С.Эрдэнэ: Ерөнхийлөгчтэй нэг баг болж чадаагүй нь ТОМ боломжийг АЛДСАН

2020 оны 06 сарын 25

УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас мэдээлэл хийж байна.

НАМЫН ҮНДСЭН ДҮРЭМД ЗААСНЫ ДАГУУ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ, НАМЫН ДАРГЫН АЖЛАА ӨГЧ БАЙНА

С.Эрдэнэ: "Ардчилсан намаас 2020 оны УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн асуудлаар мэдээлэл хийе. Сонгуулийн явцад олон маргаан зөрчлүүд гарсан. Түүнийг СЕХ, хууль хяналтын байгууллага шийдвэрлэх байх. 

АН төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Тийм учраас намын үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгч байна. Холбогдох газар нь өргөдлөө өгчихсөн байгаа. Хоёрдугаарт сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна гэж харагдаж байна. Олонхийг бүрдүүлж байгаа эрх баригч МАН-ын хувьд нийт сонгогчдын 44,9 хувийн саналыг авсан. Өмнөх 2016 оны сонгуулийн дүн ялгаагүй хувьтай байсан. Ардчилсан нам 24,5 хувийн саналаар 11 суудал авлаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХАМТАРЧ НЭГ БАГ БОЛЖ АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙ НЬ ТОМ БОЛОМЖИЙГ АЛДСАН

Бусад нам эвсэлүүд нийт 30,6 хувийн санал авсан. Энэ нь сонгуулийн тогтолцоо, төлөөллийн зарчим нь хангагдахгүй байна. Ардчилсан хүчний намууд нэгдэж, нягтарч ажиллах нь үр дүнд хүргэх юм байна. Тархай бутархай байдлаар цаашид явбал хүсээгүй үр дүн гардаг гэдгийг энэ удаагийн сонгууль харууллаа. Тиймээс цаашид ардчиллын төлөөх намууд нэгдэж эвсэл биш нам болж бодлогын хэмжээний улстөрийн хүчин болж ажиллах нь туйлын чухал гэдгийг намын даргын хувьд илэрхийлж байна. 

Энэ сонгуулийг толгойлж орсон хүний хувьд надад алдаа, оноотой шийдвэрүүд олон байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцож, хамтарч нэг баг болж, шаардлагынх нь түвшинд хангаж ажиллаж чадаагүй нь энэ сонгуулийн нэг том боломжийг алдсан гэж харж байна. 

Монголын ард түмэн, сонгогчдынхоо итгэлийг хүлээж чадаагүй нь Ардчилсан намын нэг том зөрчил. Тиймээс намын даргын хувьд нийт сонгогчдоосоо уучлал хүсэж байна.

АРДЧИЛСАН ХҮЧНИЙ НАМУУД НЭГДЭЖ ӨРСӨЛДСӨН БОЛ 55 ХУВИЙН САНАЛ АВАХ БОЛОМЖ БАЙСАН 

Ардчилсан хүчний намууд нэгдээд энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн бол 55 хувийн санал авах боломж байсан нь харагдаж байна. Нөгөө талаар эрх баригч нам 44 хувийн саналтай 62 суудал авсан нь сонгуулийн хуулийн зохицуулалт дутуу дулимаг байна гэдгийг харуулсан үзүүлэлт. Гэхдээ хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон сонгуульд бид аль нэг талд буруугаа өгөх биш өөрсдийн алдаа оноог, илүү хурц тод харж байна. 30 жилийн хугацаанд энэ намдаа хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Цаашид ч зүтгэх болно. 

Үндсэн дүрмийн хүрээнд намын даргын тамга, түр эрхийг дэд дарга Ц.Туваанд шилжүүлж байна. Үлдсэн хугацаанд Ц.Туваан намын даргын дараагийн дотоод сонгууль явуулж, намын даргыг сонгох, ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд оролцох ажиллагааг удирдан зохион байгуулна гэж бодож байна. Намын Үндсэн дүрмийн дагуу намын даргын сунгаа 90 хоногт явагдана. 

АН-ын 200 мянга гаруй гишүүнээсээ хүлцэл өчиж байна. Энэ намыг эрх баригч нам болгохын төлөө та бүхэнтэйгээ зорьж, тэмцэж, хамтарч ажиллах болно" гэлээ. 
 

Д.Очир

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.