Монгол Улсын Засгийн газраас соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан. Засгийн газраас соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор соёлын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтынхоо хүрээнд соёлын өв, үнэт зүйл зүйлээ хадгалж, ирээдүйд өвлүүлэхийн тулд барилга байгууламжийг нь шинэчлэх, шинээр байгуулах, засварлахад өнгөрсөн дөрвөн жил онцгой анхаарчээ. “Эзэнгүй”, устах аюул нүүрлэсэн соёлын биет болон биет бус олон мянган өвийг авран хамгаалахад барилга байгууламж, тэдний засвар шинэчлэлт хамгийн чухал нь. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд соёлын салбарт ирүүдүйд өвлөгдөх соёлын өв, үнэт зүйлээ хамгаалах томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн чухал жилүүд байлаа гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Соёлын салбарт сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт бол “Чингис хаан” музей. Шинэ музейн албан ёсны нээлтийн ёслол 2022 оны аравдугаар сарын 11-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, “Чингис хаан” Үндэсний музейн захирал С.Чулуун нарын албаны хүмүүс, төр нийгэм, соёл урлаг, спортын нэрт зүтгэлтнүүд, иргэд оролцсон.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинаа тунхаглан бадраасан Эзэн Богд Чингис хаан мэндэлсний түүхт 860 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний түүхэн гавьяаг олон улсын түүхч, судлаачид онцлон тэмдэглэсээр ирсэн билээ. "Чингис хаан" музейг олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх нь зүйтэй юм” гэдгийг онцолсон бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд Монголын нийгэм, соёлын салбарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт” гэдгийг тодотгож байв.
Мөн Соёлын сайд Ч.Номин үг хэлэхдээ “Чингис хаан” Үндэсний музей бол нэгэн зууны түүхэнд Монголын соёлын салбарт хийж байгаа дэлхийн жишигт нийцсэн хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд монголчууд бидний соёлын үнэт зүйлийг бүртгэн цуглуулж, хадгалан хамгаалж, судлан сурталчлах үүргийг дээд зэргээр гүйцэтгэх, мөн Чингис хаан судлал, Монгол судлалын гол зангилаа төв болж үйл ажиллагаа нь өргөжин тэлнэ” гэдгийг онцлон хэлж байв. Энэ музей нь нийт 11 мянга гаруй үзмэртэй. Нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны музей гэдгээрээ Ази тивдээ томоохонд тооцогдоно.
Музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь эх хувиараа бол үлдсэн хувь нь орчин үеийн техник ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байдаг.
Нийтдээ 200 гаруй уран бүтээлчид таван багц ажлыг хийсэн. Музейн орой хэсэгт 5.8 метр өндөртэй алтан шонхор байрлуулсан бол музейн хаалга уран дархны хийц агуулсан, алтадмал, эрдэнийн чулуу шигтгэсэн гээд дангаараа цогц бүтээл болж буй. Мөн барилгын хоёр талд 748 Монголын эртний овог аймгуудын тамгыг байрлуулж, уран барилгад шингээсэн соёлын салбарын томоохон хэмжээний бүтээн байгуулалтаар нэрлэгдэж байна. Мөн “National Geographic”-аас 2024 онд заавал зочлох соёлын 20 байгууламжийн нэгээр “Чингис хаан” Үндэсний музейг нэрлэсэн юм.
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫГ 27 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН НЭЭЛЭЭ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд байрлалтай Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусч, албан ёсны нээлтээ 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд хийлээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд соёлын салбарт ашиглалтад орсон 88 дахь бүтээн байгуулалт бол Хүүхэд, залуучуудын театр.
Соёлын салбар “эзэн”-тэй болсноор хот, хөдөөгүй бүтээн байгуулалт өрнөж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд нийт 87 барилга байгууламжийг барьж, ашиглалтад оруулжээ.
Тэгвэл шинээр үүд хаалгаа нээсэн Хүүхэд, залуучуудын театр салбарынхаа 88 дахь бүтээн байгуулалт болж, хүүхэд залууст зориулсан мэргэжлийн урлагийн байгууллага 27 жилийн дараа дахин үүдээ нээлээ.
Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд, залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. Тэгвэл 2021 оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад ороод байна.
ӨВ СОЁЛЫН ЦОГЦОЛБОР БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСНА
Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажил Соёлын яамны санаачлагаар 2022 онд эхэлсэн. Музейн сэргээн засварлалтын ажил одоо 65 хувьтай үргэлжилж байна. Уг музейг хамгийн сүүлд 1961-1962 онд бүрэн хэмжээгээр сэргээн засварласан бөгөөд сүүлийн 60 жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлах ажил хийж иржээ.
Энэ удаад Бурхдын сүм, Найдан сүм, Лавиран сүмүүдийг сэргээн засварлаж байгаа бөгөөд вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга, цонх зэргийг сэргээн засварлах юм.
Соёлын яамнаас "Богд хааны ордон" музейг сэргээн засварлахад 2022 онд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байдаг. Энэ музей нь Монголын хаант төрийн гүн бэлгэдэлтэй, шашны хосгүй үнэт эдлэл, түүхэн дурсгалуудыг агуулсан, уран хийц бүх сонгодог өв соёлын цогцолбор гэдгээрээ онцлог. Соёлын яамнаас Энэтхэг болон Өмнөд Солонгос улсаас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж, хамтран ажилласан.
Богд хааны ордон музей нь 1893-1903 оны хооронд баригдсан бөгөөд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж буй түүхэн дурсгалт барилга юм.
2020-2024 онд 158.2 мянган м.кв бүхий 87 барилга шинээр ашиглалтад орсноор орон нутагт 370.5 мянган хүнд, нийслэлд 1.7 сая хүнд соёлын төв, музейгээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэ онд гэхэд л соёлын 20 барилга ашиглалтад орохоор төлөвлөж байгаа аж.
Соёлын өвөө авран хамгаалж буй ТООН мэдээллийг ТОВЧ өгүүлбэрээр танилцуулъя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна