Эш хөрөг тарааж, "тойргоо усалдаг" АН-ын дэд дарга И.Мөнхжаргал

Zuv.mn
2023/11/28

Сонгууль ойртсоор. Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болж будаг нь ханхалсан 126 гишүүн УИХ-ын зөөлөн сандал дээр заларна. Харин гишүүн болох хүслээ сэтгэлдээ тээн, горилох их бага улс төрчид тойргоо усалж байна. 

Горилж байгаа тойргийнхоо иргэдэд бэлэг сэлт тараадаг хэдэн аравны өмнөх жишгийг АН-ын дэд дарга И.Мөнхжаргал үргэлжлүүлж байгаа бололтой. Түүний хувьд Өвөрхангай аймгаас гаралтай ч Чингэлтэй дүүрэгт нэр дэвших сонирхолтой байгаа. Түүнийгээ ч эртнээс илэрхийлж, тойрогтоо сагс, волейболын тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Тэгвэл ирэх сарын 6-нд Чингэлтэй дүүргийнхээ 9000 өрхөд аравнайлуулсан Их эзэн Чингис хааны эш хөргийг тараахаар болсон гэнэ. 

Улс төр судлаачид яг ямар төрлийн сонгогчдын саналыг худалдан авах гэж оролддог талаар маш олон судалгаа хийсэн байдаг. Тэдний ихэнх нь санал худалдан авалт ядуу буурай улсад их газар авсан байдгаас гадна аль ч улсад орлого багатай, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн саналыг худалдан авах гэж оролдох магадлал өндөр байдаг гэж үздэг.

Сонгуулийн хуульд “Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах”, “Нэр дэвшигчид үнэмлэх олгохоос өмнө сурталчилгаа явуулах нь 1.1-нээс эхэлнэ” гэж заасан байдаг. Мөн сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш бэлэг сэлт тараахыг хуулиар хориглосон. Тиймээс зарим УИХ-ын гишүүд, сонгуульд горилогчид хууль үйлчлэхээс урьтаж сонгогчиддоо бэлэг сэлт тарааж буй нь энэ юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна