Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийгдэж байгаа. Өнөөдөр /2024.04.27/ тус хоёр нүхэн гарц байгуулж буй таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзварын хэсэгт байгуулж буй төслийн хэрэгжилтэд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, "Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын захирал У.Баатарын хамт хяналт тавьж ажиллалаа.
Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тодруулбал, Таван шарын гарамын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт 2 цаг зогсдог ба энэ нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг 5 цагаар удаашруулдаг тооцоолол гарсан юм.
Нүхэн гарцын зорчих хөдөлгөөн 6 дугаар сард нээгдсэнээр баруун зүгийн авто замын түгжрэл 10.5 хувиар бууруулах ач холбогдолтой.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хоёр дахь нүхэн гарц бол Геологийн төв лабораторийн уулзварыг эрчим хүчний авто замтай холбохоор хийгдэж байна. Тус нүхэн гарц яармагийг нэгдүгээр хороололтой холбохоор хийгдэж буй авто замтай нийлэх юм. Өнөөдрийн байдлаар нүхэн гарцын түр байгууламжийг барьж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг төслийн захирал У.Баатар хэлж байна.
Энэ хоёр нүхэн байгууламж ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төлийгүй Яармагийн түгжрэл тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой гэдгийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгон хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна