Жолооны эрхгүй машин барьсан согтуу жолоочийг торгожээ

Х.Есү
2024/03/05

Иргэн Ц.Н-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа дуусгавар болсон үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тус аймгийн цагдаагийн газраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийтгэл оногдуулах саналтай шүүхэд ирүүлжээ.

Холбогдогч Ц.Н-ийн дээрх үйлдэл зөрчлийн материалд авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон, түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулах тул түүнд хуульд заасан шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэсэн байна.

Тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил нь  “албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах” шийтгэлтэй бөгөөд холбогдогч нь 6-7 долоо хоногтой жирэмсэн болох нь Эрүүл мэндийн төвийн хүний их эмчийн тодорхойлолт, жирэмсний ЭХО зураг зэргээр  нотлогдожээ.

Шүүх баривчлах шийтгэлийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд оногдуулах ба “жирэмсэн эмэгтэй, арван дөрөв хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн, баривчлах шийтгэл эдлүүлэхэд саад болохуйц өвчтэй хүнд оногдуулахгүй ” бөгөөд “ баривчлах шийтгэл оногдуулахгүй тохиолдолд нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгох шийтгэл оногдуулж болохоор  хуульчилсан байна.

Иймд  холбогдогч Ц.Н-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэлийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 105.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж,  уг шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд төлөхийг үүрэг болгожээ. Ийнхүү шийтгэл оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүний хувийн байдал, зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулжээ.

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна