Хилчин офицер хүний амь аварчээ

Өчигдөр 13 цаг 22 минут

Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт хүний амь аварлаа.

Энэ сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт орших Онон голын эрэг дээр амралт, аялал зугаалгаар явж байсан нэг иргэн хөл алдан голд унахад түүнтэй хамт явсан 50 гаруй иргэн аварч чадалгүй голын урсгал даган гүйж байхтай хилийн 0132 дугаар ангийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баатарцогт таарсан байна. Тэрбээр анх хүүхэд усанд живж, үхлүүт хөвж байна хэмээн хараад гол руу оржээ.

Онон голын хувьд дундаж өргөн 80 – 160 метр бөгөөд, усны дундаж гүн нь 0.5 – 3 метр хүрдэг хөлгүй гол юм. 

Онон голоос живж буй хүнийг татан гаргахад 30 гаруй насны эрэгтэй хүн бүх бие нь хөхөрч, амьсгалах чадваргүй болсон байжээ. Эрэг дээр гарч ирсэн даруйд бусад хүмүүс анхны тусламжийг түргэн шуурхай хүргэж амь насыг нь аварсан байна. Ийнхүү хилчин залуу цэргийн хүний зориг, тэсвэр гарган эрдэнэт хүний амь аварлаа. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалж байгааг албаны хүмүүс анхааруулж байна.

Долдугаар сарын 10-16-ны өдрүүдэд гол усанд нийт 22 хүн нас барсан гэсэн харалсалтай мэдээ байна. Тиймээс ард иргэдийг аялж, зугаалах үедээ сонор сэрэмжээ алдахгүй, зөв боловсон аялж зугаалахыг уриалж байна.

                                                                                                                                                                                           Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.13
    13 цагийн өмнө

    Сайхан сэтгэлтэй, сайн монгол хүн олон болтугай. Баярлалаа.

    Хариулах