БАРИМТ: БАЙГАЛЬ ОРЧНЫ ТББ НААДМЫН урлагийн тоглолт зохион байгуулж, төлбөртөө 1.6 тэрбумыг авчээ

С.Гандэлгэр
2022/01/05

Өчигдөр /2022.01.04/ Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Засгийн газар, яамдын төлөөллөөс гишүүд асуулт асууж, мэдээлэл авав. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Цар тахлын хөл хорионы үед 1059 тоглолт, контент бэлтгэсэн гэнэ. Карентин 14, Ковидгүй зуны төлөө, Мэдээллийн урсгал гэх мэт. Энийг улсын төсвөөс хийгээгүй гээд тухайн үед яриад байсан. Иргэд өөрсдөө л хийж байгаа гээд байсан шүү дээ. Төсвөөс хийсэн юм уу энэ нэвтрүүлгүүдийг. Улсын төсвийн хэдэн төгрөгөөр хийсэн юм бэ ? "Шинэ үеийн нэгдмэл залуус" гэх ганц төрийн бус байгууллага руу НЗДТГ-аас гэхэд "Наадам зохион байгуулах" гэх утгаар 4.5 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Гэвч наадам болоогүй биз дээ. Тэр мөнгө хаачсан юм бүү мэд… Нэгхэн төрийн бус байгууллага руу ийм их мөнгө шилжүүлж байгаа юм чинь өөр хаашаа, хэрхэн мөнгө шилжүүлж, угаасныг хэн ч таашгүй" гэв. 

Тэгвэл Соёлын дэд сайд М.Батбаяр түүний асуултад: "10 их наядын хөтөлбөрт манай яамны шууд хариуцах гурван асуудал байсан. Ихэнхдээ нийгмийн сэтгэл зүйг дэмжих соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд байсан. Нийтдээ найман контентийг бэлтгэж 16 телевизээр бэлтгэж, 16 телевизээр давхардсан тоогоор 5.2 сая хүнд хүргэсэн. Мөнгө бол 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд зарцуулагдаагүй. “Наадам” контент дээр Ардын хувьсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас тодорхой хэмжээний зардал гаргаж зохион байгуулсан. 980 сая төгрөг байх." гэсэн юм. 

Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр Ардын хувьсгалын 100 жилийн ойг улс нийтээр тэмдэглээгүй. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа учраас баяр наадам зохион байгуулах нь зохимжгүй хэмээн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байв. 

Соёлын дэд сайд М.Батбаярын хэлж буйгаар наадам зохион байгуулаагүй ч контентод их хэмжээний мөнгө зарлагадсан байна. Тэгвэл 980 төгрөгийн төсөвтэй "Наадам" контентийн эргэн тойрондох дата, мэдээллийг та бүхэнд хүргэе. 

Энэ талаарх мэдээлэл шилэн дансны мэдээллийн санд "Улсын баяр наадмын комисс"-оос "Шинэ Үеийн нэгдмэл залуус" НҮТББ-ын дансанд 1.6 тэрбум гаруй төгрөг шилжүүлжээ. Тус НҮТББ нь"Ашгийн төлөө бус" байгальд ээлтэй ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжих зорилгот байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг баримталдаг аж. Өөрөөр хэлбэл Улсын баяр наадмын урлагийн тоглолт гэх агуулгаар байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-рүү мөнгө шилжүүлсэн байх нь.

/дата мэдээллийг хавсаргав/ 

"Шинэ Үеийн нэгдмэл залуус" ТББ-ыг П.Дэнсмаа гэх хүн удирддаг. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд нь З.Нямзул юм. 

Ашгийн бус ТББ, түүгээр зогсохгүй байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг ТББ-т Улсын баяр наадмын урлаг соёлын үйл ажиллагааг ямар нэг тендер, сонгон шалгаруулалтгүйгээр даатгасан нь хачирхалтай. 

Шилэн дансны мэдээлэлд тус ТББ-руу гурван удаа мөнгө шилжүүлсэн байх бөгөөд нийт дүн нь 1.636.9 тэрбум  болж байгаа юм. 2021 оны зургадугаар сард 994 сая, долдугаар сард 400, наймдугаар сард 240,9 сая төгрөг тус тус шилжүүлжээ. Түүнчлэн ямар нэг дэлгэрэнгүй тайлбар байхгүй нь мөн л анхаарал татаж буй. 

Нэмж дурдахад "Улсын баяр наадмын комисс"-ыг нийслэлийн захиргаанд байдаг юм.

/"Шинэ Үеийн нэгдмэл залуус" НҮТББ-руу мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргав/

Улсын бүртгэлд буй З.Нямзул гэх хүн нь Улсын драмын эрдмийн театрын маркетинг олон нийтийн харилцах хэлтсийн менежер З.Нямзул байж болзошгүй гэх таамаг байгаа.

Учир нь Тус төрийн бус байгууллагын фэйсбүүк хуудас нь Улсын драмын эрдмийн театрын мэдээллийг нийтэлсэн байсан нь тус театрын менежер З.Нямзул байх магадлалтай гэсэн хардлага үүсч буй юм. 

Тэгвэл З.Нямзул news.mn сайтад "Шинэ үеийн нэгдмэл залуус" төрийн бус байгууллагыг 2016 онд байгуулсан. Би найзуудтайгаа хамтран соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан юм. Наадмын тоглолтод гүйцэтгэгчээр ажилласан." гэжээ. 

Ингээд харвал “Шинэ үеийн нэгдмэл залуус” ТББ нь 2021 оны Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолт, арга хэмжээг зохион байгуулах нэрээр төсвөөс 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан болж таарч байна. Түүнээс гадна 2019,2020 оны Үндэсний их баяр наадмаар ч их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан гэх мэдээлэл байгаа юм. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.