Т.Бадамжунай нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийнэ

2023/10/24

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баасан гаригт буюу аравдугаар сарын 25-ны өдөр 10.00 цагт болохоор товлогджээ. Түүнтэй хамт ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, авлигын хэрэгт ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нар шүүгдэгчээр оролцох гэнэ. “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсаас саатуулагдан, ирсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас хэд, хэдэн хэрэгт яллагдагчаар татан шалгаж, дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хэргийг нь хүргүүлсэн.

Харин нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Гэрэл зургийг: mpa



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна