Замын-Үүд Эрээний боомтоор төмөр замын тээвэрлэлт л хийгдэж байгаа

Х.Есү
2022/01/10

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, дэлхий дахинд дэгдээд байгаа цар тахлын шинэ хувилбарын энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцжээ.

Замын-Үүд дэх Гаалийн газраас өгсөн мэдээллээр, 2022 оны нэгдүгээр сарын 8-9-нд автозамаар тээвэрлэлт хийгдээгүй, мөн чөлөөт бүсээр зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрээгүй. Харин төмөр замын тээвэрлэлт хэвийн үргэлжилжээ.

Шадар сайд С.Амарсайхан: 

"Цар тахлын нөхцөлд хил, гаалийн үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг оруулах гарц, орцыг ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар байгуулж, миний бие даргалан ажиллах болсон. Тиймээс тантай уулзаж, Эрээн боомтод төвлөрсөн ачаа барааг яаралтай татан авах асуудлаар санал солилцож байна. Мөн чингэлэг тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэх хүсэлтэй байна.

Монголын талын бүх бэлтгэл хангагдсан, хилээр орж ирсэн ачаатай чингэлгийг 48 цагийн дотор буцаан гаргана. Цагаан сарын баяр дөхөж байгаа учир таныг эдгээр асуудлыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газарт уламжилж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байна" гэв.

Элчин сайд Цай Вэньруй: 
 "Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана. Цар тахлын нөхцөлд ажил хэргээ явуулахын тулд ойр ойрхон уулзаж, хил гааль, зам тээвэр зэрэг мэргэжлийн хүмүүсийг цахимаар хуралдуулж асуудлаа харилцан шийдвэрлэж ажиллах нь зүйтэй" гэдгээ илэрхийлжээ.








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна