Англиар уншиж ойлгоод байдаг ярих гэхээр болж өгөхгүй л байна уу?


Өнөөдөр хүн бүр л өөрийгөө ямар нэг байдлаар хөгжүүлэх хүсэлтэй болсон цаг. Нэн ялангуяа хөгшин, залуугүй англи хэл их бага хэмжээгээр сурах шаардлага бидний эргэн тойронд бий болсоор байгаа билээ. Утас, зөөврийн компьютерээ ашиглахаас эхлээд интернэтээс хэрэгтэй мэдээллээ авах, гудамжаар зөрөх жуулчинд хүртэл зүг чиг заагаад өгчих хэмжээний англи хэлтэй болчих, цаашлаад мэргэжлийн салбар бүр англи хэлний тодорхой түвшинтэй байхыг шаардаж байна шүү дээ. Өнгөрсөн үед хэл сурах нь өөрийн үнэ цэнийг өсгөх боломж байсан бол одоо ядаж нэг хэлийг эзэмшсэн байх нь хэрэгцээ, шаардлага болжээ. Гэтэл англи хэл мэдээд ч байгаа юм шиг тулаад хүнтэй ярих гэхээр гацаж түгдрээд мэддэггүй ч юм шиг хоёрын хооронд явсаар л байна уу? Хэрэв тийм бол чи хэлийг хэрэглээгээ болгож тогтмол ашигладаггүй, дурлаж сурдаггүй л хүмүүсийн нэг байна даа. Англи хэл ч бай, монгол хэл ч бай хэл бол хэл шүү дээ хүүхэд хэлд орохдоо дүрмээ үзээд бичиж сурчаад ярьж эхэлдэггүйтэй адил аливаа хэлээр сайн ярьдаг болох гол түлхүүр бол тогтмол ашиглахад л байгаа юм. Тогтмол ярья гэхээр ярих хүн байхгүй, гадаад найз байхгүй орчин нь байхгүй гэж гомдоллосоор сурсан сураагүйн хооронд үлдэж л болдоггүйм шүү. Иймээс чамд зориулаад дараах хэдэн зөвлөгөөг бичлээ уншаад дараа нь хэрэгжүүлж эхлэнэ шүү.

- Чихээ онгойлгох буюу сонсох чадвараа сайжруулах

Youtube-тэй найзла. Сүүлийн үед хүмүүс өдөр тутмын амьдралаараа, эсвэл сурсан мэдсэн зүйлсээ хүмүүст хуваалцаж vlog, tutorials, онлайн хичээлүүдээр бичлэгүүд их хийж youtube channel-д байршуулах болсон.

Тэгвэл завтай үедээ өөрийн сонирхдог зүйлээ англи хэл дээр үзэж эхлээрэй. Make up tutorials, кино тайлбар тойм, алдартнуудын өдөр тутмын vlogs, гэх мэт эдгээрийг англи хэл дээр үзвэл дуртай зүйлээрээ дамжуулан чихээ онгойлгох өдөр тутмын чөлөөтэй ярианы хэв маяг зэргийг ойлгодог болоход туслах болно. Яваандаа ойлгоод ирэхээр чи өөрөө ч тэр хүмүүсийнхээ хэв маягаар тодорхой хэмжээнд ярьдаг болчихно

- Подкаст сонс
Сүүлийн үед интернэтгүй үедээ ч сонсох боломжтой подкаст (podcast)-ууд олон болсон. Ажил хичээлдээ явах замдаа түгжрэл дунд, алхаж явахдаа гээд дуу сонсохын оронд одооноос сонирхолтой өгөөжтэй мэдээ мэдээлэл сонсонгоо англи хэлээ сайжруулаарай.

Дараах подкастуудыг санал болгож байна Appstore, playstore зэргээс татан утсандаа суулгаад интернетгүй үедээ сонсоорой.
- Learn English Podcasts – British council
https://learnenglish.britishcouncil.org/learnenglish-podcasts
- Voice of America
https://learningenglish.voanews.com/
- 6-Minute English from the BBC
http://www.bbc.co.uk/learningenglish/english/features/6-minute-english
- The English We Speak
https://www.bbc.co.uk/programmes/p02pc9zn/episodes/downloads
- Podcast in English
https://www.podcastsinenglish.com/index.shtml

- Монгол дуу оруулалттай киног март
Одооноос дуртай кино, хүүхэлдэйн кино, анимэ-гээ англи хэл дээр хадмал(subtitle)-тай үзээрэй. Сүүлийн үед хүмүүс Netflix дээр хаяг нээгээд эхний сардаа үнэгүй дараагийн сараасаа найз нөхдөөрөө нийлэн төлбөрөө хувааж хийгээд нэг хаягаа хувааж хэрэглэх боломжийг ашигладаг болчихсон байна лээ чи ч бас туршаад үзээрэй.

-  Ном ном ном бас дахин ном
Англи хэл дээр номоо уншдаг болоорой. Гэхдээ чангаар өөртөө эсвэл хүнд уншиж өгч байгаа юм шиг. Өдөр тутмын энэ дадал нь хүний хэлийг зүгшрүүлэхээс гадна өөрөө өөрийгөө сонсох, аялага дуудлагаа засах боломжийг олгодог юм шүү. Бичлэг хийж байгаад өөрийнхөө яриаг сонссон ч болно шүү дээ. Мөн дээр дурдсан подкаст сонсох аргаас гадна аудио буюу сонсдог номыг сонсож хэвших нь listening чадварыг сайжруулахад маш хэрэгтэй арга шүү.

Дуртай зүйлсээрээ дамжуулан хэл сурснаар дараах давуу талуудыг олж авна:
- Амархан уйдаж залхан хэл сурахаас шантрах асуудал гарахгүй
- Өдөр тутмын үг хэллэгийг ойлгодог болно
- Үгийн өргөлт дуудлагыг зөв хэлж сурна
- Үгсийн сангаа сайжруулах боломж
- Ихэнх подкаст өөрөө текстийн хамт байдаг учир сонсонгоо уншсанаар илүү үр дүнтэй
- Олон төрлийн дуудлага аялгуудыг ялгаж сонсдог болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна