Дээд шүүх: Намын дотоод маргаантай холбоотой асуудал учир О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгэхээс татгалзлаа

С.Гандэлгэр
2021/04/27

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа.

Тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ.

Тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар 

21.2.Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Yндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавина. Нам өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөртөө оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.

Мөн Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.

Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв.



Сэтгэгдэл (71)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.