М.Оюунчимэг: УИХ-ын гишүүн гэдэг бол дарга биш

С.Гандэлгэр
2024/05/12

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевизийн Цаг үе, үзэл бодол нэвтрүүлэгт оролцлоо. Түүний байр суурийг хүргэе.

Яам, ЭМДЕГ, ЭМД-ын Үндэсний зөвлөл, Хүний эмийн зөвлөл зэрэг шийдвэр гаргах түвшний хүмүүс нь бүгд өөрийн хамаарал бүхий компанитай, аалзны тор шиг болчихсон байна

- Юуны түрүүнд хамгийн сүүлд нэлээн хүчтэй яригдсан Эмийн сонсголын талаар яриагаа эхэлье. Эрүүл мэнд бол нийт хүн амын амь настай холбоотой салбар. Гэвч Эмийн сонсгол дээр арай ч дээ гэж дуу алдах хэмжээний мэдээллүүд нэлээн яригдлаа. Сонсголын дараа Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо татан буугдсан. Одоо эргээд харахад сонсголын үр дүнг юу гэж харж байна вэ?

- Энэ бол маш чухал асуудал. Миний хувьд энэ асуудлаар сүүлийн гурван жил хөөцөлдөж байна. Эхэн үед ганцаараа энэ талаар дуугарч байсан болохоор олон нийтийн сүлжээнд нэлээд “галд өртөж” байлаа. Гэхдээ бууж өгөөгүй. Учир нь УИХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга байхад ард иргэдээс энэ талаар маш гомдол санал ирдэг байлаа. Тиймээс гүйцэтгэлийн аудит хийлгүүлэхэд маш ноцтой зөрчлүүд гарсан. Уг нь Үндэсний аудитын газарт Дэлхийн эрүүл мэндийн газар аль 2015 онд ийм ноцтой зөрчлүүд байна, ийм арга хэмжээ ав гэж зөвлөж өгч байсан юм билээ. Гэтэл дээрх зөрчлүүд 2019, 2020 он хийсэн аудитаар дахиж гарч ирсэн. Ямар ч өөрчлөлт ороогүй байсан. Ингээд Ажлын хэсэг гараад шалгаж үзээд, манай улсын эмийн салбар анхаарал хандуулахгүй бол болохоо байсан, аюулгүй байдал нь алдагдчихсан юм байна гэдэг нь тодорхой болсон. Энэ талаар ярихад  эхэндээ мөн л олон нийт хүлээж аваагүй. Манай зарим гишүүд хүртэл улс төрч хүн өөртөө дайсан хураагаад яахав гээд шантарсан. Хүний амаар ордог хоёрхон зүйл байдаг. Нэг нь хүнс, нөгөө нь эм. Тиймээс бидний хэдэн улс төрчид ард иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой учир зогсож болохгүй гээд тууштай явсны үр дүнд УИХ-ын дарга, Ерөнхий сайд анхааралд очиж, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулсан. Үр дүнгээ өгнө гэж найдаж байна. 

- Эмийн сонсголын үеэр эрүүл мэндийн 140 гаруй удирдах албан тушаалтан, 7000 гаруй хамаарал бүхий этгээд байна гэдэг тооцоо гарсан. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө эмийн салбартаа хамааралтай, ашиг сонирхол нэгтэй болчихоор үнэнийг хаанаас хайх вэ, шударга ёс хаана байна вэ гэдэг гэдэг асуулт тавигдаж ирсэн. Яг үнэндээ ард түмэн гацаанд орсон гэхэд болно?

- Яг тийм. Хүний эрүүл мэндээр бохир бизнес хийж болохгүй. Энэ бол үнэхээр хүн чанаргүй үйлдэл. Гэхдээ энд ЭМЯ болон эрүүл мэндийн салбарынхныг бүгдийг буруутгаж болохгүй. Энэ салбарт хүний эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байгаа мянга мянган мэргэжлийн баг бий. Харин шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа цөөн хэдэн албан тушаалтнууд болон яам нь өөрөө компаниудын ашиг сонирхолын төвлөрөл болчихсонд учир байгаа юм. Манай эмийн салбарт цөөн хэдэн компани монополь болчихсон нууц биш. Энэ компаниуд хүний эрүүл мэндийн талаар, эмийн талаар чухал шийдвэр гаргадаг Хүний эмийн зөвлөл болоод бусад салбар зөвлөлүүдэд өөрсдийн хүмүүсээ 3,4-өөр нь оруулчихсан. Улмаар зөвхөн өөрсдийн бизнесийн төлөө шийдвэр гаргуулаад сууж байна. Үндэсний лаборатори нь энэ эмийг ашиглаж болохгүй, зах зээл рүү гаргаж болохгүй, осолтой гэдэг дүгнэлт гаргачихаад байхад анагаахын лабораторид шинжлүүлээд болно гэдэг дүгнэлт гаргуулчихдаг. Үүнийг нь Хүний эмийн зөвлөл “болно” гээд хүлээж аваад байгаагийн цаана нь нэг компанийн эрх ашиг нуугдаж байгаа нь ойлгомжтой. Тухайлбал нүдний дусаалга, даралтны эм, уналт таталтын эм дээр ийм ноцтой зөрчил гарсан. Гэтэл эдгээр эмийг зах зээл дээр хүмүүс аваад хэрэглэчихсэн байхыг үгүйсгэхгүй. Тэр байтугай эдгээр эмийг уугаад ямар сөрөг нөлөө үзүүлсэн бэ гэдгийг ч тодорхойлж чадахгүй түвшинд хүртлээ манай улсын эмийн салбар хяналтгүй болсон байна шүү дээ. Энэ бол тодорхой болсон зүйл. Яам, ЭМДЕГ, ЭМД-ын Үндэсний зөвлөл, Хүний эмийн зөвлөл гээд шийдвэр гаргах түвшний бараг бүх хүн өөрийн хамаарал бүхий компанитай, аалзны тор шиг болчихсон. ЭМ-ийн сайд С.Чинзориг эмийн салбарыг мафижсан гэж хэлж болохгүй гэдэг байсан бол сонсголын дараа үнэхээр монополь болчихсон байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 

- Энэ бол манай тогтолцооны гажуудал. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эмийн салбараа тэр чигт нь хувийн хэвшилд өгчихсөн. Төр энэ салбарыг зөв явж байна уу гэдэг дээр хяналт тавиагүй. Тиймээс төр өөрсдөө буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг санаа гарсан?

- Тийм. Гэхдээ энд 100 хувь хувийн хэвшлийнхнийг буруутгах аргагүй. Хувийн хэвшлийнхэн бол бизнес хийхээ л бодно. Харин үүний гол буруутан нь дээрх ААН-үүдийг нэгдсэн бодлогоор зангидаж авч явах ёстой төрийн байгууллагууд нь өөрөө юм. Хэрвээ яам болон бусад төрийн байгууллагууд эмийн салбарт хуулиа бариад хатуу зогссон бол хэзээ ч ийм байдалд ортлоо доройтохгүй. Гэтэл манайд хэрэглэгдэж байгаа эм, эмийн хэрэгсэл нь хил гаалиар орж ирэхээс эхлээд ямар ч хяналтгүй байна. Манай улс эмийн хэрэглээнийхээ 86 хувийг импортоор оруулж ирдэг. Гэтэл хилийн үнэлгээ нь хүртэл өөр, өөр. Гааль кг-аар нь тооцдог бол, эрүүл мэндийн байгууллагууд ширхгээр нь тооцдог байх жишээний. Энэ үнэлгээн дээр зөрүү гарахаас эхлээд тухайн эм нь ямар ч кодгүй, мэдээлэлгүй байгаа нь эмийн зах зээлд дүн шинжилгээ хийхэд хаалт болж байгааг манай шинжээчид хэлж байна. 

Эмийн түр хороо зарим гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийг УЕПГ-т, ашиг  сонирхлын зөрчилтэй үйлдлүүдийг АТГ-т өгч шалгуулна 

- Эдгээр алдаа, завхралуудыг яаж арилгах вэ, ямар дүгнэлтэд хүрээд байна вэ?

- Сонсгол бол нэг ажил. Шинжээчид нотлох баримтад үндэслээд ард иргэдэд мэдэх эрхийг нь өгсөн. Манай улсын эмийн зах зээл бодлого нь алдагдаад аалзны тор шиг болчихсон байна, бидний хэрэглээд байгаа эмийн чанар тодорхойгүй байна, энэ төрлийн бизнес далд, нууцаар явагдаж байна гэдгийг гаргаад ирчихсэн. Одоо бид үүнийг засах ёстой. Заавал засах ёстой, яагаад гэвэл энэ бол хүний эрүүл мэндтэй, нийтийн эрүүл мэндтэй холбоотой асуудал. Манайд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар бүгдийг зохицуулах учиртай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Үндэсний аудитын газар, Азийн хөгжлийн банкны судалгаагаар манай улсын эмийн салбарын бодлого алдагдчихсан байна гэдгийг аль 2015 онд тогтоочихоод байхад энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оноос хойш УИХ-ын босго давахгүй унасаар өдийг хүрсэн. Тэр байтугай манай хүүг 1 ам.долларын эмийг яагаад 100 ам.доллараар зарж байгаа юм бэ, хаанаас орж ирсэн нь тодорхойгүй байна, үүнд анхаараач гэж хэлсэний төлөө олон нийтийн сүлжээгээр дайруулж, хуулийн ажлын хэсгээс нь гаргасан. Үүний цаана эмийн монополь компанийн ах, дүү төрөл төрөгсөд нь ЭМДЕГ-ын дэд даргаас эхлээд албан тушаалд хүрчихсэн. Өөрсдийнх нь ашигтай бизнесийг хаах нь гэдэг айдас байсан байгаа юм. 

Өнгөрсөн хугацаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-д оруулж ирсэнийх дараа Засгийн газар нь буцаагаад татчихдаг, Их хуралд орж ирэх үед нь ямар нэг байдлаар хэлэлцүүлдэггүй байсан нь дээрх компаниудтай холбоотой байсан юм билээ. Харин сонсголын дараа ЭМ-ийн сайд С.Чинзориг энэ хуулийг Засгийн газартаа өргөн бариад, УИХ хэлэлцэхийг дэмжээд одоо Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Цаашлаад Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль энэ хаврын чуулганаар батлагдах түвшинд хүрч байгаа нь үр дүн гэж харж байна. Хуульд сонсголын үеэр гарсан ашиг сонирхолын зөрчил, монополь байдлыг халах заалтуудыг маш тодорхой оруулж өгсөн. Коджуулах, цахимжуулахаас эхлээд эмийн зохистой хэрэглээг бий болгох, хяналтыг хаана, яаж тавих вэ, Хүний эмийн зөвлөлийг хэрхэн яаж сонгох вэ гэдэг дээр алдаануудаа засна. Нөгөө талаар түр хорооноос зарим гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийг УЕПГ-т, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн байх магадлал цөөнгүй албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т өгнө.  Энд заавал хариуцлага тооцох ёстой. Яагаад гэвэл монголчууд цөөхүүлээ. Хэдэн жилийн дараа энэ байдал дахин давтагдаж, нийтийн эрүүл мэнд ноцтой хүрч болзошгүй тул хаяж болохгүй. 

- УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байсны хувьд эрүүл мэндийн салбарт илүүтэй анхаарал хандуулдаг хүний хувьд дахин нэг зүйл асуухад, эрүүл мэндийн салбарт хийх дотоод, гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй байх ёстой. Үүн дээр та санал нэгдэх үү. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг тасалдуулах, бууруулах эрхгүй юм шиг санагддаг?

- Ялангуяа эмийн салбарт хүн бизнес хийж болно. Гэхдээ хүний эрүүл мэндийг хохироох, чанарын түвшинг нь бууруулах эрхгүй. Цар тахлаас хойш манайд эмийн үнэ 90-413 хувь өсчихсөн байна. Үнэ нь ингэж нэмэгдсэн хэрнээ, чанар нь муудчихсан. Бусад эмийн өндөр зохицуулалттай улсад улсын Үндэсний лаборатори нь хамгийн өндөр, шилдэг технологитой, маш сайн хяналттай байдаг. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа эм нь байх ёстой грамманд байна уу, чанар нь ямар байна гэдгийг химийн болон биологийн бусад бүх шинжилгээгээр шинжилсэний дараа зах зээлдээ нийлүүлдэг байхад манай эмийн мафи үндэсний лабораторийг хүртэл ажиллуулахгүй “хөлдөөчихсөн”. Манай Үндэсний лаборатори тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй, ажиллахгүй байх жишээтэй. 

Уг нь Засгийн газар өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбартаа хэдэн их наяд төгрөг зарцуулсан. Гэвч үе үеийн зарим Эрүүл мэндийн сайд нар Үндэсний лабораторитоо анхаараагүй нь эмийн бизнесийнхны нөлөө их байсан гэсэн үг, нэгдүгээрт. 

- Хоёрдугаарт бусад улс оронд импортоор орж ирж байгаа эмэндээ тусгай зохицуулалт хийж өгдөг. Эмийн лаборатори нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд байдаг. Хүнс, эмийн лаборатори нь нэг байдаг. Гэтэл манайд энэ зохицуулалт нь  алдагдчихсан.  Үүнээс болж  импортын эм асар их нэмэгдсэн. Өнгөрсөн 2022 онд гэхэд манай улс 8,6 тонн эм хэрэглэсэн байна. Эм нь чанаргүй учраас дахин дахин авч уудаг. Сүүлдээ дархлаагүй болчихсон. Иргэд гадаадаас авсан эм надад илүү үйлчилж байна гэдэг. Ер нь манайд эмийн чанар ямар байна вэ гэдгийг сонсголоор баримттай гаргаж тавьсан. Цар тахлаас хойш хадгалалт, тээвэрлэлт, инфляц, валютын зөрүү зэргээс шалтгаалж эмийн үнэ өсөх нь өссөн. Гэхдээ импортлогч компаниуд энэ зардлаа шат шатан дээрээ нэмчихсэн. Үүнээс улбаалж эмийн үнэ 98-413 хувиар нэмэгдсэн тодорхой болсон. Хэн нэгэн даргын эрх мэдлээс болж үүссэн ачааг ард түмэн үүрэх ёсгүй. Түр хороо татан буугдлаа гээд ажил зогсчихгүй. Зах зээл нь жам ёсоороо яван явтал хяналтаа тавьж ажиллана. 

- УИХ Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдаад өнгөрсөн 4 дүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж байна. Энэ хууль бол эмийн салбартай нягт холбоотой. Ялангуяа улс орнуудад нийтийн хамарсан өвчлөл гарах магадлал өндөр байгаа энэ цаг үед нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлыг хуулиар албажуулж өгсөн нь их чухал гэж харсан?

- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн зорилго нь ерөөсөө л энэ. Өнөө цаг үед аливаа улс орнууд эрүүл мэндийн салбартаа ихээхэн анхаарч байна. Манай улсад төсөв батлагдах үед эрүүл мэндийн салбарын төсөв ДНБ-ын 3-4 хувиас хэтэрдэггүй байсан. Харин эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэнээр яагаад хүний хөгжилдөө анхаарахгүй байгаа юм, яагаад боловсрол, эрүүл мэнддээ яагаад анхаарахгүй байгаа юм бэ гэдэг дээр дуу хоолойгоо хүчтэй гаргаж, лобби бүлэг байгуулсны хүчинд Монгол Улсын Их Хурал анх удаа нийгмийн эрүүл мэндийн тухай хууль баталсан. Бид иргэдээ өвдсөний дараа эмчлэх гэж бөөн мөнгө зарцуулдаг. Яг үнэндээ энэ нь иргэдийг санхүүгийн дарамтад оруулж, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулагдаж, зөвхөн бизнесийнхыг л хөлжүүлээд өнгөрдөг. Эмийн зах зээл дээр гэхэд л 2019 онд 40 тэрбум, 2023 онд 90 тэрбум, 2024 онд 137,4 тэрбум төгрөг гээд жил бүр иргэдээ өвдөхгүй байхад нь анхаарч байна нэмж төсөвлөж ирсэн.  Гэтэл энэ мөнгө далд хэлбэрээр компаниудыг нь санхүүжүүлж байсан юм байна гэдэг нь сонсголоор ил боллоо шүү дээ. Тэгэхээр Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль батлагдснаар иргэдээ өвдүүлэхгүй байх, эмийн зохистой хэрэглээг дадал болгоё, урьдчилан сэргийлье, өвдсөний дараа эмнэлэгт хэвтэх биш нийгмийн анхан шатны тусламж үйлчилгээ нь анхаарал хандуулъя гээд зардлыг нь 2 дахин нэмсэн. Хуулиа хэрэгжүүлээд нийгмийн эрүүл мэндийн төвтэй байя гэж байгаа юм. Галт тэрэг бол хөдөлсөн. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлснээр асуудлыг өргөс авсан юм шиг шийдэхгүй. Маш их эрсдэлтэй тулгарч байна. Элдэв дарамталсан мессэжүүд их ирж байна. 

Улаанбаатар хотын хөрсний бохирдол 98 хувь буюу маш ноцтой хэмжээнд хүрчихсэн

- Ярилцлагынхаа сэдвийг хот руу чиглүүлье. Манай улсын нийт хүн амын 50-аас дээш хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Өнөөгийн хотын хөгжил, суурьшмал амьдралын аюулгүй байдлын талаар ярихаас өөр аргагүй байдалд байна. Таны хувьд нийслэл хотоос УИХ-д сонгогдсон гишүүн. Яг чмар асуудалд нь илүүтэй анхаармаар санагддаг вэ?

- УИХ-ын гишүүн гэдэг бол дарга биш. Намайг Чингэлтэй дүүргийн иргэд төлөөллөө болгож, УИХ-д сонгосон. Миний хувьд хөрс, агаарын бохирдол дээр илүүтэй анхаарал хандуулдаг. Энэ нь мөн л иргэдийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой. Улаанбаатар хотын хөрсний бохирдол 98 хувь буюу ноцтой түвшинд ирчихсэн. Энэ нь нүхэн жорлонтой холбоотой. Хотод бараг сая гаруй нүхэн жорлон байна. Үүний 60 гаруй хувь нь гэр хороололд байна. Өнгөрсөн зуны үерийн дараа эмнэлгүүд халдварт өвчлөлөөр  дүүрсэн. Үүний шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тоосжилт, хөрсний бохирдол гэж тогтоосон. Ялангуяа хөрсний бохирдол бол улаан гэрэл асчихсан. Засгийн газраас аялал жуучлалыг хөгжүүлэхээр ихээхэн чармайлт гаргаж байгаа. Өнгөрсөн жил ирсэн жуулчид монголд ганцхан хүндрэлтэй юм нь жорлон гэж нэгэн дуугаар хэлсэн. Гэр хорооллын нүхэн жорлонг халъя гэдэг уриаг аль 2017 оноос тавьж ирсэн. Чингэлтэй дүүргийнхээ хуучнаар 7 одоогийн 20 дугаар хорооныхоо 200 гаруй айлын дунд анх удаа хэсэгчилсэн инженерийн дэд төвийг байгуулсан. Өнөөдөр тэнд байгаа айлууд яндангүй, цэвэр бохирын шугамд холбогдчихсон, орон сууцанд амьдардаг иргэдээс хавь илүү амьдарч байна. Хүүхдүүд нь гараад тоглочихно, хашаандаа ногоо, жимсээ тарьчихна, хүлэмжтэй, зогсоолтой. Үнэхээр өөр түвшинд хөгжиж болно гэдгийг харуулж байгаа. 

- Дэд төвийнхөө тоог нэмэгдүүлэх боломж байна уу?

- Бид нийслэлд байтугай улсын хэмжээнд анхдагч төслийг хэрэгжүүлж чадсан. Харин одоо үүнийг УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манлайлал үзүүлээд 20 минутын хот буюу Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлье гээд Засгийн газар анх удаа цогцоор нь Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг оруулж ирлээ. Улаанбаатар хот 1986 онд баталсан ТЭЗҮ-гээр өнөөг хүртэл “амьдарч” ирсэн.  Үүнээс улбаалж, түгжрэл, агаар, хөрсний бохирдол гээд үе үеийн тулгамдсан асуудлууд ундарсан. Үүнийг төсөв хэлэлцэх үеэр шийдье гэхэд хотоос сонгогдсон гишүүд 24-хөн учир кнопоороо цөөддөг. Харин  энэ хаврын чуулганаар хотын эрхзүйн байдлын тухай хууль батлагдчихвал бидний эхлүүлээд байсан хэсэгчилсэн инженерийн дэд төвүүд олноор бий болох боломжтой болж, бодлогын түвшинд бүр санхүүжилттэйгээ хамт буюу сууриар нь шийдэгдэнэ гэсэн үг. 

- Хууль батлагдснаар хот эдийн засгийн хувд бие даасан шийдвэр гаргаад, дэд бүтцээ хөгжүүлээд, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болох юм байна. Ер нь хотын асуудлууд бие биенээсээ харилцаа хамаарал ихтэй. Харин энэ хуулиар суурь асуудал нь хаанаа байна вэ гэдгийг нарийн тодорхойлсон байна гэж харлаа?

- Улс төрчид бүгд хотод амьдардаг хэрнээ төсвийг нь хасдаг, хуулийг нь өм цөм оруулж ирдэг байсан бол одоо Улаанбаатар хотод өөрсдөд нь эрхийг өгсөн. Одоо хот өөрөө бонд босгохоор ажиллаж байна. Дээр нь газар чөлөөлөлт буюу газрын үнэлгээнээс болж гэр хорооллыг орон сууцжуулах ажил гацчихаад байдаг байсан. Иргэн, ААН хоёр газрын үнэлгээнээс болж хоорондоо үл ойлголцдог байсан бол одоо хот газрын үнэлгээ нь дээрээ өөрсдөө бодлогоо гаргаад явахаар энэ ажил маш урагштай явах бололцоо нээгдэж байна. Нөгөө талаар Засгийн газраас Үндэсний баялагын сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Стратегийн 16 ордынхоо 34 хувийг төр буюу ард түмэн эзэн нь байя гэдгийг хуулиараа тогтоочихлоо. Ингэхдээ Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сантай байна. Үүний Хуримтлалын санд нь сая 1,2 их наяд төгрөгийн санхүүжилтыг олгосон. Энэ санхүүжилтээр иргэдийн ипотекийн зээлийг шийднэ. Ингэхдээ 30 хувийг хөдөө орон нутагт, 70 хувийг гэр хорооллыг орон сууцжуулсан зээлд зарцуулагдана. 

- Өмнө нь ипотекийн зээл 400 тэрбумаас илүү гардаггүй байсан?

- Бидний баталсан хэмжээ нь л тэр. Гэвч энэ нь иргэдэд хүрэлцдэггүй байсан. Одоогийн байдлаар гэхэд л ипотекийн зээлд хамрагдахын хүссэн иргэдийн 17 мянга орчим хүсэлт байна. Харин 1,2 их наядаар 10 мянга орчим иргэдийн хүсэлтийг хангах боломжтой болж байгаа юм. Хуримтлалын сангаар эрүүл мэнд, боловсрол, орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг зохицуулах боломжийг хуулиар олгосон. Гэхдээ энэ бол бэлнээр мөнгө өгнө гэсэн үг биш.  Үндэсний олон нийтийн радио, телевиз санхүүгийн хувьд, засаглалын хувьд бие даасан байх ёстой

- Сэтгүүлч хүний хувьд салбарынхаа талаар асууя. Сэтгүүлзүйн хараат бус байхын цаад мөн чанарыг юу гэж харж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн салбарынхны талаар нэлээн олон зүйл яригдлаа. Таны хувьд төрийн түшээ, бодлого боловсруулдаг хүний хувьд эргээд харахад юу гэж дүгнэж байна?

- Мэргэжлийн сэтгүүлзүй аль ч улсад заавал байх ёстой. Энэ бол ардчиллын үнэ цэнэ, үнэнийн дуу хоолой, хүний эрхийн баталгаа нь болдог. Редакц өөрөө шударга, үнэн байж чадвал авлигал, хээл хахууль, хууль бус зүйлүүд хумигдана. Хуучин “Тоншуул”-аас сэтгүүлээс айдаг байлаа. Мөн МҮОНРТ-ийн мэдээг иргэд үнэн гэж хүлээж авдаг тухай судалгаа гардаг байсан. Одоо ч гардаг байх. Гэвч сүүлийн үед олон нийтийн нийгмийн сүлжээг иргэд сэтгүүлзүй гэж ойлгодог болчихсон. Үүний улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн хүчээ сайн гаргаж чадахгүйд ч байна уу сэтгүүлзүй, нийгмийн сүлжээ хоёрын баланс алдагдчихаад байна. Үүнд улс төрчдийн телевиз их болсонтой ч холбоотой ч юм уу агуулгыг нь алдагдуулах гэсэн оролдлого нэлээн гарсан. Гэхдээ энэ бол боломжгүй зүйл. Ер нь улс орнуудад маш чухал гурван салбар байна. Нэг нь Үндэсний олон нийтийн радио, телевиз, нөгөө хоёр нь банк, эрчим хүч. Энэ гурвыг онцгой бүс гэдэг. Тиймээс эдгээр салбарууд дээр бодлогоо зөв авч явах ёстой. 

Нөгөө талаас МҮОНРТ нь хуулийнхаа хүрээнд маш сайн ажиллах ёстой. Сүүлийн үед албан тушаалын маргаан үүсээд, удирдлага нь байн байн солигдоод байгаа юм шиг ойлголт нийгэмд өгөөд байна. Миний хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн. Манай байнгын хороо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг томилдог. Гэвч яг энэ асуудлаар маш их гомдол ирдэг. Тиймээс Ажлын хэсэг гарч, байдлыг судалж үзсэн, аудитын дүгнэлттэй танилцсан. Үүнээс харахад засаглалын болоод санхүүжилтын нэлээн зөрчлүүд байна. Үүнийг зайлшгүй засах ёстой. Ингэхдээ бодлогын түвшинд засах ёстой. Өмнөх удирдлагуудтай холбоотой асуудлыг ярьж байна шүү. Тухайлбал, засаглал дээр гэхэд л Үндэсний зөвлөл нь Ерөнхий захиралдаа ажиллах боломжийг олгох, Ерөнхий захирлынхаа санхүүжилт болоод бодлогын асуудалд нь хяналтаа тавих. Хяналтын зөвлөл нь Үндэсний зөвлөлийнхөө гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр анхаардаг байх гэх мэт зүйлүүд нь алдагдчихсан. Өөрөө хэлбэл гол алдаа нь Үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөл дээр байгаад байсныг аудитын дүгнэлтээр тодорхой харуулсан. Үүнийг засах хугацаатай үүрэг өгсөн. Заримыг нь засаад явж байгаа талаар мэдээлэл ирсэн. Түүнчлэн хураамжийн асуудал бий.

 Өнөөдөр МҮОНРТ ганцаараа хураамж авч байгаа юм биш. Өргөн нэвтрүүлгийн хуулиар 18 арилжааны телевиз хураамж авдаг болсон. Гэтэл МҮОНРТ нь аль 1990-ээд оноос хураамжтай болсон. Ингэхдээ тухайн үеийн 1 ам.доллараар тогтоож байсан юм билээ. Угаас Үндэсний олон нийтийн телевиз санхүүгийн хувьд, засаглалын хувьд бие даасан байх ёстой. Яагаад энэ бол сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага. Үүнд улс төр хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Засгийн газар тогтоолоор УИХ-д чиглэл өгчихсөн. Цаашдаа МҮОНРТ жинхэнэ утгаараа ажиллах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

- Таниас ийм үг сонсож байгаадаа баяртай байна. Та түрүүн яриандаа УИХ-ын гишүүн гэдэг бол дарга биш, ард түмнийхээ төлөөлөл гэсэн. Таны хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогоод ажиллаж байна. Найман жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд ард түмэн ер нь ийм л юм хүсээд байдаг юм байна, УИХ-ын гишүүд ийм л юм хийх ёстой байдаг юм байна гэдэг төсөөлөл танд буусан байх?

- Шударга ёс, ёс зүй. Аливаа албан газрын ажилтан өглөө 08 цагт ажилдаа ирэх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүн тааваараа ажилдаа ирдэг, асуудалд ханддаг байж болохгүй. Миний хувьд магадгүй сэтгүүлч хүн болохоор ч тэр үү ажилдаа цагтаа ирэх ёстой, нийтийн эрх ашгийн төлөө дуугарах ёстой, хууль батлах, батлалцах ёстой гэдэг хатуу зарчимтай. УИХ-д нэг ч удаа таслаагүй, чөлөө авч байгаагүй долоохон гишүүний нэг нь би. Ер нь УИХ-д хэн нь нийтийн эрх ашгийн төлөө ажиллаад байна вэ, хэн нь өөрийнхөө хувийн бизнесийн төлөө яваад байна вэ гэдэг нь ерөнхийдөө тодорхой болчихсон доо. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, нүүрсний сонсгол, эмийн сонсголыг хар. Тэнд нэг хэсэг хүмүүс хулгай хийж байгаа бол энд бас нэг хэсэг нь хуулийн хулгай хийгээд яваад байдаг. Энэ бүхэн эцэстээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг УИХ-ын 76 гишүүн бүгд л бүтэхгүй улс мэт ойлголтыг нийгэмд өгөөд байдаг. Энэ нь цаашдаа төрийн дархлааг үгүй хийх осолтой. Төрийн дархлаа гэдэг бол Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудал. Манай улс парламентын засаглалтай орон. Парламент гэдэг бол 3,5 сая хүн амын төлөөлөл. Олноороо ярилцаж байж шийдвэр гаргадаг нь ардчиллын баталгаа. 

Гэтэл хэсэг бүлэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод парламентын засаглалаа хүртэл буруутгах хандлага гарч байгаа нь маш их осолтой зүйл. Тиймээс УИХ-ын гишүүнд нэр төртэй байх ёстой. Манай сонгогчид хүртэл одоо хүнийг нь сонго гэдэг болсон. Энэ бол маш чухал. Ард түмэн Төрийн сүлд өршөө гээд сүүгээ өргөдөг. Тиймээс энэ их итгэлийг алдаж болохгүй. Итгэлийг нь алдахгүй гэж чармайж ажиллаж байна. Энэ УИХ анх удаа мөрдөн шалгах эрхтэй болсон. Хуулийн хэрэгжилтийг хангах хугацаанд төрийн мөнгийг яаж үрэн таран хийж, хулгайлж болдог юм бэ гэдгийг сонсголууд харуулсан. Одоо иргэд үр дүн хүсэж байна. Тиймээс үр дүнд нь хяналт тавиад ажиллаад явна даа. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.168.8
    2024/05/13

    xaxaxaxa

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/05/13

    зайл хулгайч авгай

    Хариулах
  • 122.201.31.175
    2024/05/13

    Сонгууль ойртохоор чадах ядахаараа гачаалдаад эхэллээ аль эрт энэ асуудлыг ярьж байхгүй яасан юм.Сэтгүүлч бол мэрэгжил биш чи бол улс төрч биш энэ жилээс эхлээд бусдыхаа эгнээнд ороод ганц нэг мэдээний төлөө диктофоноо үүрээд гүйнээ чи.Чингэлтэйхэн бүгдээрээ шил толь нь гялалзсан байранд орчихоо биз баяраллаа манай Чингэлтэйчүүд чиний тарыг таньсан чи бол зүгээр л хөөс баяртай бидэнд талархаарай авгай минээ

    Хариулах