Б.Өлзий-Орших: Сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зөвхөн бүжигтээ зориулдаг

2022/01/10

Ододтой бүжиглэедэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэг Монголд албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүрснээс хойш бүжгийн спортыг сонирхож дэмжих болсон хүүхэд залуучууд нилээдгүй ихэссэн болов уу. ХаринMoondanceхамтлаг бол бидний мэддэгээс хамаагүй урт хугацаанд бүжгийн спортоор хичээллэж, бусдад таниулж, түгээн дэлгэрүүлж дэлхийд өөрсдийн болон Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа авъяаслаг залуус билээ. Өнөөдөр бид нийтлэлийнхээ энэхүү буландMoondance хамтлагийн гишүүн, бүжгийн спортын ОУХМ Б. Өлзий-орших-ыг онцолж байна 

Юун түрүүнд ДАШТ-дээ амжилттай оролцож финалын цомын эзэд болсонд баяр хүргэе. Энэхүү тэмцээний талаар уншигчдад сонирхуулбал: 

-Баярлалаа. Герман улсын Бремен хотод болж өнгөрсөн энэхүү Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж дууслаа. 11-13 орны 13 баг тамирчид оролцсоноос манай хамтлаг уг тэмцээний цорын ганц Ази хамтлаг байдгаараа илүү онцлогтой. Энэхүү тэмцээн нь нийт 3 шаттай бөгөөд шат болгонд тэнцсэн тохиолдолд тухайн хамтлаг талбай дээр 3 удаа бүжиглэх боломжтой гэсэн үг. Манай хамтлаг сүүлийн 3 жил дарааллан талбай дээр 3 удаа бүжиглэж байгаа. Энэ нь Ази тивээ төлөөлж байгаагийн хувьд маш том бахархал гэж боддог. Мөн уг тэмцээн нь ковидын цар тахлын үед болж өнгөрсөн учраас зохион байгуулагч орны зүгээс халдвар хамгааллын дэглэмийг сахиж, тэмцээнийг маш эмх цэгцтэй, өндөр хариуцлагатай байлгах тал дээр их анхаарсан юм шиг санагдсан. 

Таны хувьд бүжгийн спортоор хичээллээд хэр удаж байгаа вэ? Анх яаж бүжигт дурлаж байсан тухайгаа дурсвал:

-Би бүжгийн спортоор хичээллээд 9 жил, 10 дахь сезонруугаа орж байна. Энэ хугацаанд 7 удаа дэлхийн аваргад оролцсон. Анх ШУТИС-ийн урлагийн наадамд оролцох үеэр манайд бүжиг заахаар ирсэн хүн Шинэ хамтлаг байгуулагдах гэж байгаа, цаашдаа бүжиглэх сонирхолтой юу?” гэж санал болгосноор анх Moondance клуб дээрээ ирсэн. Тэгэж л анх бүжгийн спортоор хичээллэж эхлээд гадаадын тамирчдыг үзэж, биеэ хэрхэн авч явж байгааг, хэрхэн бүжиглэж байгааг хараад аажмаар бүжигт хайртай болж, цаашдаа үргэлжлүүлэн хичээллэх их хүсэл, урам зориг авсан. 

Өнгөрсөн 7 удаагийн ДАШТ-д нийтдээ 1 тэрбум төгрөгийг тамирчид өөрсдөөсөө санхүүжүүлсэн. Хэрвээ Монголын баг тамирчид улсаас (жишээ нь: соёлын яам) ямар нэгэн байдлаар төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлвэл та бүхний цаашдын тэмцээн уралдаанд гаргах амжилтад хэрхэн нөлөөлөх вэ? Магадгүй санхүүгийн асуудлын улмаас оролцож чадалгүй алдаж байсан тэмцээн уралдаан байгаа юу?

-Манай хамтлагийн хувьд санхүүгийн асуудлаас болоод оролцож чадаагүй тэмцээн байхгүй. Бүгд бүжигтээ сэтгэл зүрхээ зориулдаг болохоор ямар нэгэн байдлаар зардал, санхүүгээ өөрсдөө зохицуулаад л явдаг. Жил бүрийн дэлхийн аваргад маш амжилттай оролцож аваргын эзэд болдог Герман, ОХУ-ын багууд ивээн тэтгэгчийн тусламжтайгаар санхүүгийн аливаа асуудал, эрсдэлгүйгээр бэлтгэлээ хийж , тэмцээндээ оролцдог. Хэрвээ манай улсаас төсвийн хувьд биднийг дэмжээд санхүүгийн асуудал бүрэн шийдэгдчихвэл манай тамирчид бүхий л сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зөвхөн бэлтгэлдээ зориулж, магадгүй дэлхийн аварга болох ч боломжтой. 

Бүжгийн спортоор хичээллэснээр хувь хүний зан төлөв, бие бялдарт ямар өөрчлөлт гардаг вэ?

-Бүжгийн спорт нь урлаг спорт хосолсон гэдэг утгаараа биеийн булчингийн тэнцвэртэй байдлыг хадгална. Урлаг талаасаа гэвэл биеэ зөв авч явдаг, эмх цэгцтэй, харьцааны соёлтой болдог. Спорт талаасаа бол тэнцвэрийн булчингаа их ажиллуулдаг учраас биеийн зөв пропорцтой болно. 

Хамтлагийнхаа багш, дасгалжуулагчид болон арын албаны ажилчдыг яриандаа дурдахгүй байхын аргагүй болов уу. Багш нарын чинь тамирчиддаа хамгийн их сургаж, зааж зөвлөдөг зүйл юу вэ? Бүжгийн спортын тамирчин гэдгээс гадна хувь хүний үүднээс үргэлж захидаг зүйл байдаг уу?

-Арын албаны ажилчид маань бүжгээс гадна бүхий л ажлыг маш сайн зохицуулж өгдөг. Гадаад руу тэмцээнд явахад арын албаны ажилчид маань тиз захиалга, байрлах байр, хоол унд гэх мэт бүхий л асуудлуудыг зохицуулдаг болохоор тамирчид бид зөвхөн бэлтгэлдээ төвлөрч чаддаг. Оюунбат, Саранхүү хоёр багшийн маань хувьд бэлтгэлийн үеэр зааж сургахаас гаднаҮргэлж өөрөөрөө, үнэн байх, хүн байхгэх мэт амьдралд хэрэгтэй маш олон зүйлийг захиж зөвлөдөг. Бид ч мөн зөвлөгөөг нь өөрсдөдөө тусган авч амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. 

Үндсэн мэргэжил нь бүжигчинээс өөр бол ажлынхаа хажуугаар цаг заваа зохицуулж бэлтгэл сургуулилтаа хийхэд хүндрэл асуудал гардаг уу? Таны хувьд ажил амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ? Мөн гэр бүлийнхний зүгээс дэмждэг үү?

-Манай хамтлагийн ихэнхи залуучууд өөр мэргэжлийн хүмүүс байдаг. Миний хувьд сантехникийн инженер мэргэжилтэй. Одоо бол өөрийнхөө хүслийн дагуу  бүжгийн спортоо нэг төрлийн мэргэжил болгоод ажил амьдралаа зохицуулаад явж байгаа учраас бэлтгэл сургуулилт хийхэд ямар нэгэн асуудал гардаггүй. Гэр бүлийнхэн маань ч бас намайг маш сайн дэмжиж, ойлгодог 

Тэмцээний талаар яриагаа үргэлжлүүлье. Саяны дэлхийн аваргын тэмцээнд хэр удаан хугацаанд бэлдсэн бэ? Өдөрт хэдэн цагийг бүжгийн бэлтгэлдээ зарцуулсан бэ

-Бэлтгэлээ 9 сараас хийж эхэлсэн. Бэлтгэлийн эхний 1 сардаа 21:00-24:00 цаг хүртэл бэлтгэлээ тогтмол хийдэг байсан. Дараагийн саруудад бэлтгэлийн хугацаагаа сунгаж өдөрт 4-6 цаг бэлтгэл хийсэн. 

Өөрийнхөө анх удаа оролцож байсан олон улсын тэмцээнийхээ тухай дурсвал? Их сандрал, айдас мэдрэгдэж байсан болов уу

-Миний хамгийн анхны олонулсын тэмцээн бол 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Анх удаа олон улсын тайзан дээр гарахдаа мэдэрсэн тэр их сандралыг үгээр илэрхийлэх боломжгүй байх. Тухайн үед өөртөө тайзан дээр гараад хийх ёстой зүйлээ л хийгэж хэлсэн. Дэлхийн аваргад оролцоно гэдэг нь нэг талаараа маш том үүрэг хариуцлага, том ачааг үүрэлцэж яваа боловч нөгөө талаараа маш нэр төрийн хэрэг байсан учраас сандралаас гадна сэтгэл хөдөлгөм, огшсон, сайхан мэдрэмж төрүүлсэн. 

Moondance хамтлагийн цаашдын зорилго юу вэ? Мөн бүжгийн сургалтынхаа талаар мэдээлэл өгвөл? 

-Манай хамтлагт ойрын, туйлын гэх мэт маш олон зорилгууд байгаа. Тэр дундаас өөрсдийн хичээллэж буй энэ төрлөөрөө дэлхийн аварга болж, дэлхийн тайзан дээр Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэх нь бидний өмнөө тавьсан хамгийн том зорилго. Бүжгийн сургалтын хувьд гэвэл би хувиарааUniq dance studio” нээгээд 2 сар болж байна. Бага нас, өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн ангиллаар бүжгийн спортын латин төрөлд сургалт явуулж байгаа. 

Бүжиглэхэд төрөлхийн авъяас шаардлагатай байдаг уу? Эсвэл тууштай бэлтгэл хийсний үр дүнд бүжиглэх ур чадвартай болдог уу?

-Төрөлхийн авъяас гэхээс илүүтэйгээр тууштай бэлтгэл, хөдөлмөр гаргаж байж үр өгөөжөө хүртэнэ. Төрөлхийн авъяастай хэрнээ бэлтгэл хийхгүй бол ямар ч үр дүнгүй. Тиймээс байнгын бэлтгэл сургуулилт хийснээр бүжигчний ур чадвар илүү дээшилдэг. 

Бүжгийн спортоор хичээллэхээр сонирхож буй залуус нэг зүйлийг их сонирхож байгаа байх. Мэдээж хүн болгоны хувьд суралцах хугацаа харилцан адилгүй байх. Ойролцоогоор хэр удаан хичээллэж байж тамирчин болох вэ? Moondance клуб-ын сургалтанд сурснаар цаашдаа хамтлагийн гишүүн болох боломжтой юу?

-Бүжгийн спортоор хичээллэхээр сонирхож байгаа залуусдаа зөвлөхөд хүн өөрөө тухайн зүйлдээ хэдий чинээ сэтгэл гаргаж тууштай бэлтгэл хийнэ, төдий чинээ хурдан үр дүн гарч ур чадвар нь нэмэгдэнэ. Moondance клубын сургалтанд хамрагдаад, цаашдаа бүжигтээ сэтгэл зүрх гаргаж, тууштай, чадвартай байж чадвал манай хамтлагийн гишүүн болох боломжтой. 

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны болон танай хамтлагийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье. 

-Ярилцлагадаа урьж оролцуулсанд маш их баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна