Мөн хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүс техник эдийн засгийн үндэслэлийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эко аж үйлдвэрийн паркийн захирал Б.Мягмар танилцууллаа.
Тэрбээр “Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд арьс ширний экспортын үнэ, хэмжээ буурах хандлага ажиглагдаж байна. Энэ нь түүхий эдийн чанар муу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт бага, аж үйлдвэрийн төвлөрсөн дэд бүтэц байхгүй, чадварлаг боловсон хүчин дутмаг зэрэг шалтгаанаас үүдэлтэй” хэмээв. Тиймээс арьс ширний боловсруулалтад хөгжингүй технологийг нэвтрүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч, татварын дэмжлэг үзүүлэх зайлшгүй хэрэгтэй гэв. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн хугацаа 2025-2039 он хүртэл 15 жил үргэлжлэх бөгөөд барилга угсралт 3 жил үргэлжлэх аж. “Эмээлт” паркийг хөгжүүлэх таатай орчин бүрдсэнээр арьс ширний чанар сайжирч, түүхий эдийн хаягдал багасаж, арьс ширний экспортын эзлэх хувь, хэмжээ өснө. Экспортын үнийн хувьд 2022 онд нэг арьс 2 ам.доллар байсан нь 2039 онд 8 ам.доллар болж өснө. Ингэснээр 2022 онд 5 сая ам.доллар байсан орлого 2039 онд 38 сая ам.доллар болно. Эмээлт эко аж үйлдвэрийн парк ашиглалтад орсноор арьс ширний үйлдвэрүүдийг тус бүс рүү нүүлгэж, төвлөрлийг сааруулан, агаарын бохирдлыг бууруулах, ажлын байр бий болгох зэргээр хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХХК-ийн захирал Б.Мягмар онцлов.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр “Маш олон хүний оролцоотойгоор, бүр тодруулбал, үе үеийн ИТХ, Засаг дарга, тус паркийн удирдаж байсан хүний идэвх зүтгэлээр энэ ТЭЗҮ батлагдлаа. Энэ хооронд хугацаа алдах шалтгаан байсан нь коронавируст цар тахал. Ковидын дараа эдийн засгийг сэргээх дэмжлэгийг өгсөн олон улсын байгууллагуудад Нийслэлийн ИТХ талархал илэрхийлэх нь зөв юм” гэлээ. Улмаар тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүс техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар /2024.04.18/ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12.8 га газрыг спортын арга хэмжээ, ногоон байгууламжийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбилцол, талбайн хэмжээг баталсан. Уг тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон байна.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.74
Эмээлтийн гуу жалгуудаар малын цусан гол урсаж байхад элэнцгийнх нь эко парк байхав дээ.
Хариулах