Ч.Чинбат: Гэмт хэргийн шинжтэй 23 мэдээллийг хүлээн авч ТЕГ-т шилжүүлсэн

2020 оны 10 сарын 15

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явц, ирц, санал хураалтын үеэр гарч байгаа хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг  СЕХ, цагдаагийн байгууллагаас өглөө. 

СЕХ-ны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн хуулиар санал өгсөн хурдсынхаа зургийг авах нь хуулиар хориотой.  Түүнээс биш "би саналаа өгсөн, саналаа өгөх гэж байна" гэдэг нь  хууль зөрчсөн үйлдэл биш.  Санал авах байранд сонгогч саналаа тэмдэглэж байхад ямар нэгэн хэсгийн хорооны ахлагч, мэдээллийн технологийн ажилтан, даамал, ажиглагч зэрэг хэн ч байсан хөндлөнгөөс нөлөөлөхийг шууд хориглоно. Хэрэв тийм үйлдэл байгаа бол тэр нь хууль зөрчсөн үйлдэл юм" гэв. 

Орон нутгийн сонгуулийн үеэр   гарч буй зөрчлүүдийн талаар ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат  “Сонгуулийн үйл ажиллагааг гадны нөлөөгүй явуулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Нийт 396 гомдол, мэдээллийг шалгаж байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 23 мэдээллийг хүлээн авч харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн дагуу 338 гомдлыг хүлээн авсан бөгөөд 163 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна" гэлээ. 

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас  цөөн асуултад хариулт авлаа. 

-Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амиа алдсан нэр дэвшигч аль намаас сонгуульд оролцож байсан бэ?

-Мөрдөн шалгах ажиллагааны нууцлалтай холбоотой асуудлыг мэдээлэх  ярих боломжгүй байна.Тухайн хүнийг бие даагч байсан гэдэг мэдээлэл байгаа. Шалгалтаар уг хэрэг санамсар болгоомжгүйгээс болсон уу санаатай үйлдэл үү гэдгийг тогтооно. 

-Зарим дүүргүүдэд мөнгө тарааж, сонгогчдын санал худалдаж авах гэсэн  үйлдэл гарч байна. Цагдаагийн байгууллага ямар  шалгалт явуулж байна вэ? 

-Эрүүгийн хуулийн 14.5, 14.8-д заасан үйлдлийг тагнуулын байгууллага шалгах ёстой. Гэхдээ цагдаагийн байгууллага харьяалал харгалзахгүйгээр гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээж авч шалгаж байгаа. Эдгээрээс 23 гомдол мэдээллийг тагнуулын байгууллагад шилжүүлсэн. Булган, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Сүхбаатар аймгууд, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд мөнгө, эд зүйл тараасан үйлдлүүдийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох ажиллагаа явагдаж байгаа. 

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.