Т.Ганболд: Нэгээр гарч ирсэн бие даагчдын тойрогт дахин сонгууль явуулчих

2020 оны 06 сарын 26

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсигчдийн төлөөлөл  сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.  Энэ үеэр УИХ-ын 19-р тойрог Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "Маш олон хүн намайг нэгдүгээрт бичигдэж гарч ирнэ гэж байсан. Харамсалтай нь дан ганц бие даагч нарын саналыг тоолохдоо сонгуулийн машинд байхгүй таслалтай форматтай орж ирсэн. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл нэг форматаар явах ёстой гэж хэлж байсан ч тэгсэнгүй. Хөндлөнгийн хакер ажиллагаа хийлээ.

Миний санал 7311 байхад 7,311гэсэн тоо тавьсан хэр нь 10 мянгатай саналтай хүнд таслал гарсангүй. Сонгуулийн машин 7311 саналыг алдагдуулсан байна. Миний нийт санал 24 мянга байх байсан. Энэ зөвхөн надад тохиолдсон асуудал биш. Чансаа өндөртэй байсан бүх бие даагчид дээр давтагдсан. Хан-Уул дүүрэгт Н.Номтойбаяр, Т.Бат-Оргил, Ж.Эрхэмбаатар, Ц.Цолмон гээд бүх бие даагчдын авсан санал дээр бүгд таслалтай гарч байна. Авсан саналыг хуваалт оруулчихсан учраас таслалтай гарч байгаа юм. Энэ нь солигдох хугацаа нь 15 минут орчим байгаа учраас эхлээд таслалтай гарч байгаа бөгөөд дараа нь арилж байна. 

Тойрог бүр дээр бие даагч нарын санал бүгд таслалтай байсан. Бид энэ бүх баримтууд бүгд шууд дамжуулалт дээр бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж, улс орны төлөө үйлчилж байгаа, улс орноо МАН ба бусад гэж үзээгүй Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ ажиллагааг шалгаж, энэ бүх ажиллагаа явагдсан тойргууд дээр дахин санал хураалт явуулах ёстой. Ингэж байж та 3.2 сая хүний Ерөнхий сайд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчид ч хэлмээр байна. Та МАН-ын гишүүн биш, намаасаа хуулийн дагуу түдгэлзсэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч тул энэ бүх баримтыг шалгуулж өгнө үү. Би нэгээр гарч ирэх гэж байгаа юм биш. Би дахиад барилдъя, унавал би хүлээн зөвшөөрье. 

Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа шударга байцгаая, шударга сонгууль болох ёстой гэж үзэж байгаа бол хүний өөрийн нам гэж үзэлгүй санал алдагдсан тойргууд дээр дахин санал хураалт хийе. Алга болсон санал хаашаа орсон нь бүгд гарна. Үүнийг ТЕГ-т бус олон улсын систем хангамжийн компаниар дахин шалгуулъя" гэлээ. 

Харин  29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил "Улсын Их Хурлын тухай хуулийг хүч түрэн баталсан. МАН ялагдахынхаа үед үхэр буугаа тавьж, төрийн эргэлт хийж байна. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг бол 60 тэрбум. Гэтэл ил цагаан баримт нь байсаар байтал хэнд хариуцлага тооцов. Хоёр жараахайг сор залснаас биш томчууд нь юу ч болоогүй мэт ордонд сууж байсан. Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг зуруулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэж найдаж байна" гэлээ. 

Мөн бие даагчид хэрэв сонгуулийн үе дүнд нөлөөлсөн нь тогтоогдвол МАН татан буугдах ёстой гэх байр суурийг илэрхийллээ. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.