавьсан. Гэхдээ У.Хүрэлсүх Ерөнхий сайдаасаа огцрох үедээ УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг хэлсэнд У.Хүрэлсүхэд баярлаж байгаа. Монголын төрд бугшаад байгаа бодит үнэнийг хэлээд хариуцлагаа хүлээж Засгийн газрын тэргүүнээсээ  буусан. Тэр үйл явц бол Ерөнхийлөгч сүүлийн дөрвөн жилд хэнтэй тэврэлдэж, хэний гар хөл болж, хэний төлөө ажилласан бэ гэдгийг ил тод харуулсан алхам болсон. Өнөөдөр АН-д үүсээд байгаа хагарлын нууц ноёнтон бол Ерөнхийлөгч Х.Баттулга. АН-ын даргын хууль бус дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, бөөнөөр нь Баянгол буудалдаа аваачин хооллож, архидуулж, мөнгө хахууль өгсөн. Хүмүүсийн тархийг буруу тийш нь эргүүлж зохион байгуулалттай ажиллуулж байгаа хүмүүс бол Х.Баттулга, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар. Эдгээр этгээдүүд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, удаа дараа дарамтлах гэж оролдсон. Надад Монголын төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл байхгүйг хариуцлагатай хэлье. Үнэхээр тийм алдаа байдаг бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. Айж зугтаахгүй ээ. Монголын төр, ардчилал, шударга ёс, хувь хүний эрх чөлөөний төлөө 32 жил тэмцэж явна. Надаас ухаад нэг ч уул уурхайн лиценз, идсэн уусан авлига хээл хахуультай холбоотой асуудал гарахгүй. Надад хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж дарамтлах гэж оролдсон. Жил тойрон эрүүдэн шүүлтийн бай болж байгаа. Улс төрийн зорилгоор ял оноох эрүүдэн шүүлтийн хэлбэрийг над дээр хэрэглэсэн. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийлсэн. Мэргэжлийн хяналт, аудит гээд бүх шалгалт оруулж хариуцлагатайгаар сайдын ажлаа өгснөөс гурван жилийн дараа дампуурсан Капитал банкны хэргийг над дээр тохохыг оролдсон. Үүссэн асуудалд миний ямар ч оролцоо байгаагүй. Олон удаа гүтгэлэг дайралт хийж шалгуулахад нэг ч төгрөгийн хохирол гарч ирээгүй. Үнэхээр хууль шүүхтэй улс орон бол нотлох баримтад тулгуурлаж хариуцлага ярих ёстой. Х.Баттулга намын тамгыг авахын тулд удаа дараа шантаажлах гэж оролдсон. Янз бүрийн хэлбэрээр дарамт шахалтыг үзүүлж байсан. Тэр болгонд нь Ерөнхийлөгчийн хувьд хүндэтгэлтэй, асуудалд хүлээцтэй хандаж ирсэн. Юманд тэвчээр, хязгаар гэж бий. 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл тэдний увайгүй үйлдлийг тэвчсэн.

Дархан гурил тэжээлийн үйлдвэртэй холбоотой асуудлаар зохиомол хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан. Энэ бүх үйлдэл эхнээсээ дуустал тус  яамны сайдаар ажиллаж байсан Х.Баттулгын гарын үсэгтэй байгаа. С.Эрдэнэ гэдэг хүний нэг ч гарын үсэг, оролцоо байхгүй. Х.Баттулгын хийсэн үйлдлийг С.Эрдэнийх болгож өөрчилсөн. Хууль хяналтын байгууллага жирийн иргэдээр яаж тоглодгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Ганцхан жишээ хэлэхэд, гуравдугаар сарын 1-ний өдөр З.Энхболд над руу ярихад нь надад зохиомол хэрэг наахаа боль гэсэн. З.Энхболд хоёрдугаар сарын 24-ны он сараар өргөдлөө бичиж өг гэхэд нь 4-5 удаа өг гэж хэлсэн. Хүссэнээр нь бичиж өгсөн. Нийслэлийн прокурор гээд хүргээд өг гэхэд нь төлөөлөгчөөрөө хүргүүлэхэд прокурорын туслах авсан байдаг. Орой 19:30 цагт Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Түвшинжаргал бичиг өгье гэж ярихад нь төлөөлөгчөө явуулсан. Авч ирээд задлаад үзэхэд Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй гэсэн тогтоол байсан. Яахаараа нийслэлийн прокурорын тогтоол Ерөнхийлөгчийн Шадар туслахад явдаг юм. Үүгээрээ надад юу ойлгуулах гэж байна вэ. З.Энхболд удаа дараа Ерөнхийлөгчтэй очиж уулзахыг шахсан. Тэгэхэд нь ганц л зүйл хэлсэн. Би ардчиллын хувь заяагаар хэрэг наймаалцахгүй гэдгээ хэлсэн” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна