СЕХ: Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого хийнэ


УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт энэ сарын 10-нд болох нөхөн сонгуулийн саналд 100 хувь гараар тоолж хяналтын тооллого хийнэ гэдгийг СЕХ-ноос мэдэгдлээ.

Нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших, баталгаажуулах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан Ажлын хэсэг зохион байгуулсан.

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулах бэлтгэлийг хангажээ.

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт 07-22.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн.

Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.

Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна