Завхан аймгийн төв Улиастай сумын Жинст, Жаргалан, Чигэстэй багт 6 дугаар сарын 17-ны өдрийн 17:30-18:30 цагийн хооронд орсон түр зуурын аадар борооны улмаас олон тооны айл өрх үерт автаад байна. Урьдчилсан байдлаар 158 өрхийн 449 иргэн үерт автаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээлэл байгаа бөгөөд хүнд нөхцөлтэй нүүр тулсан тэдгээр иргэдэд туслахаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бүрэлдэхүүн энэ цаг үед үерийн голомтод ажиллаж байна.
Тэд Завхан аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй хамтран үерт автсан иргэдийг татан гаргах, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Энэ талаар тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Энхбаяраас тодруулахад “Манайхаас ахлах дэслэгч Б.Билгүүнээр ахлуулсан 10 гаруй цэргийн алба хаагч нэгж техниктэйгээр ажиллаж байна. Тэд Жинст багийн иргэдийг үерийн голомтоос татан гаргасан, одоо харин орон гэрийг нь нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Манай цэргийн алба хаагчид цас зуд, үер гамшгийн ямар ч үед орон нутгийн иргэдэд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлж, тусалдаг” гэсэн мэдээллийг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна