Долоон сар сураггүй алга болсон залууг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ

Х.Есү
2024/05/10

2023 оны 11 дүгээр сард самарт яваад сураггүй болсон 33 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. 

Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км, сумын төвөөс 108 км-т/ 8 хүн самар түүж явснаас иргэн Г нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газраас 2023.11.18-ны өдрөөс 12.03-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, цаг агаарын нөхцөл байдлын улмаас түр зогсоосон.

Мандал сумын Засаг даргын 2024.05.06-ны өдрийн А/141 дүгээр захирамжийн дагуу эрэн хайх ажиллагааг 05.06-ны өдрийн 17:50 цагаас дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Байгаль хамгаалагч, ар гэрийнхэн, орон нутгийн иргэдтэй хамтран иргэн Г/33 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 05.09-ний өдрийн 09:15 цагт дахин эхлүүлж "Хатант" голоос /урд зүгт 15 км/ явганаар, мөн байрлаж байсан отог “Байшинт” гэдэг газарт очиж 2 хэсэгт хуваагдан зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоосон. 05.10-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна