Сурвалжилга: Хил хаагдах сургаар "ченжүүд" дурын үнээ тогтоодог

Админ
2022/06/16

Дэлхий даяар Ковид-19 халдвар тархаад хэдийн хоёр жилийг ардаа үджээ. Энэхүү хугацаанд хөрш орнуудын маань хил гааль хичнээн удаа хаагдаж нээгдсэнийг тааж мэдэхгүй. БНХАУ-ын хил хаагдах бүрт бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, хил нээгдэх үед буцаад хэвийн болдог нь нэгэнт хэвийн үзэгдэл болжээ.

ГХЯ-ны хилийн хэлтсийн дарга Д.Болд: “Эрээн талаас тээвэр зохион байгуулалт үндсэндээ энэ сарын 15-наас хойш зогсох эрсдэл үүсэж байна. Эрээн хотын шуурхай штаб тодорхой шийдвэр гаргаад зөвшөөрөл өгсөн тохиолдолд нарийн ногоо өдөрт 10 чингэлгээр яваад эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байна” хэмээн мэдэгдэл хийсэн нь саяхан.

Хил хаагдах үед нийлүүлэлт багасаж эрэлт ихэссэнээр үнэ дагаж нэмэгдэнэ. Энэ нь эдийн засгийн энгийн ойлголт. Гэсэн хэдий ч “ченж” гэж дуудагддаг зарим худалдаачид хил хаагдах сургаар нарийн ногооны үнэ нэмдэг, зохиомлоор хомстол үүсгэдэг гэх иргэдийн хардлага байдаг. Энэ талаар сурвалжлахаар БЗД-т байрлах Амгалан захын зорьлоо.

Өмнө нь 95000-гаар авдаг байсан усан үзэмийг одоо 150000-гаар авдаг болсон”

Худалдаа эрхлэгч 1: “Худалдаа эрхлэгчдээс илүү бараа бүтээгдэхүүнийг дамнан борлуулж буй хүмүүс үнээ огцом нэмснээс болоод үнийн хөөрөгдөл болж байна. Хил хаагдсанаас болж барааны үнэ дор хаяж нэг дахин нэмэгдсэн. Хил хаагдаад барааны хомсдолд орохоороо байгаа бараа нь үнэтэй болчихдог мөн өмнө нь асуудалтай байсан бараануудаа хомсдолтой байгаа бараандаа дагуул болгоод зарчихдаг. Өмнө нь 95000-гаар авдаг байсан хайрцаг усан үзэмийг одоо 150000-гаар авдаг болсон, тэр байтугай өчигдөрхөн шуудай төмс 56000-гаар авж байсан ч өнөөдөр гэхэд 70000-гаар авч байна. Маргааш хэдээр авахаа ч мэдэх юм алга. Худалдан авагчид ч эрс багассан болохоор бараагаа муутгахгүйн тулд бараг авчирсан үнээрээ эргүүлээд зарж байна, ямар ч ашиг байхгүй. ”

Худалдаа эрхлэгч 2: “Манайхаас үнэ нэмээд байсан зүйл байхгүй ээ. Харин ч ченжүүд өмнөхөөсөө 1-2 дахин нэмж зардаг. Иргэдийн худалдан авалт эрс багассан энэ үед үнэтэй авсан бараагаа муутгахгүй зарахын тулд өөрсдөө ч бараг ашиг нэмэхгүй зарж байна. Зарим иргэд үнийг нь сонсоод яваад өгнө, зарим нь уурлаж үг хаяна. Олж ирсэн хэдхэн ногоогоо зарчихвал өөр хүсэх зүйл алга даа“

Авч байхаар бараг идэхгүй байсан нь дээр”

Худалдан авагчид буюу иргэдээс үнийн тогтворгүй байдал, үнэ хөөрөгдлийн талаар бодлыг нь сонслоо.

Иргэн 1: “Аль нэг хөршид асуудал гарахад манай улсад барааны үнэ огцом өсчихдөг. Орос дайн эхлүүлсэн ч, Хятадад баяр боллоо ч манай улсад үнэ өсчихдөг. Өөрсдөө үйлдвэрлэгч орон биш болохоор хөрш орнууддаа боолгож байна. Өөрсдөө хашаандаа ногоо тарьж болдог бол, газрын зөвшөөрлийг нь асуудалгүй гаргаад өгчихдөг, айл бүр жижиг аж ахуй эрхлэх боломжийг нь олгоод өгчихвөл амар байхсан. Зарагдаж байгаа хүнсийг ч итгэл төгс идэх арга алга. Юугаар ч тарьсан юм, юутай ч хольчихсон юм мэдэх арга алга”

Иргэн 2: “Хомсдол үүссэнээс болж дотоодын ногооны үнэ хүртэл нэмэгдчихдэг. Ямар ч ялгаа байхгүй. Төрөөс заасан хуулийн зохицуулалт байдаггүй болохоор хүссэн үнээ хэлж зардаг. Бараа бүтээгдэхүүнийх нь үнэ өдрөөс өдөрт нэмэгддэг хэрнээ ард иргэдийн цалин ердөөсөө ч нэмэгдэдгүй. Нэмэгдсэн байлаа ч тэрийг нь дагаад дахиад л үнэ өсчихдөг. Наад захын жишээ гэвэл тэтгэвэр жоохон нэмэгдэх сураг гарсан чинь л маргааш нь хамаг юмны үнэ нэмэгдчихсэн байсан. Дээрээс нь одоо гадуур зарагдаж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдэд итгэх арга ердөө ч алга. Авч байхаар бараг идэхгүй байсан нь дээр. Зарим ногоо нь бүр олдохоо больчихсон”

Дан ганц худалдан авагчид гэлтгүй худалдаа эрхлэгчид ч туйлдаа хүрчээ. Дамнан борлуулж буй “ченж” гэгдэх хүмүүсийн зоргоороо нэмж буй үнийг хаа хаанаа дийлхээ больж, туйлдаа хүрцгээж байна. Хэн дуртай нь хүссэн үнээ хэлээд тавьдаг болсон энэ үед төрөөс заасан хуулийн зохицуулалт, хяналт дутагдана.

Хэзээ дахиад хил хаагдах бол, энэ удаад үнэ хэр их өсөх бол гэх санаа зовнил худалдаа эрхлэгч, худалдан авагч гээд хэнийг ч ялгалгүй бүгдийг зовооно... 

Хил нээгдэх үед үнэ хуучин хэвэндээ ордог ч удалгүй дахиад л хил хаагдаж үнэ нэмэгдэнэ.

Яг л үнэ хөөрөгдүүлдэг худалдаачид хил хаагдахыг отож хүлээдэг биз гэлтэй. Хэзээ энэ өсөж буурдаг тойргоосоо гарч, тогтсон хуулийн заалттай болж, хэн хүссэн үнээрээ хөөрөгдөл үүсгэхээ болих вэ? Магад хариуцаж ажилладаг яам тамгын газрууд нь үүрэгт ажлаа хангалттай хийж, хяналт шалгалтаа сайжруулсан хойно байх.

С.Анужин



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах
  • 66.181.161.36
    2022/06/16

    Идэх алба уу.

    Хариулах