“Хүний оюун ухаан хэзээ ч тэтгэвэрт гардаггүй юм”

Админ
2022/09/26

МУИС-ийн Ахмад багш ажилчдын нэгдсэн холбооны тэргүүн, хуульч, өмгөөлөгч Ж.Жавзандуламыг “Амьдралын тойрог” буландаа урьж, ярилцлаа.

"ТЭШИГИЙН СУРГУУЛЬ МИНЬ"

МУИС энэ жил 80 дахь намраа үдэж байна. Энэ сургуулийн олон арван жилийн түүхийг бичилцсэн, одоо ч бичсээр яваа Жамбаачүлтэмийн Жавзандулам хэмээн эгэл хэрнээ эгэлгүй нэгэн эмэгтэйг зорин очиж, амьдралын түүхийг нь сонирхон ярилцсан юм. Намрын уйтайхан өдрүүдийн минь нэгэнд энэ л эмэгтэй гал цог асааж, халуун дулаан мэдрэмж хайрлалаа. Ж.Жавзандулам багшийн  ажил амьдралыг зөвхөн МУИС-тай холбож ойлгоход тун дутмаг.  Тэрбээр сургуулийнхаа ахмад багш нарын холбоог тэргүүлэхийн зэрэгцээ, багш, хуульч, өмгөөлөгчөөр ажилладаг.  Бас нэг гоёхон зүйл нь дууны шүлэгч, яруу найрагч,  хөгжимчин. Сайн ээж, сайн хань.  Энэ олон ажлыг нэгэн зэрэг амжуулагч гэхээр эгэлгүй нэгэн байх нь гарцаагүй биз ээ. Түүний амьдралын түүх Булган аймгийн Тэшигийн сургуулиас эхлэлтэй. 

“...Үүлс уулс сүндэрлэсэн

Уран байгальтай нутаг минь

Ухаан бодлыг тэлсэн

Учралт сайхан сургууль аа

Тэшигийн минь сургууль

Тэртээх багын дурсамж

Тоонот гэрийн минь голомт

Тоглож өссөн нутаг аа....” хэмээн тэрбээр төгссөн сургуульдаа зориулан шүлэглэсэн нь хожмоо Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр ая хийж  “Тэшигийн минь сургууль” дуу бүтжээ.   Одоо энэ бүтээл нь  Булган аймгийн Тэшиг сумынханы сүлд дуу болж, үеийн үед эгшиглэж байна.  Ж.Жавзанзандулам гуай энэ тухайгаа  “Намайг бага сургуулиа төгсдөг жил Тэшиг сум найман жилийн сургуультай болсон. Би сумынхаа найман жилийн сургуулийн анхны төгсөгч юм.  Энэ нь миний амьдралын нэгэн сайхан хувь тохиол юм даа.  Тухайн үед Багшийн дээд сургууль төгссөн шижигнэсэн залуу багш нар Тэшиг суманд ирж, анхны найман жилийн сургуулийг төгсгөсөн. Одоо сургуулийн минь хүндэт самбарт зураг хөрөг минь байдаг.  Тэшигийн сургуульд үдсэн миний бага нас амьдралын зам мөрийг зөвөөр замнахад их нөлөөлсөн дөө” гэв. Тэрбээр Булган аймгийн Тэшиг сумын нутаг Харгал нуурын хаяанаа  Хойд булаг гэдэг газар төрж өссөн хүн.  Ж.Жавзандулам гуайн нутгийн байгалийн сайхныг биширч барамгүй биз ээ.

 "ААВ ЭЭЖИЙН ХҮМҮҮЖЛЭЭС ЭХТЭЙ АМЬДРАЛЫН УХААН" 

Ж.Жавзандулам гуайн аав  Жамбаачүлтэм, ээж Гажид нар нь  малчин хүмүүс. Тэднийх зургаан хүүхэдтэй.  Түүний дүү Ж.Дашдаваа,  Ж.Эрхэс нар нь докторын зэрэг хамгаалсан бөгөөд ер нь аав ээж нь үр хүүхдээ бага балчир наснаас нь амьдралын ухаанд сургахыг зэрэгцээ эрдэм номын мөр хөөлгөжээ.  Тэрбээр “Бид аав ээжийнхээ ажилсаг, хөдөлмөрч байдлыг өвлөсөн.  Амьдралдаа арчаатай байх, хүнтэй зөв харилцах ухаанд суралцсан.  Мөн монгол ёс заншлыг ямар нэгэн аргаар л бидний толгойд суулгаад байсан. Миний аав ээж буддын шашинд их ойрхон хүмүүс. Аав минь Жамбаачүлтэм гээд бурханы нэртэй. Ах дүү нарт маань дандаа бурханы нэр хайрласан. Цэрэндулам, Жавзандулам, Дашдаваа, Дашням, Дашбалжир гэдэг нэрнүүд хайрласан. Энэ бол аавын маань бурхан шашны ном үзэж байсны утга бэлгэдэл юм даа. Миний нэр гэхэд урт настай Ариунбогд гэсэн агуулгатай юм билээ.  Харин ээж минь их дайчин эрэмгий хүн байжээ.  Дуу сайхан дуулна. Эмнэг морь хүртэл сургачихдаг байлаа. Ер нь аав ээж минь Харуулынхан гаралтай хүмүүс. Хил хязгаарын ойролцоо амьдарч,аж төрж байсан хүмүүсийг “Харуулынхан” овгийнхон гэдэг байсан юм билээ” гэв.

 "СЭТГҮҮЛЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙСАН Ч ХУУЛЬЧ БОЛСОН ТҮҮХ" 

Ж.Жавзандулам гуай шүлэг бичих сонирхолтой, урлаг, уран зохиолд их ойрхон өсчээ. Тэр ч утгаараа сэтгүүлч болно гэж боддог байж. Ер нь тэр үеийн хүүхдүүд уран зохиолын ном их уншдаг байсны тусгал нь Ж.Жавзандулам гуай гэж хэлж болохоор. Мөн багаасаа бүлгийн дарга, пионерийн идэвхтэн гэсэн сонгуульт ажилтай. Багш нар нь ч түүний идэвх зүтгэлийг үнэлж, урам зориг хайрладаг байсан нь  ирээдүйн  Ж.Жавзандуламыг бүтээхэд тус нэмрээ хайрласан гэлтэй.  Ингээд тэрбээр нутагтаа найман жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирж 24 дүгээр сургуульд суржээ. Түүний хүргэн ах том хуульч хүн байж.  Тэр цаг үеэс л уран зохиолын номонд шимтдэг байсан сурагч охины сонирхлыг хуулийн номнууд татдаг болсон гэдэг.  Тэрбээр энэ тухайгаа “Ахын маань ном бүтээл голдуу хуулийн сэдэвтэй.  Гэмт хэргийн талаар ч номууд их байсан.  Түүнийг их уншдаг.  Тэр л үеэс хуульд их сонирхолтой болж, хуульч мэргэжилд хөтлөгдөж эхэлсэн дээ” гэв. Ингээд МУИС-ийн Хуулийн ангид тэнцэж, элсэн орсноор түүний ажил хөдөлмөрийн гараа эхэлжээ. Их сургуулиа төгсөөд Шүүх яамны харьяа Хууль, цаазын дунд сургуульд багшаар томилогдож, тэнд 12 жил багшилсан. Тэрбээр “Тухайн үеийн хууль цаазын дунд сургууль  маань их нэр хүндтэй том сургууль байсан.   Хуулийн дунд мэргэжлээр улс орны хэмжээнд маш олон хуульч бэлтгэсэн дээ.  Нөгөө талаар манай сургууль хүний хүмүүжил соёл боловсролд их анхаарна.  Нэгэн үе хуулийн сургууль биш урлагийн сургууль боллоо гэдэг яриа ч гарч байв.   Анх намайг очиход ОХУ-д Тагнуулын сургууль төгссөн Бүдханд гуай захирлаар нь ажиллаж байлаа.  УИХ-ын гишүүн  асан Ч.Отгонбаяр бид хамт нэг жил багшаар очсон.  Хуулийн дунд сургууль маань УДЭТ-ын хашаанд байсан.  Тэр үед Бүдханд захирал намайг шууд л эвлэлийн хороон даргаар томилсон.  150 хүн хариуцаж ажиллаж, тэр үеэс зохион байгуулах ажил маань эхэлж хөгжсөн гэж боддог юм. Мөн миний халамжлан хүмүүжүүлэгч багшаар Ардын жүжигчин Ю.Оюун гуайн аав Юндэндорж гэж мундаг хүн ажилласан.  Тэр хүнээс орос хэлнээс эхлээд хүн байхын ухаан гээд маш их зүйл сурсандаа даа олзуурхаж, баярлаж явдаг даа” гэв.

 "МИНИЙ АМЬДРАЛЫН 43 ЖИЛ МУИС-Д ӨНГӨРЧЭЭ"

Монгол Улсад хууль зүйн салбар үүссэн түүх нь 1950 оноос эхтэй.  МУИС-ийн хувьд 1960 оноос дээд мэргэжлийн хуульч бэлтгэжээ.   Энэ л он цагийн хэлхээнд Ж.Жавзандулам гуай багш мэргэжлээрээ ажиллаж,  олон хуульч “төрүүлсэндээ” баярлаж явдаг.  Өнөөдөр ч тэрбээр хуулийн ангийн оюутнуудад хичээлээ заасаар явна.  Тэрбээр “1990 онд Ардчилсан хувьсгал ялж, 1992 оны Үндсэн хуулиар дээд мэргэжлийн хуульчдыг бэлтгэх асуудал эрх зүйн хувьд бүрэн шийдэгдсэн.  Хуульч боловсон хүчин бэлтгэх арга хэмжээний тухай Төв хорооны тогтоол батлагдаж, тэр тогтоолоор Хууль цаазын дунд сургуулийг  МУИС-ийн  Хууль зүйн сургуультай нэгтгэсэн. Тэндээс дөрвөн хүнийг л  МУИС-д томилж үлдээсэн байдаг юм.  Тэр үед нам төвтэй аппарат ажиллаж байсан учраас намын дарга Цэрэн багш, Хувьтөгөлдөр захирал, Алтанцэцэг багш бид дөрөв МУИС-д ирж нэгдсэн.  Би 1979 онд өөрөө МУИС-ийн хуулийн ангийг төгсөж байлаа. 12 жилийн дараа эргээд МУИС-даа очсон минь их сайхан хувь заяа юм.  Бид сургуульдаа ирээд МУИС-ийн салбар сургууль болох Хууль зүйн сургуулиа байгуулж, өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж байна.  Миний амьдралын 43 жил энэ сургуульд өнгөрчээ” хэмээв.  Хуулийн ажил ажил гэдэг бусад мэргэжлээсээ их түгээмэл. Гэсэн атлаа хамгийн чухал мэргэжил.  Хүний амьдралтай харьцдаг учраас хуульч хүнээ ч маш зөв аргаар бэлтгэх шаардлагатай.  Өндөр хөгжилтэй орнуудад төр нь бодлогоор бэлтгэдэг. Харин манайх 1990 оноос бодлого тааруу явж иржээ.   Хувийн сургууль олноор байгуулагдаж, тэнд маш олон хуульчдыг бэлтгэжээ.  Хувийн сургуулиуд айхтар хөгжсөн байсангүй.  Материаллаг бааз, оюун санааны ёс суртахуун талаасаа ч төлөвшөөгүй, шууд л хуульчдыг төгсгөөд байсан.  Энэ нь өнөөдрийн манай хуулийн салбарын гол гажуудал болж байна гэдгийг тэрбээр онцолж байлаа.

 "АХМАД БАГШ НАРАА ХӨГЖҮҮЛМЭЭР БАЙНА"

Ж.Жавзандулам гуай 2017 онд тэтгэвэртээ гарахдаа ч  нэг том даалгавартай гарсан.  Энэ нь 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Ахмад настаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн.  Хуулийн дагуу МУИС-ийн ахмад багш нарын нэгдсэн холбоог байгуулж, тэргүүнээр нь ажиллах даалгавар авчээ.  Түүнээс хойш таван жилийн хугацаанд энэ албан тушаалд ажиллаж, удахгүй ажлаа тайлагнах баярын хурал хүндэтгэлийн тоглолтоо хийх гэж байгааг дуулгахад таатай байна.  Түүний тэргүүлдэг холбоонд 580 гаруй ахмад багш нар хуульчид бий. Тэрбээр “Манай ахмадуудад маань маш их хүч нөөц бий.  Би ажил мэргэжлийнхээ шугамаар 570  гаруй ахмадын ажлын түүхийг эмхэтгэж байна.   Тэдний түүхийг, бүтээл санаануудыг харахад төр засаг ашиглах зүйл их байна. Хүний нас тэтгэвэрт гарахаас биш оюун ухаан тэтгэвэрт гардаггүй юм.  Тэгэхээр ахмадуудыг ялгаварлан гадуурхаж болохгүй. Тэд туршлагатай учраас залуучуудаас илүү санаа, санаачлагатай.  Улс орны хөгжилд нэмэр болж, аливаа асуудлыг маш амархан шийдчихмээр санаа бодолтой багш нар ч бий. Даанч тэднийг сонсохгүй хүлээж авахгүй юм.  Бид ахмад үеэ ашиглах хэрэгтэй шүү”  гэв.  Мөн бидний үед хичээл заахдаа хүүхдийн хүмүүжлийг их чухалчилдаг байжээ.  Ардчиллын үед хүмүүжил гээд ярихад хоцрогдсон юм ярилаа гэдэг байв. Харин өнөөдөр хүмүүжил гэдэг зүйл ямар чухал байсныг ойлгож байна. 

Бид хамгийн  чухал зүйлээ орхигдуулж иржээ. Ардчилал гэдэг маань хүн төвтэй, хууль засагладаг, төрөөр удирдуулдаг байх ёстой гэсэн гурван зарчмыг бид нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихдээ ойлгож хэрэгжүүлсэн.  Гэтэл энэ гурван зарчмаас нэг зүйл алдагдаж ирсэн нь хүн төвтэй байх тухай ойлголт юм.  Бид нам төвтэй явсаар ирсэн байна.  Нам л яриад байдаг хүний хүмүүжил ярихаа больж.  Энэ байдал 30 жил үргэлжиллээ. Одоо балаг нь гарч эхэлсэн байна. Одоо бид буцаад нөгөө хүний ёс суртахуунаа ярьж, сургаалиа айлдах хэрэгтэй болж байна.

Энэ гажуудлыг ахмадууд маань л засаж чадна” гэдгийг  Ж.Жавзандулам багш маань хэлж байна.  Мөн “Ахмадууд маань хүн хувь талдаа хөгжих ёстой. Өөрийгөө анхаарч боловсруулах ёстой юм байна. Тухайлбал, Ахмадууд компьютер, техник дээр чөлөөтэй ажиллаж чадахгүй байна.  Боловсролын хуульдаа насан туршийн боловсрол эзэмшүүлнэ гэж заасан учраам ахмадуудыг энэ тал дээр хөгжүүлмээр байна” гэлээ.

 "Ю.ЦЭДЭНБАЛ ГУАЙГ ЦАГААТГАСАН ӨМГӨӨЛӨГЧ"

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг цагаатгасан шийдвэр гаргасан юм.  Ж.Жавзандулам гуай энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажилласан.   Тэрбээр “Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан. Эдгээр хүнийг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг байхгүй байв. Харин энэ удаа шүүхийн шийдвэрээр цагаатгасан.  Шүүх хурлын дараа Ц.Зориг ирж баярлаж буйгаа илэрхийлсэн.  Энэ миний мундаг сайн өмгөөлөгчийн хэрэг огт биш.   Сайхан хувь тохиол болсон” гэж байв.

Шүлэг, яруу найраг Ж.Жавзандулам гуай амьдралын нэг хэсэг. Дууны  яруу найргын чиглэлээр тэрбээр 18 дуу бүтээсэн нь олонд хүрчээ.  Тухайлбал,  МҮЭ-ийн сүлд дуу, “Эгийн гол минь”, “Сайхан буурал аав минь”  хамгийн сүүлд оюутнууддаа  зориулж, “Багш бидний бахархал” гэсэн дуу хийснийг нь  Гавьяат жүжигчин Ч.Өлзий-Орших гуай ая хийгээд өөрөө дуулсан байдаг.  Мөн  шүлэг яруу найргаас гадна гитар, аман хуур, шанз зэрэг хөгжим сайхан тоглодог гэдгийг шавь нар нь төдийгүй хууль зүйн салбарынхан андахгүй.  Ардын жүжигчин Б.Жавзандуламтай нэг нутаг, найз нөхөд.  Хоёр Жавзаагийн зуслан Булганы Ингэтэд байдаг. Тэд хамтдаа тайзнаа ч хорших дуртай гэдэг.

Түүний хань хурандаа Г.Дугарсүрэн, охин Д.Өлзийбилэг. 1981 он.

Тэднийх гурван хүүхэдтэй.  Түүний гэр бүлийн хүн БХЯ-нд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Г.Дугарсүрэн гэж хурандаа цолтой хүн бий.  Дорнод аймгийн Баян-Уул сумын буриад хүн. Тэрбээр Киевийн Артиллерийн дээд сургууль, ОХУ-ын цэргийн академийг төгссөн дээд мэргэжлийн офицер юм. Том охин Д.Өлзийбилэг нь МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Байгаль орчны чиглэлээр ажиллаж байна. Бага охин Д.Мөнхбилэг маань МУИС-ийн даатгалын ангийг төгссөн.  Бага хүү Д.Цогтнаран маань МУИС-ийн хуулийн анги төгссөөд Францын легонарын армид алба хаасан.  Тэндээ ажиллаж амьдардаг.  Ж.Жавзандулам гуай хүү маань миний мэргэжлийг эзэмшсэн ч гэлээ аавынхаа зам мөрөөр цэргийн хүн болсон” гэв. 

Ийнхүү эгэл хэрнээ эгэлгүй нэгэн эмэгтэйг онцолж, цаг гаруй хугацаанд хамтдаа хөөрөлдлөө.  Амьдрал баялаг ажээ.  Баялаг болгох эсэх нь мөн тухайн хүний зан араншин, хүмүүжил, ёс суртахуун, хүсэл сонирхол зэрэг олон зүйлээс шалгаалах юм даа. Ж.Жавзандулам шиг баялаг оршихсон хэмээн бодож ажлын зүг алхав.

Хоёр Жавзаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 185 (6917)




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.185
    2022/09/27

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах