УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн шүүх хурал хойшиллоо

2021/06/18

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.

Шүүгдэгч Б.Ундармаа нь өмгөөлөгч О.Сайнгэрэлээс татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 буюу “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу 2,6 жилийн хорих ял оноосон юм. Харин давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлэн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.85
    2021/06/18

    Энэ авгайгаас тэр завшсан мөнгийг нь бүгдийг нь хурааж аваад өвдөж зовсон өчнөөн олон хүнийг эмчлэх эм тариа, багаж хэрэгсэл авахад зориулж болдоггүй юм байх даа.

    Хариулах