Монгол банк 643 сая төгрөгөөр "ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛГЭХ" ТЕНДЕР зарлажээ

С.Гандэлгэр
2023/10/17

-Төрийн байгууллагуудын хувийн хэвшлээс авч байгаа үйлчилгээ Төсвийн хэмнэлтийн хуультай зөрчилдөж байна-

Засгийн газраас төрийн зарим ажил, үйлчилгээг ТББ, хувийн хэвшилд шилжүүлэх ажил эхлүүлээд байгаа. Тодруулбал Монгол Улсын Засгийн газар 2022 онд “Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. 

Тус тогтоолын дагуу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа. 

Тэгвэл Монгол банкнаас цэвэрлэгээний ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж, тендер зарласан байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 5-ны өдөр 643 сая төгрөгийн өртөгтэй "Цэвэрлэгээний үйлчилгээ"-ний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлажээ. 

Ингэхдээ ҮЦГТ-ийн байрны бүх давхар, авто зогсоол зэргийг тодорхой хугацааны давтамжтайгаар цэвэрлэх нөхцөл тавьж, үнийн дүнг нь 643 сая төгрөгөөр тогтоосон байна. Үүнийг сар, сараар тооцвол 53.3 сая төгрөгөөр цэвэрлэгээ хийлгэж байна гэсэн үг юм. 

Үйчилгээний ажилтны сарын цалинг дунджаар нэг сая төгрөг гэж тооцож үзье. Тэгвэл 643 сая төгрөг нь 53 үйлчилгээний ажилтныг жилийн турш цалинжуулан ажиллуулах үнийн дүн юм. ҮЦГТ-ийн 16 давхар барилгын давхар бүрт 2-3 үйлчлэгч ногдоно гэсэн үг. 

Төр хийх шаардлагагүй ажил үйчилгээнүүдээ хувийн хэвшилд даатгаж байгаа нь төрийн данхар бүтэц, үрэлгэн зардлыг хязгаарлана гэсэн найдлагыг иргэдэд төрүүлж байсан. Төрийн зарим байгууллагууд зарим ажил үйлчилгээг хувийн хэвшилд даатгаж байгаа нь сайшаалтай. Гэсэн ч хувийн хэвшилд даатгаж байгаа нэрийдлээр хэт өндөр дүнгээр тендер зарлан ажил, үйлчилгээ авч байгаа нэгэн жишээ нь Монгол банкны 643 саяын тендер болж байна. 

Бүхэл бүтэн 53 үйлчилгээний ажилтны жилийн цалингаар нэг барилга цэвэрлүүлнэ гэдэг өөрөө татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж буй хэрэг юм. 






Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.100
    2023/10/20

    Энэ их сонин хүн шүү, эвгүй эвгүй

    Хариулах