Цагдаагийн дарга нар “БУРУУГҮЙ” буюу хуулийнхний ХУУДУУ

Zuv.mn
2024/03/05

Одоогоос жил гаруйн өмнө ажлаа хийж явсан цагдаа сая төгрөгийн хахуулийн саналаас татгалзсан нь томоохон асуудлын эхлэл болох юм гэж хэн ч мэдээгүй биз.

Энэ хэрэг Монгол Улсын хоёр дахь том хот Дархан-Уул аймагт болжээ. 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр иргэн М.Соёл-Эрдэнэ УЧ 9990 улсын дугаартай чиргүүлтэй Mercedes benz, Actros 963-4-A загварын автомашинаар хууль бусаар их хэмжээний мод тээвэрлэж явсныг тус аймгийн Замын цагдаагийн тасгын зохицуулагч Ц.Бат-Оргил илрүүлэн шалгаж эхэлсэн байна.

Тухайн үед М.Соёл-Эрдэнэ гэгч нь өөрийг нь зогсоож, шалгасан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Бат-Оргилд албан чиг үүрэгтэй нь холбогдуулан өөрийн хууль бус үйлдлийг шалгуулахгуй байх зорилгоор 1.000.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан ч амжилт олоогүй.

Улмаар гарал үүслийн гэрчилгээгүй 14.9 м3 нарсан банз тээвэрлэж явсан М.Соёл-Эрдэнэд  Дархан-Уул аймгийн Прокурорын газрын еренхий прокурор Т.Ууганбаатарын хүсэлтийн дагуу түүнд байгаль экологид 3 сая 500 мянга орчим төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзсэн байдаг.

Гэтэл дээрх үйлдлийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг нарын “даалгавар”-аар Цагдаагийн газрын гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан шалгахгүй явуулж, Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Т.Батнямаар дамжуулан тус Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.Замд чиглэл өгч хэргийг замхруулсан байдаг.

Уг хэргээс анхаарал гойд татаж буй нэг зүйл нь тус аймгийн цагдаагийн дарга нар хууль бус мод бэлтгэл, тээвэрлэлтийг өөхшүүлэн дэмжиж, хамгаалсаар ирсэн үү гэх хардлага юм.

Хууль сахиулж ажиллах учиртай, ажиллаж явсан нөхөд өөрсдөө түүнийгээ зөрчиж, аархаж яваа нь хөндөх сэдэв яах аргагүй мөн юм.

Тухайлбал, Д.Ганзориг хурандаа 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Mitsubishi ASX маркийн 2785 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Төрмөнх болон  зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Д. Энхбаясгалан нар нь илрүүлсэн байдаг.

Гэвч эрхэм хурандаа ганц утас цохиод л Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Энхтайвнаар “хэлүүлж”, ямар нэгэн хариуцлага үүрэлгүй явсан байгаа юм. Ингэхдээ “Би удахгүй ажилдаа эргээд ирнэ, хүн шиг байгаарай” гэхчилэн  заналхийлсэн гэдэг.

Угтаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдвол “Нийтийн албан тушаалтан албан үүрэг , бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жилийн хорих ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг. 

Гэвч дээрх хэргийг Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон ч Нийслэлийн прокуророос  эсэргүүцэл гаргаж хэргийг дахин шүүх хянан хэлэлцэхээр болсон юм. Шүүх хурал тун удахгүй болох мэдээлэл бий.

Ер нь л аймагтаа эрх мэдлээ хэтрүүлж “хаан шиг” аашилж, төрд, түмэнд хохирол учруулсаар ирсэн баримтууд ганц энэ биш гэдгийг учир мэдэх хүмүүс нь ч хэлдэг юм билээ. 

Бидэнд ирсэн мэдээллээр хурандаа Д.Ганзориг нарын 11 хүний хэрэг шүүхийн шатанд яваа ч танил тохой татаж, аргалж, аргалуулахаар хөөцөлдөж буй гэх. 

Итгэхэд бэрх хэдий ч шүүх Д.Ганзориг нарын хэргийг шударга шийдэх эсэхийг гаргах эсэхийг харах л үлдлээ.


 

 

 

 

 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.186
    2024/03/05

    Арай арай

    Хариулах
  • 103.57.93.180
    2024/03/05

    Хэн эрх мэдэлтэй нь гаргасан хууль дүрмээ зөрчөөд байхаар чинь энэ улсын ажил урагшлах уу? ... Танил тал бол ажил бүтдэггүй, тээг болох нь бий. Эцэст нь улс хохирдог байж болохгүй. Ялангуяа хуулийнхан болон цагдаагийн ажилтан шударга, ёс зүйтэй байх нь чухал шүү.

    Хариулах
  • 66.181.191.169
    2024/03/05

    баахан хүмүүсийг чирсэн үү

    Хариулах
  • 202.21.99.2
    2024/03/05

    наад Ганзориг чинь баахан амьтан чирээ биз

    Хариулах
    • 66.181.185.75
      2024/03/05

      yum xiij bga xunee deesh n gargaxgui ataarxaj ywdag xumuus ix bolj de