М.Ганбаатар: Шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдана, гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

2022/01/06

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Тавантолгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт  нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэнийг бид өмнө нь мэдээллэсэн. 

Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: "Таван толгой түлш ХХК-ийн Нэгдүгээр үйлдвэрийн нэг шугамын хатаах шугамд 04:00 цагийн орчимд ассан галыг Онцгой байдлын газрын алба хаагчид 06:30 цагт унтраасан. Нэгдүгээр үйлдвэр нь дөрвөн шугамтай бөгөөд гал гарсан нэг шугам өнөөдрөөс ажиллагаагүй болж байна. Гэхдээ шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явж байгааг хэлье.

Тодруулбал, гал гарсан шугамын хувьд өдөрт 150 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байв. Энэ шугамыг нөхөх зорилгоор Зүүн бүсийн үйлдвэрийн нөөц шугамыг ажиллагаанд оруулсан. Тиймээс одоогоор нийт 640 цэгээс ирсэн 3,080 тонн түлшний захиалгын нийлүүлэлт хэвийн байна. Зүүн бүсийн үйлдвэрт ажиллах нөөц ажилчдыг бэлтгэсэн.

Таван толгой түлш ХХК нь шатах материал үйлдвэрлэдэг тул галын эрсдэлийн зэрэг маш өндөр байдаг, түлшийг 180 градусын халуунд хатаадаг бөгөөд температурт бага зэрэг өөрчлөлт ороход л түлш уугих болон асах эрсдэлтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрт гурван машин, 25 бие бүрэлдэхүүнтэй галын анги ажилладаг. Тухайн анги нь урд шөнө гал гарахад галыг нэмэлт хүч иртэл тухайн хэсэгт нь барьж тоноглол руу гал алдалгүйгээр унтрааж чадлаа. Гал гарсан шугамд үзлэг хийж дууссаны дараа буюу 14-20 хоногийн дотор нөхөн сэргээх боломжтой. Гал гарсан шалтгааныг холбогдох албаныхан тогтоохоор ажиллаж байгаа. Хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй" гэж мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна