Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсын Сайд нарын танхимын дарга А.Жапаровтой албан ёсны хэлэлцээ хийлээ

Zuv.mn
2023/10/24

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар 2023 оны аравдугаар сарын 24-ний өдөр тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Киргиз Улсад хэрэгжиж буй анхны айлчлал юм.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Киргизийн хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилийн хугацаанд хоёр улсын найрсаг харилцаа тогтвортой хөгжиж ирснийг дурдав. Тэрбээр 2023 он хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц онцлог үйл явдлаар баялаг жил болж буйг тэмдэглээд Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын энэ онд манай улсад хийсэн төрийн айлчлал, Киргиз Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо нээсэн зэрэг нь хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна