Монголд хүний амьд явах үндсэн эрх хумигдсаар байгаагийн нэг жишээ нь эм, эмийн бүтээгдэхүүн болоод байна. Салбарын яам, хяналтын байгууллага саяхан гаднын санхүүжилтээр хяналт шалгалт хийхэд зах зээл дээр зарагдаж байгаа эм, эмийн бэлдмэлийн 11 хувь нь стандартын бус, 4.3 хувь нь бүртгэлгүй байсныг илрүүлжээ. Энэ судалгааны дүн бүрэн гүйцэд биш. Бүртгэлтэй 5200 орчим эмийн 1700 гаруйд нь судалгаа хийхэд л ингэж гарсан.
Энэхүү “Бүртгэлгүй” хууль бус гэгдэх эм нь чанар муутай, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж шууд хэлж болохгүй. “Хүний эмийн зөвлөл” хэмээх байгууллагаас холбогдох журмын дагуу зөвшөөрөл авч бүртгэгдээгүй гэсэн л үг юм. Түүнчлэн, манай улс хэрэглээнд нэвтрүүлэх эмийг лабораторийн шинжилгээнд оруулж, хянаж байх ёстой ч маш нарийн тиехнологиор бүтээгдсэн, орчин үеийн өндөр чанартай эмийг судлах лаборатори байхгүй нь Монгол Улсад чанартай эм орж ирэхгүй байх үндсэн шалтгаан болж байна.
Манай улсад эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл сүүлийн хэдэн жилд огцом өсч, хамгийн ашигтай салбарын нэг болтлоо хөгжиж дэвжсэн. 2018 онд гэхэд л эмийн 41 үйлдвэр ажиллаж, 44 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис үйлдвэрлэж, 43.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Энэ 44 тэрбумын 39.4 тэрбум нь Европ эм бөгөөд 38.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэнэ. Энэ бол ахиц дэвшил мөн. Гэвч энэ ахиц дэвшлийн үнийг монгол хүн эрүүл мэндээрээ төлж байгаа нь харамсалтай. Эмийн үйлдвэрлэл цэцэглэж байхад монгол хүн яагаад хохирдог билээ гэж Та асууж магадгүй. Үнэн байдал л ийм юм.
Монголд бүртгээгүй эм олон бий. Бүртгэлгүй эмийг хэрэглэх шаардлагатай өвчтөн “Монголд төрсөн хохь чинь” гэж байгаа мэт нөхцөл байдалтай нүүр тулдаг. Манай улсад зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтад 5200 гаруй нэр төрлийн эм байдаг гэх боловч үүний 480 нь нэгэн төрлийн антибиотик (Амоксициллин 95, ципрофлоксацин 52, ампициллин 40, метранидазол 27, бензилбезоат пеннициллин 24, цефтриаксон 23, азитромицин 16, цефатаксим 14, цефазолин 10, доксициклин 8 янз гм) байх жишээтэй. Сонголт маш бага байна.
Энэ байдлыг өөрчлөх цаг болсон. Монголчуудын тусдаг өвчний тоо олширч байна. Бага балчир хүүхдүүд хорт хавдар гэх мэт сонсож дуулаагүй өвчнөөр өвдөх болов. Нийгмийн болж бүтэхгүй бүхэн улс орны эдийн засагтай холбоотой байдаг. Гэсэн ч бүх зүйлийг эдийн засгийн ядуу буурай байдал руу чихэж болохгүй. Хүнээ гэсэн сэтгэл дутаад байна.
Чанартай эм оруулж ирье гэвэл Эмийн хяналтын лабораторио чадавхичуулах ёстой
Монголд эмийн хяналт, шинжилгээ хийдэг 6-7 лаборатори байдаг гэх боловч тогтмол ажиллагаатай, чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын харъяа дарга Эм шинжлэх лаборатори, АШУИС-ийн харъяаны мөн ижил чиг үүрэг бүхий лаборатори юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын харъяа дарга Эм шинжлэх лабораторийн тухайд жилдээ 20-30 мянган сорьц шинжилдэг, цар хүрээ, үйл ажиллагаа арай илүү. Гэхдээ хоёул техник технологийн хувьд хуучирч мууджээ. Эмийн чанар нь лабораторийн хяналтаас шууд шалтгаалдаг. Тэгэхээр, жишээ нь, манайхан эмийн лабораторио 2000-аад оны техникээр шинэчиллээ гэхэд эмийн чанар 2000-аад оны түвшиндээ л байгаад байна гэсэн үг. Лабораторио шинэчилж, 2023 оны түвшинд аваачвал эмийн шинжилгээ хяналт цаг үеэр гүйцэж, монголчууд чанартай эм хэрэглэх бололмж бүрдэнэ.
Харийн нутагт шаналж буй эх орон нэтгтнүүдээ эргүүлж татах боломж
Гадаад улсад оршин сууж буй иргэдийн цөөнгүй хувь нь харь оронд өвчин туссан хүмүүс байдаг. АНУ, Европт байгаа монголчуудын дунд зонхилох өвчлөл нь чихрийн шижин байна. АНУ-д насанд хүрэгчдийн бараг тал нь энэ өвчнөөр өвдсөн. Европт ч маш түгээмэл тул эм нь чанартай. Тулгамдсан асуудал нь болохоор судалгааны ажил ч их, үнэгүй эм олж уух боломж өндөр аж. “Монголд очвол сард уудаг 400 еврогийн эмээ авч чадахаа болино. Үхэхээс өөр сонголтгүй” гэж ярих олон хүнтэй таарч байлаа. Тэдний ихэнх нь судалгааны ажилд сайн дураар оролцож, эмээ үнэгүй ууж байгаа.
Судалгааны ажилд эрүүл хүн оролцвол мөнгө авдаг. Өвчтэй бол эмээ үнэгүй авах боломжтой учир энэ замыг сонгодог байна. БНСУ-д ажлаар хэдхэн хонохдоо л “Далайн гаралтай өвчин туссан эндээ байж эмээ уухаас өөр сонголтгүй, Монголд очвол үхнэ” гэсэн нэг бус хүнтэй таарч байв.
Тэгэхээр, Монгол Улс эмийн лабораториудаа шинэчилж, сайжруулбал, гадаадад оршин суугаа, өвчний улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа элэг нэгтнүүдээ эргүүлж татах боломж бүрдэнэ.
Иргэдээ туршилтын туулай болгож байгаа төр засагтаа гомдох уу
Лабораторийн чадамжаас шалтгаалаад манай улсад дандаа түвшин доогуур эмнүүд орж ирдэг талаар дээр дурсаад өнгөрсөн. Энэ бол яалт ч үгүй үнэн. Гэхдээ тэглээ гээд хямдхан зарагдаж байна уу гэвэл үгүй. Монголд хамгийн ашигтай бизнес нь эм болоод байна. Импортын эмийг 100-200 хувийн ашигтай худалддаг. Хүний эмийн зөвлөл, Анагаахын шинжлэх ухааны эрдэмтэд нь эм ханган нийлүүлэгчдийн гар хөл болсон байдал харагдана. Эрүүл мэндийн даатгалын сан хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамрагддаг цөөн тооны эм дээр үнийн дээд хязгаар тогтооход анагаахын урдаа барьдаг эрдэмтэд нь “Хямд зарах боломжгүй” хэмээн хэвлэлийн хурал хийж байсан удаатай. Ер нь Монголд байгаа томоохон эм ханган нийлүүлэх компанийн эзэд нь хэзээ нэгэн цагт “Хүний эмийн зөвлөл”-д байсан нөхөд байдаг гэхэд хилсдэхгүй. Шалгаад үзсэн ч болно.
Энэ нөхөд л бидний ямар эм хэрэглэхийг шийдэж, ашгийн харж хамгийн өндөр байх гэсэн ганц шалгуур тавин чанар муутай эм бэлдмэлээр монголчуудыг хангаж байна. Гэхдээ энэ зовлон ганц Монголд байдаггүй. “Эмийн компаниудын нууц” номд өгүүлснээр “Эм лабораториос шууд аптекийн лангуунд очдоггүй”. Эмийг нийтэд худалдаалж эхлэхээс өмнө төрийн холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авах шаардлагатай. Эдгээр байгууллагууд нь туршилт, судалгаа нь стандартын дагуу явагдсан эсэх, үр дүн нь үнэн бодитой эсэхийг шалгасны дараа эмийг нийтэд худалдаалах зөвшөөрөл өгдөг. Гэхдээ төрийн хяналтын энэ механизм томоохон асуудлуудтай тулгарсаар байна.
Юуны түрүүнд төрийн албан хаагчдын цалин харьцангуй бага байдаг. Төрийн хяналт, шалгалтын процедурыг сайн мэддэг ийм хүмүүсийг эмийн компаниуд харин өндрөөр үнэлдэг. Иймд төрийн албан хаагчид ажлаа сольж хувийн эмийн компанид ажиллах сонирхолтой байдаг байна.
Ийм сонирхолтой хүмүүс ирээдүйд орох компанидаа одоогийн ажлын байр дээрээ хувь нэмэр оруулж ирээдүйн замаа засах сонирхол төрж эхэлдэг. Замаа засах хамгийн хялбар арга нь эмийг нь нийтэд худалдаалах зөвшөөрөл олгоход тус дэм үзүүлэх байдаг. Ийнхүү ашиг сонирхлын зөрчил нь төрийн хяналтын системийг үр ашиггүй болгодог байна.
Манай эмийн компаниуд шинэ эм хийлээ л гэдэг. Үнэндээ туршилтад оролцох зар тавьж барьсан юм хайгаад олсонгүй.
Гадаадад бол сайн дурынхныг ажлын зар дээр зар тавьж олж авдаг. Хууль журамдаа “Монголд бүтээгдсэн шинэ эмийн эмнэлзүйн туршилт “Хельсинкийн тунхаглал”-ын дагуу явна” гэж заасан байдаг ч үнэндээ туршилтаа хаана хэн дээр хийгээд байгаа нь бүрхэг гэдэг нь үнэн шүү дээ. Ер нь энэ талын судалгаа туршилтын үр дүнг ил мэдээлдэг цахим хуудсыг ажиллуулдаг болмоор байна.
Дэлхийн хаанаас ч clinicaltrials.gov цахим хаяг руу холбогдоод хаана, ямар туршилт явагдаж байгааг мэдэж болж байна. Энэ нь өвчтөнүүдэд ашигтай байж болно. Жишээ нь хөнгөвчлөх эмчилгээ манайд маш дутуу хөгжсөн. “Эмчилгээгүй” гээд эмнэлгээс гаргачихдаг. Эвтаназийг хуулиар хориглосон. Тэгвэл энд ямар ч аргагүй байдалд орсон өвчтөн өвчин намдаах чиглэлийн урт хугацааны туршилтууд хаана явагдаж байгааг олж мэдээд очоод орчих боломжтой харагдана. Чадамжгүй төр засаг клиникийн туршилтыг хүртэл боломж гэж хардаг болгох гэж.
Эрүүл мэндийн салбар нь 200 гаруй жил хөгжчихсөн АНУ, Европын орнуудад туулсан зам бий. Харин 80 гаруйхан жил болж байгаа Монгол Улс туулах замтай. Алдаа дутагдал гарах бүрийд “Ардчиллын зарчим ийм юм. Америкчууд ч цагтаа ингэж алдаж оносон түүхтэй” гэх номнол хаа нэгтээгээс сонсогдог. Гэвч энэ бол буруу бөгөөд хоёр зууны тэртээх Америк, одоогийн Монгол хоёрын хооронд том зөрүү бий. Адаглаад л Америкийг шинжлэх ухаанаа хөгжүүлэх гээд, алдаж онож, байхад хажууд нь бариад идчих том гүрэн байсангүй. Харин өнөөгийн Монгол бол ондоо. Тогтоон барих, сулруулах олон, олон механизм бий болсон үед хөгжих гэж улс үндэстнээ авч үлдэх гэж ядаж байна. Ийм хүнд зорилтоо биелүүлэхийн тулд бид эрүүл байх ёстой. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй түшмэд, ТББ-ыг дураар нь тавьж, салбарын яам нь хүртэл хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглохыг зөвшөөрөөд баймааргүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.82
эм гэдгийг бизнес болгохоо л болимоор байгаа юм. үүн дээр ямар бодлого баридаг юм бол
Хариулах103.212.118.205
Харинч монголд тусгай зөвшөөрөлтэй компаниуд сайн эмнүүд оруулж ирдэг. Ганзагачид муу эм оруулж ирж хямдаар зардаг. Хэрэглэгч нь давхар хяналт тавих ёстой
Хариулах202.21.127.142
Хов базах биш, нийгмийн өмнө тулгарч буй асуудлыг хөндөж бичдэг сэтгүүлч мэр сэр гарч ирж байгаад талархаж байна. Амжилт хүсье. Ийгл зурагтаар бас нэг сэтгүүлч энэ асуудлыг хөндсөн нэвтрүүлэг хийснийг үзсэн.
Хариулах202.72.240.53
нөгөө л хулгайч нар хуурамч эморуулж ирж бизнэс хий жбайгаа шүү дээ хянадаг газар байхгүй удахгүй мөхөх байхдаа
Хариулах202.70.44.46
ЭМЯ гэж завхарсан газар орж ирж байгаа эмээ ч хянаж шалгаж чадахгүй, хэзээ яанартай эм хэрэглэх вэ
Хариулах