У.Хүрэлсүх хэзээ Ерөнхийлөгчийн тангарагaa өргөх вэ?


Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэзээ тангарагаа өргөх вэ гэдэг олны анхаарлыг татаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72.3-т "Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ" хэмээн заажээ. Тэгэхээр СЕХ энэ сарын 19-ны дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д албан ёсоор танилцуулах ёстой гэсэн үг. Сонгуулийн санал хураалт тэр дороо гардаг болсноос гадна ямар нэгэн маргаан үүсээгүй учраас СЕХ өнөөдөр, эсвэл маргааш дүнгээ УИХ-д өргөн барих магадлалтай.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дараах байдлаар хэлэлцэж хүлээн зөвшөөрөхөөр заажээ.

95 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх

95.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар дүгнэлт гаргана.

95.2.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг дараах журмаар гаргана:

95.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг сонсох;

95.2.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсох;

95.2.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах;

95.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргах.

 95.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

Ийнхүү УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль баталснаас хойш 30 хоногийн дотор тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т "Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн заажээ. 

Өмнөх долоон удаагийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч нар ямар хугацааны дараа тангарагаа өргөж байсныг танилцуулъя.

  1. П.Очирбат 1993 оны зургадугаар сарын 6-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 17-нд,
  2. Н.Багабанди 1997 оны тавдугаар 18-нд анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 20-нд,
  3. Н.Багабанди 2001 оны тавдугаар сарын 20-нд Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, тавдугаар сарын 28-нд,
  4. Н.Энхбаяр 2005 оны тавдугаар сарын 22-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 24-нд,
  5. Ц.Элбэгдорж 2009 оны тавдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, зургаадугаар сарын 18-нд, 
  6. Ц.Элбэгдорж 2013 оны зургаадугаар сарын 29-нд дахин сонгогдож, долоодугаар сарын 10-нд,
  7. Х.Баттулга 2017 оны долоодугаар сарын 7-нд Ерөнхийлөгчөөр сонгогдож, долоодугаар сарын 10-нд тус тус тангараг өргөж байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна