Ц.Мянганбаярыг Ерөнхийлөгч өршөөжээ

Zuv.mn
2023/09/19

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан өршөөл үзүүлж, хорих ангид ял эдэлж байсан хэд, хэдэн хүнийг хугацаанаас нь өмнө сулласан байна. Тэр дунд "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяр багтсан аж. Мэдээллийн эх сурвалжид дурдсанаар хорих  417-р ангиас Цэвээнжавын Мянганбаярыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-оор оногдуулсан 6 жилээс эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 23 хоногийн ялаас чөлөөлсөн хэмээжээ. Хэргийг сануулбал,  Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал ажилтай, шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1 дэх заалтад  зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах  дүгнэлт үйлдсэн байдаг. Улмаар /2021.03.19/-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг “залилах“ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын  эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт 6 жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ц.Мянганбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр, Х.Даржаагийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн тус шүүх 2021 оны зургаадугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг нь хэвээр үлдээж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна