Нийслэлийг "Ширэнгэн ой" болгосон ШИРЭН НҮҮРТНҮҮД-I

2023/10/18

Манай улсад 6000 гаруй стандарт буй. Гэвч дагаж мөрддөг нь даанч цөөхөн. Танил тал, авлига албан тушаалын тохироогоор замбараагүй газар олголт олгож ирсний горыг бид өдөр тутамдаа амссаар байна. 

Түгжрэл, түүнийг дагасан бухимдал, гадна тохижилт, гарц орцгүй барилгууд. Эцэст нь энэ бүхэн нийслэлийг "Ширэнгэн ой" болгож орхив. Үүнийг бид шүүмжилдэг ч өнөөдөр бахь байдгаараа. Бодит жишээ дурдъя. 

"Хүрээ" амаржих газрын барилга ашиглалтын шаардлага хангахаа больж, олон жил ярьсны эцэст өнгөрсөн онд шинэ барилгын ажил эхлүүлсэн. Гэвч төрөх эмнэлгийн барилгын ажил хийгдэх газраас хумсалж, хувь иргэнд газар олгосон баримтыг сөхье. 

Нийслэлийн 2021 оны А-646 дугаар захирамж гарч, иргэн Г.Баттүшигт барилга барих зориулалттай газар олгосон байх. Тэрхүү газар нь Хоёрдугаар төрөх эмнэлэг буюу Хүрээ амаржих газрын өргөтгөлийн барилга баригдах газрын нэг хэсэг нь гэж ойлгож болно.

 Барилгын норм стандартаа бариад үзвэл, хувь иргэнд олгосон энэ газарт амаржих газрын ногоон байгууламж байгуулагдах тэр хэсэг нь гэсэн үг. Гэвч тэрхүү хэсэгт нь 400 автомашины зогсоолтой, 11 давхар барилгын ажил эхэлчихэж. Яг хажууд нь буюу 10 ч хүрэхгүй метр газарт төрөх эмнэлэг баригдаж байна. Хар ухаанаар бодъё. Хэрвээ төрөх эмнэлгийн хажууд 11 давхар барилга баригдлаа гэж бодоход шинээр баригдах эмнэлгийн цонхыг хаана. Орж гарах авто замын хэсэгт ачаалал үүснэ.  Цаашлаад ногоон байгууламж, гадна тохижилтын хэсэг хийгдэх газаргүй болж байна гэсэн үг. 

Үнэхээр харамсалтай. Нийслэлийн хэмжээнд гуравхан амаржих газар буй. Эмнэлгийн эргэн тойрон гэдэг бол онцгой бүс. Та бидний ирээдүй болсон үр хүүхэд энд л мэндэлнэ. 

Ядаж төрөх эмнэлгийн газраасаа хулгайлахаа болимоор байна, албан тушаалтнууд аа. 

Хотын стандартаар бол барилгын эзэмшлийн талбайн 20-иос дээш хувьд ногоон байгууламж байх ёстой. Эмнэлгийн онцгой бүсэд ногоон байгууламжийн хэсэг бүр ч их байх шаардлагатай.

 Иймээс Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, түүний удирдлагууд 2021 онд гаргасан А-646 дугаар захирамжийг эргэн харж, алдаа дутагдлаа залруулахад анхаарахыг сануулж байна. 

Өдийгөөс төдий хүртэл замбараагүй олгогдсон энэ их газрын зөвшөөрлийн гай нийслэлд багадаагүй. Улаанбаатар үнэндээ "Ширэнгэн ой" болсон. Ийм цаг үед ядаж шинээр баригдах ганц төрөх эмнэлгийнхээ алга дарам газрыг зориулалтаар нь ашиглая. Гадна тохижилт, ногоон байгууламж хийгдэх тэр хэсгийн газрыг нь тайван орхичихооч, ширэн нүүртнүүд ээ. 

Тайлбар байхгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна