Р.Базарын баривчилгаатай холбоотой асуудлаар "МАК" мэдэгдэл гаргажээ

Zuv.mn
2024/04/16

Р.Базарын баривчилгаатай холбоотой асуудлаар "МАК" мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Eguur.mn сайтад 2024.04.16-ны өдөр тавигдсан “С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Н.Номтойбаярт очих МАК-ийн 20 сая Р.Базараар дамжсан гэх схемийг шалгаж эхэлжээ” гэх гарчигтай нийтлэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

“Монголын Алт” (МАК) ХХК нь Нарийн сухайтын уурхайд үйл ажиллагаа явуулж, нүүрс экспортлохтой холбоотойгоор БНХАУ-ын маш олон аж ахуйн нэгжүүдтэй олон улсын худалдааны гэрээ байгуулан ажилладаг бөгөөд тэдгээрийн нэг нь БНХАУ-ын Чинхуа групп болно.

Чинхуа групп нь уул уурхай, нүүрс химийн салбарт голлон үйл ажиллагаа явуулдаг, нүүрсний эцсийн хэрэглэгч ба БНХАУ-ын Өвөр монголын 500 том компанийн нэг юм.

Манай компани нүүрс экспортын үйл ажиллагааг хил, гаалийн байгууллагын байнгын хяналт шалгалт дор явуулдаг ба нүүрс экспортын орлогыг 100% Монгол Улсын банканд төвлөрүүлж, Монгол Улсын төсөвт зохих татвар, хураамж, төлбөрийг төлсөөр ирсэн. Тийм ч учраас нүүрс экспортын үйл ажиллагаанд аливаа зөрчил гарч байгаагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Бидний зүгээс манай компанитай гэрээ байгуулсан гадаад хуулийн этгээдүүдийг олсон орлогоо цааш хэрхэн, яаж захиран зарцуулж буйг нь хянах, мэдэх бололцоогүй.

Иймд Eguur.mn сайтаас учир шалтгааны холбоосгүй, илт худал мэдээ, нийтлэл бэлтгэн тарааж “Монголын Алт” (МАК) ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж буй үйлдлээ зогсоож, залруулга гаргахыг шаардаж байна.

Хэрвээ энэхүү хууль бус үйлдлээ зогсоож, залруулга гаргаагүй тохиолдолд холбогдох төрийн байгууллагад гомдол гаргах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна