АНХААР: Ахуйн гал түймрийн улмаас амь насаа алдсаар байх уу

2023/10/26

Ахуйн гал түймрийн улмаас амь эрсэдсэн тохиолдол бараг өдөр бүр гарах боллоо. 

Өнгөрсөн шөнө л гэхэд Сонгинохайрхан дүүргийн Бага наранд айлын байшин шатаж, долоогийн долоон хүний амь нас эрсэдсэн гэж бодохоор дэндүү харамсалтай. Хоёрхон хоногийн өмнө гэхэд мөн л хоёр иргэн галын улмаас амиа алдсан хэрэг гарсан. Дайн байлдаантай газар ч ийм олон хүн амиа алдахгүй. Тийм байхад ийм олон хүн амь эрсдэж байгааг юу гэж ойлгох вэ. Гэр хорооллынхон галаа түлж чадахаа болио юу, эсвэл түлж буй түлшинд нь асуудал байна уу. Ямартай ч энэ асуудлыг хаана, хаанаа онцгой анхаарч, ахуйн гал түймрээс амь насаа хамгаалах онцгой шаардлага тулгарсныг сэрэмжлүүлж, дараах баримтуудыг сөхье. 

2023 оны 10 дугаар сарын 24

Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны Амины орон сууцны 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.23-ны өдрийн 22:57 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:11 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Т/41 настай, эрэгтэй, Дорнод аймгийн харьяат/, овог, нэр тодорхойгүй 1 иргэн, нийт хоёр хүн өртөж амиа алджээ

 2022 оны 9 дүгээр сар

Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Нарантолгойн 2 дугаар гудамжинд гэр шатаж, хоёр хүүхэд харамсалтайгаар нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнө 02.41 цагт аймгийн Онцгой байдлын газарт байшин шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 02:49 цагт очиход иргэн М-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт М /8 настай, эрэгтэй/, М /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байна.

2021 оны 10 дугаар сар

Налайх дүүргийн  4 дүгээр хорооны Их аманд амьдардаг иргэн С, төрсөн охин Х-ийн хамт шатаж нас барсан хэргийг нийслэлийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Сүүлийн үед галын улмаас амиа алдах, эд хөрөнгөөрөө хохирох хэрэг олон гарч байгаа учраас гэртээ хараа хяналтгүйгээр бага насны хүүхэд орхих, цахилгааны утасаа мэргэжлийн хүнээр монтажлуулах зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна. 

2022 оны 12 дугаар сар

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын-Ам”-ны задгайд 2022 оны аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу үүрээр 03:55 цагт гал гарчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиход эзэн тодорхойгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраажээ. Тус гал түймэрт нэр, нас, хүйс тодорхойгүй иргэн галд өртөж нас барсан байсныг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн байна.

2022 оны 11 дүгээр сар

Ахуйн хүрээний гал түймрийн улмаас дөрвөн хүн амиа алджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг хоёрдугаар хорооны "Их Дарь-Эх”-ийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 04:04 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 километр зам туулан 04:12 цагт очиход 3х5 метрийн хэмжээтэй байшин болон Королла загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт байшинд байсан гэх дөрвөн хүн өртөж амиа алдсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2020 оны 12 сар

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд байрлалтай нэгэн өрхийн гэрт гал гарч, бага насны хүүхдүүд шатаж нас барсан хэрэг гарчээ. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн, шинжээч эмч, галын шинжээч нар очиж ажиллаж байна. Тодруулбал, зургаан настай хүү, таван настай охин гэртээгээ шатаж нас барсан байжээ. Хэргийн газраас 40 кадр зураг, эд мөрийн баримтаар цахилгааны утас, хаалганы нууц цоож, хөрсний дээж авчээ. Урьдчилсан байдлаар гэр гаднаасаа цоожтой байсан, цахилгааны утаснаас гал гарсан гэх мэдээлэл байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна