Баяр наадмын содон түүхүүд №1: Д.Сүхбаатар жанжин улсын хошой мэргэн, ухаа хонгор нь түрүү магнай

Х.Батсайхан
2024/07/09

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, жанжин Д.Сүхбаатар ухаа хонгор морьтойгоо улсын наадмын чимэг, сур харваа, хурдан морины түрүү болж явсан содон тохиолын талаар өгүүлэхээр шийдлээ.

Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар 1921 онд "Салдаат толгой"-д болсон анхны наадмын сур харваанд түрүүлж байжээ. Тэрбээр сур харваа, бургас цавчих зэрэг зэвсгийн эрдмээр тухайн цагтаа шагшигдсан гарамгай баатар байсны нотолгоо ингэж үлдсэн байдаг. 

Д.Сүхбаатар анхны наадамд 20 сумнаас 15 онож түрүүлсэн төдийгүй 1922 оны наадамд ч мөн түрүүлж, “Өсөх идэр мэргэн” цол хүртсэн бөгөөд мөн наадмын их насны уралдаанд ухаа хонгор нь түрүүлсэн байдаг.

1922 оны улсын баяр наадмын их насны морины уралдаанд 

1.Их жанжин Д.Сүхбаатарын ухаа хонгор 

2.Дархан чин ван н.Пунцагцэрэнгийн саарал 

3. Манзушир хутагтын сартай хар 

4.Богдхан уул хошууны ард Н.Падын хүрэн 

5.Богдхан уулын хошууны ард н.Доёдын хонгор морьд түрүүлж айрагдаж байжээ. Эндээс харахад Их жанжин эгэлгүй эрдэмт баатар, хонгор морь эгэлгүй хурдан хөлөг байсан нь тодорхой.

Ухаа хонгор морь хэрхэн жанжны хөлөг болсныг эх сурвалжуудаас шүүрдэж үзвэл БОДОНГУУД ДӨШ-ийн "Монголын 100 суут хүн" хэмээх бүтээлд “Хиагтыг эзлэх тулааны өмнө Хираан харуул дээр Сэцэн хан аймагаас 500 агт ирүүлэхэд нэг ухаа хонгор морь занги Дамдинсүрэнд оногдсон бөгөөд тэр бээр уг ухаа хонгор морийг Д.Сүхбаатар-т өгсөн байна” гэж дурдсаныг олов. 

Ардын хувьсгалын ой, үндэсний их баяр наадмын түүхэнд үлдсэн содон баримтуудын эхнийхийг ийнхүү уншигчдадаа хүргэлээ.  

Эцэст нь, Д.Сүхбаатар жанжны хүү С.Галсан аавыгаа наадамд хоёр дараалж түүрснээс 22 жилийн дараа буюу 1953 оны наадмын сур харваанд түрүүлсэн содон түүхийг бүтээж байв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна