О.Цогтгэрэл: Малчид хөдөлмөрийн хөлснөөс доош орлоготой байна


Өнөөдөр  УИХ-ын чуулган хуралдаж байна. 

Үдээс хойших хуралдаанаар намрын ургац хураалт болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:  "Махны асуудал, цаана нь малчдын орлогын асуудал яригдана. Өнөөдрийн байдлаар 180 мянган малчин өрх байна. 67 сая малтай. Статистик мэдээллээс авч үзэхэд 5.7 их наяд төгрөгийн баялаг бүтээж байгаа юм. Дунджаар 300 толгой малтай малчин өрх байна гэсэн үг. Нэг малчин өрх дунджаар 30 орчим сая төгрөгийн орлого олж байна гэсэн тоо гарч байна. Магадгүй үүнээс бага байгаа байх.

Эдгээр иргэний орлогын асуудал болохгүй байдалтай болж байна. 500 мянган хүн ажилладаг, 60 сая малтай салбарын махнаас олж байгаа орлого 80 сая байна. Илүү том зорилго дэвшүүлэх цаг болсон. Малчид хөдөлмөрийн хөлснөөс доош орлоготой байна. Энэ тал дээр ямар бодлогын өөрчлөлт хийгдэх вэ?" гэдгийг тодруулав. 

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:  "Мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварын нэмэгдүүлэхэд нэгдүгээрт малын эрүүл мэндийн асуудал байгаа. Энэ жил малын урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад тодорхой төсөв тавьж өгсөн. Загсийн газрын зүгээс боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бодлого барьж байгаа. Ховдын арьс ширний цогцолборт 9.7 тэрбум төгрөгийн төсөв суусан. Дарханы арьс ширний цогцолборын хувьд Италитай хамтран ирэх жил төсөл эхлүүлнэ.

Түүнчлэн мал махны экспорттой холбоотой дөрвөн том жишиг үйлдвэрийг Ховд, Булган, Архангай, Дорнод аймагт байгуулна. Мал аж ахуйн гаралтай экспортын бүтээгдэхүүн улирлын шинж чанартай байгаа. Эдгээр үйлдвэрийг байгуулснаар жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бүрдэнэ. Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад дууссан.

Гэрээ хэлцлийн ажлууд явагдаж байна. Захиалагч болон гүйцэтгэгч тал ойлголцож чадвал ирэх онд багтаан хэрэгжүүлнэ. Нийт 76 сая ам.долларын төсөл байгаа. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ. Төсөв нь бэлэн" хэмээн хариулав. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна