ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу бослогоос хойш анх удаа олон нийтийн өмнө гарлаа

2023/06/27

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр ард түмэндээ хандаж үг хэлжээ. Түүндээ өнгөрсөн амралтын өдрүүдээр үүссэн нөхцөл байдал, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа иргэдэдээ мэдээлэл өгсөн байна. Түүний хэлсэн үгийг орчуулан хүргэе.

Тэрбээр үгээ "Юуны түрүүнд, цорын ганц зөв шийдвэрийг гаргасан “Вагнер”-ын цэрэг, удирдлагуудад талархаж байна. Тэд ах дүүсийнхээ цусыг урсгаагүй. Өнөөдөр харин Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулснаар Орос улсад үргэлжлүүлэн үйлчлэх боломжтой боллоо. Гэхдээ хүсвэл хууль сахиулах байгууллагад орж болно, эсвэл төрөл төрөгсөд, найз нөхөддөө буцаж очсон ч болно. Беларусь руу ч явж болно. Ямартай ч та бүхэнд өгсөн миний амласан амлалт биелэх болно. Харгин сонголт та нарынх” гэж эхлүүлсэн байна.

Улмаар цааш нь, “Вагнер”-ын армийн дайчид, командлагчдын дийлэнх олонхи нь ард түмэн, төрийнхөө төлөө үнэнч зүтгэлтэй эх орончид бөгөөд үүнийгээ Донбасс, Шинэ оросын газар нутгийн чөлөөлсөн дайны талбарт эр зоригоороо нотлон харуулсан” хэмээн магтжээ.

Мөн цэргүүдийг ашиглахыг хүссэн харанхуй хүчин байсан учраас асуудлыг цус урсгалгүй зохицуулах үүднээс анхнаас нь өөрөө оролцож, бүхнийг зохион байгуулсан гэжээ. Тодруулбал, үүсч болзошгүй эрсдэлийг саармагжуулах, үндсэн хуулийн дэг журам сахиулах, иргэдийн амь нас, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх шийдвэрийг гаргасан гэсэн байна. Мөн алдаа гаргасан хүмүүст буюу “Вагнер”-ын цэрэг, удирдлагуудад хийсэн үйлдэл нь Орос орны хувьд ямар эмгэнэлтэй, сүйрлийн үр дагавар дагуулж болохыг эргэцүүлэн бодох боломжийг олгох тал дээр анхаарсан гэжээ.

Гэхдээ "Зэвсэгт бослого ямар ч тохиолдолд дарагдах байсан" гэдгийг онцолсон байна.

Мөн бослогыг уриалсан, зохион байгуулсан хүмүүс байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, тэд эх орноосоо урваж, элэг нэгтнүүдээ хөнөөхийг уриалсан гээд, хэрвээ дайчид тэдний үгэнд орсон бол манай дайснуудын хүсэл биелэх байсан. Гэсэн ч тэд буруу тооцоолсон. Босогчдын замд саад болж, үүрэг, тангарагтаа үнэнч, ард түмэндээ үнэнч байсан манай бүх цэргийн алба хаагчид, хууль сахиулах байгууллага, тусгай алба хаагчдад талархаж байна. Амиа алдсан баатар нисгэгчдийн эр зориг, амиа золин тэмцсэн тэмцэл Оросыг эмгэнэлт, сүйрлийн аюулаас аварсан юм" гэж В.Путин онцолжээ. В.Путин мөн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод нөхцөл байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд оруулсан хүчин чармайлт, хувь нэмрийг нь үнэлж талархал илэрхийлсэн байна.

Дараа нь тэрбээр бослогыг зогсоосон Зэсвэгт хүчний удирдлагуудыг хүлээж авч уулзсан. Уулзалтад БХЯ-ны сайд С.Шойгу оролцож, хэрэг явдал эхэлснээс хойш анх удаа олон нийтийн өмнө гарчээ. Уулзалтын үеэр В.Путин мөн тэдэнд бослогыг зогсооход хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлжээ.

Сануулбал, Е.Пригожины “Вагнер” группын дайчид ОХУ-ын дотогш нэг хоногт 780 км нэвтэрч, Мосмквагаас 200 км хүрэхгүй зайд хүрч ирсэн. Энэ явцад ОХУ-ын арми зургаан нисдэг тэрэгээ нисгэгчийн хамт алдсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.