Матаасчдын улс

Х.Батсайхан
2023/09/18

Зохион байгуулагдах чадвартай үндэстэн л тэсч үлдэнэ /Г.Уянга/

Айлгадаг нь ард түмэн болохоос биш АТГ, цагдаа биш /Н.Энхбаяр/

Иргэн бол дээд албан тушаал

Сүүлийн үед нийгэмд байгаа болж бүтэхгүй асуудлыг төр засаг, УИХ-ын 76 гишүүн рүү чихдэг “мода” дэлгэрчээ. 20 жил архи уусан Доржийн ядуу амьдарч байгаад Монголын төр буруутай. Шуналаасаа болж луйварчдад мөнгөө алдсан авгай, салж сарнисан гэр бүлийн өмнө бас л төр буруутай юм гэнэ. Айл амьтны аль болж бүтэхгүй аж төрөл хавийн хөгшчүүдийн араанд боловсорч, улмаар төр засаг улс орноо хараан зүхсэнээр өндөрлөх нь нийтлэг жишиг болов. Энэ бол иргэн хүн өөрийн үүрэг, төрийн үүргийг ялгаж салгаж мэдэхгүй байгаагийн харгай юм.

Монгол улсын иргэн ажил хөдөлмөр хийх, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хууль журмыг чандлан сахих, албан татвар төлөх, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, цэргийн алба хааж эх орноо батлан хамгаалах үүрэгтэй.

Харин хууль журам буруу гарсанаас болж улс болон иргэнд хохирол учирсан бол энэ нь жинхэнэ төрийн буруу бөгөөд хяналт тавих, эрх бүхий байгууллагаар шалгуулах нь иргэн бүрийн журамт үүрэг байх ёстой юм.    

 Монголчууд бид өөрсдийг нь тодорхойлж буй “иргэн” хэмээх эрхэм алдраа хэтэрхий дорд үздэг гэмтэй. Ярьж бичихдээ хүртэл заавал “жирийн”, “энгийн” гэх мэт тодотгол залгадаг нь буруу юм. 

Жирийн, жирийн бус иргэн гэж байхгүй. Гэхдээ, арай өөр өнцгөөс хараад үзвэл, монголчуудыг бараг бүгдээрээ жинхэнэ агуулгаараа ИРГЭН гэж хэлэгдэх эрхгүй байна. Иргэн гэдэг тодорхойлолт томдохоор байна. Яагаад гэвэл, жинхэнэ иргэн хүн улс орныхоо төлөө үүргээ 100 хувь биелүүлдэг, үүний адилаар эрх ашгаа 100 хувь хамгаалалуулахыг төрөөсөө шаардаж чаддаг юм. 16 нас хүрч иргэний үнэмлэх аваад, цэргийн алба хааж, үр хүүхэд төрүүлснээрээ иргэн болчихлоо гэж ойлгох нь өрөөсгөл. Үнэмлэх олгож байгаа нь эрхзүйн харилцаанд оролцох эрхийг л нээж өгсөн хэрэг. Энэ эрхээ яаж ашигласан бэ гэдгээр л иргэний үнэ цэнэ хэмжигдэх учиртай. Одоо бол иргэн гэдэг агуулга нь орхигдоод нэршил нь л үлдээд байна гэвэл худлаа гэж хэлэх хүн гарахгүй байх.

Биологийн хичээл дээр хүнийг “Хүн бол биологи, нийгмийн амьтан юм” гэж заадаг. Нийгэм байхгүй бол хүн гэж ойлголт байхгүй, тэр бол зүгээр АМЬТАН. Чонын дунд өсвөл чоно, сармагчингийн дунд өсвөл сармагчин л болно. Заавал хүмүүсийн /нийгмийн/ дунд өсч байж хүн гэж хэлэгдэх эрх авдаг учраас “нийгмийн амьтан” гэж тодотгожээ. Ингээд хүмүүсийн дунд, нийгмийнхээ дунд өсөн амьтан биш ХҮН гэж хэлэгдэх эрхтэй боллоо. Дараа нь бие хүн болох үе шат эхэлнэ. Боловсрол, хүмүүжил гэж тоймлочиход болох байх. Бие хүн болох үйл явц насан турш үргэлжилдэг. 

Харин иргэн хүн үүргээ ухамсарладаг, эрхээ эдэлдэг, үүний тулд хуулийн бүх боломжуудыг ашигладаг, өөрийгөө нийгмийн нэг хэсэг гэдгийг ухамсарлан өөрт нь хамаагүй байсан ч хамаагүй олон нийтийн эрх ашигт хамаатай бол холбогдох байгууллагад албан ёсоор хандан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлдэг байх ёстой юм.

Монголчууд өөрт нь шууд хамааралгүй асуудлаар гомдол мэдүүлээд, өргөдөл бичээд гүйгээд байдаггүй. Гэтэл цаана нь төрийн олон байгууллага хийх ажилгүй сууж байдаг. Хуулийн хэрэгжилтийг хангах байгууллагууд бараг бүгд иргэдийн гомдлоор ажилладаг учраас тэр. Цагдаа, Шүүх, АТГ, МХГ гээд бүгд иргэдийн гомдлоор ажилладаг. Төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдлоор ажлаа засч сайжруулна. Үгүй бол дээд шатны байгууллагад хандах хуулийн ззохицуулалттай байдаг учраас тэр. Гэтэл их л бодож нийгмийн сүлжээнд тавихаас бусдаар холбогдох байгууллагуудад нь бичгээр хүсэлт гаргаад, үгүй ядаж утсаар яриад мэдэгдчихдэг нь хэд билээ. 


Иргэн хүнд хамгийн хамаатай, эрхийнх нь талаар Монгол Улсын Үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Бусад хууль тогтоомж бүгд энэ хуульд захирагдаж гарах учраас эрх нь зөрчигдсөн асуудлаар Үндсэн хуулиа бариад заргалдахад хуулийн нарийн мэдлэг шаардахгүй. Гэтэл иргэний эрхийг эрсдэлд оруулсан хууль тогтоомжтой холбоотой асуудлаар ҮХЦ-д хандсан тохиолдол маш цөөн. 1990-ээд оны үед “иргэн” хэмээх Д.Ламжав л ҮХЦ-ийг ажилтай болгодог байсан гэхэд хилсдэхгүй. Сүүлийн жилүүдэд харин гомдлын тоо нэмэгдэж байгаа ч улс төрийн нам, бизнесийн бүлэглэлийн захиалгаар хандах нь нийтлэг болжээ.   

Монголчууд өнөөдөр эрхзүйн бүрэн чадамжтай иргэн гэх нэр зүүсэн  ч бие хүн болох гээд л яваад байгаа болохоос жинхэнэ иргэн болоогүй байна гэсэн нь ийм учиртай. Төрийг ард түмэн байгуулдаг, төрийн механизмыг иргэд үйл ажиллагаанд оруулж , хянадаг учраас үнэндээ иргэн бол төрт улсын хамгийн том эрх мэдэлтэн юм.

Иргэдэд улсыг өөрчлөх хүч бий

Монголчууд улс орны хөгжил дэвшлийг эрх баригчид, чадамжгүй хууль тогтоомжтой холбож ойлгох нь олонтаа. Цаг нь ирэхээр нэг мундаг удирдагч тодроод улсаа сайхан болгочихно гэсэн гэнэн гаргалгаа эрдэмтэн мэргэдийн амнаас ч унаж л байх. Гэвч үнэн хэрэгтээ хүсээд байгаа хөгжил нь эрх баригчдаас гадна улсын иргэдээсээ зэгсэн шалтгаалдаг эд юмсанж. Тэр тусмаа өөрийгөө дээд зэргээр аваад явчихдаг арчаатай, аминдаа хайртай, эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн, өөрийн гэсэн зарчимтай, басхүү матаач иргэн хүн дээр тогтдог ажээ. 

Иргэд “Матаас” гэдэг үгийг ховтой эндүүрдгээс муушаасан утгаар хэрэглэх нь олон. Харин Монгол хэлний их тайлбар тольд энэ үгийг “Д‎ээд байгууллагад тодорхой асуудлын талаар өргөсөн мэдээлэл” гэжээ. Матаас нь улс орны хөгжлийн түргэсгэдэг, амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийг сайн тал руу өөрчилж, эрх баригчдыг  шударга, ёс зүйтэй байхад хүргэдэг байна.  

Дээрх онцлогийг шингээсэн иргэдийнхээ ачаар хүчирхэгжсэн хоёр улсаар жишээ авья.

Израиль улс. Олон мянган жил хүний нутагт амьдрахдаа оюуны чадамж, алсын хараа, хөдөлмөрч чанар гээд олон сайн чанарыг шингээсэн. Чухам энэ чанаруудаа гол баялаг гэж үздэг. Нэг дор бөөгнөрөн суувал энэ чанараа гээнэ гэж болгоомжилдог учир жүүдийн нууц тунхаглалдаа төр улс байгуулахыг хориглосон гэсэн яриа ч бий. Еврейчүүдийг хамгийн ухаалаг үндэстэн гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг.  

Германчуудыг хамгийн заргач, матаач үндэстэн гэж тодорхойлдог. Эндхийн иргэн бүр нь төрөөс явуулж байгаа бодлого, хийж байгаа ажил, авсан үйлчилгээ гээд ер нь тохиолдсон зүйлсийнхээ талаар холбогдох байгууллагуудад санал, шүүмж байнга бичдэг байна. Гудамжинд нэг саравч барьчихад л "Сайхан саравч барьсанд баярлалаа", "Зүгээр байсан газарт саравч барьсан байх юм, нар халхлаад байна, ямар учиртай юм бэ" гэх мэтээр холбогдох газарт нь байнга захиа очно гэсэн үг. Иргэд зөв, эсвэл буруу агуулгатай санал бичсэндээ ч биш, бүх юм хяналттай, иргэдээрээ дамжаад үйлдэл бүхэн чинь холбогдох байгууллагад мэдээлэгдэж байгаа гэдэг ойлголтыг улс төрчдөд төрүүлдэг учир энэ дадал нь улсдаа, нарийндаа иргэнд өөрт нь ашигтай тусдаг. 

Улс төрийн тогтолцоо, улстөрчдийн ухамсар, ажлын зохион байгуулалтаар үлгэр жишээ орны нэгд тооцогддог нь үүнтэй холбоотой гэсэн дүгнэлт ч бий. Иргэд нь  “иргэн” гэдэг агуулгыг өөртөө шингээж чадсан учраас ийм болсныг гадныхан хүлээн зөвшөөрдөг. Герман иргэн ямар нэг асуудал гарсан байхад хаана хандахаа мэддэг. Харин монгол иргэн олон нийтийн сүлжээгээр цацах юм уу “Монгол коммент” нэвтрүүлэгт захидал бичихэд асуудал нь шийдэгдчих мэтээр ойлгодог нь хөгжихгүй байгаагийн гол шалтгаан ч байж мэднэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.