Тойрогтоо торойж, хоёронтоо сонгогдсон Ч.Ундрам байнгын хороо ахлах уу

Zuv.mn
2024/07/08

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан, 126 гишүүнтэй анхны парламент эмэгтэйчүүдэд ээлтэй болж, Монгол Улс түүхэндээ анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй болсон билээ. Энэ нь Парламентын нийт суудлын 25.4 хувийг эмэгтэйчүүдэд өгсөн гэсэн үг бөгөөд энэ үзүүлэлтээрээ манай улс хууль тогтоох байгууллага дахь хүйсийн тэгш оролцоогоор Азийн дундаж үзүүлэлтээс давсан.

Гэхдээ, энэ өндөр үзүүлэлтэд квот тогтоох аргаар хүрсэн бөгөөд, улс төрийн намууд жагсаалтын 48 мандатад хүйс сөөлжүүлж бичсэн тул 24 эмэгтэй гишүүнтэй болох нь сонгуулиас ч өмнө тодорхой байсан юм. Харин 24-өөс дээшээ хэрхэх вэ гэдэг нь тойрогт нэр дэвшсэн эмэгтэй улстөрчдөөс шалтгаалах байв. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд тойрогт эрчүүдтэй өрсөлдөн гарч ирсэн найман эмэгтэй гишүүний үүрэг чухал байсан юм.     

Эдгээр наймаас ХНХ-ын сайд асан, одоогийн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар л дахин сонгогдсон байна. УИХ-ын сонгуулийн тойрогт өрсөлдөж сонгогдоно гэдэг амаргүй даваа. Тэр дундаа томсгосон тойрог буюу гурван аймгийг хамарсан төвийн бүсэд өрсөлдөн сонгогдоно гэдэг бүр хүнд. Ер нь л хөдөө орон нутгийн иргэд эмэгтэйчүүдэд итгэл үзүүлэн сонгох нь тун цөөн. Тэр бүхнийг даван туулан УИХ-д хоёронтоо сонгогдсон хоёрхон эмэгтэй байгаа нь Х.Булгантуяа, Ч.Ундрам нар юм. Энэ нь олон эмэгтэйд, эмэгтэй улс төрчдөд урам зориг өгсөн биз.

Аварга болох амархан, аваргаа хамгаалах хэцүү гэж үг бий. УИХ-ын гишүүнийг анх ажил хийлгэх гэж сонгодог бол хоёр дахь удаагаа ажил хийсэн хүнийг л сонгодог бичигдээгүй хуультай. Мөн шинээр өрсөлдөж байгаа хүмүүсээс яавч илүү гэдэг итгэлийг төрүүлэх ёстой болдог. Энэ утгаараа УИХ-ын гишүүн, сайд байсан олон улстөрч сонгууль бүрээр өвдөг шорооддог. Харин Ч.Ундрам энэ шалгуурыг даваад гарчээ.   

Тэрбээр газар тариалангийн бүс нутаг болсон Сэлэнгэ аймгаас гаралтай. Тэр ч утгаараа малчид, тариаланчдад ээлтэй бодлогыг тусган, хууль санаачилсан байдаг.  Мөн боловсрол, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээтэй олон хууль тогтоомжийг санаачлан батлуулсан. 2020-2024 оны парламентын хамгийн олон хууль санаачилсан гишүүдийн нэгээр нэрлэгдэх нэгэн бөгөөд нийт 42 ажлын хэсэг, гурван лобби бүлэгт орж ажиллан 22 хууль санаачилсан байна.

Бүрэн эрхийнхээ хугацаанд 127 бие даасан хууль, 377 УИХ-ын тогтоол, 1358 хуулийн нэмэлт өөрчлөлт батлах ажилд гар бие оролцож, батлалцаад байгаа юм.

Түүний санаачилсан хуулиудаас онцлон дурдвал:

  • Арилжааны банкуудыг олон нийтийн хяналтад оруулах зорилготой Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль,
  • Хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулах зорилго бүхий Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Худалдаа эрхлэгчид болон аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилго бүхий Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог дэмжих тухай, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль,
  • Тариаланчдыг дэмжих зорилготой Органик бүтээгдэхүүний тухай, Хөдөө аж ажуйн техник, тоног төхөөрөмж, шувууны АА-н тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл
  • Малчдын эрх зүйн байдлыг сайжруулах зорилготой Бэлчээрийн тухай, Малчын өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл зэрэг олон чухал хуулийн төслүүдийг санаачлан, батлуулсан юм.

Ч.Ундрам гишүүн дөрвөн жил УИХ-д суухдаа 42 хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласнаас зургаан ажлыг хэсгийг ахалсан байна.

Үүнд:

  •  Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  • Дээд боловсролын тухай хууль,
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах,
  • Төрөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх зэрэг ажлын хэсгүүдийг ахлан ажилласны дээр авто зам, боомтын асуудалд онцгой анхаарчээ. Тодруулбал, Шалган нэвтрүүлэх цогцолборыг томруулах, Алтан булаг боомтын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн авто замын дэд бүтцийг шийдэх зэрэгт бодитой шийдэл гаргаж чадсан байна.

Товчхондоо, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ч.Ундрам гишүүн өөрийгөө хангалттай баталж харуулжээ. Тэрбээр анх удаа сонгогдсон гишүүн гэдэг утгаараа сайд, байнгын хорооны дарга болоогүй ч идэвхтэй ажиллаж, хамгийн олон хуулийн төсөл боловсруулсан, олон олон ажлын хэсэг, хуулийн төслүүдийн ард гарсан гишүүдийн нэг байж чадсан.  

Харин энэ удаад өөр. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулиар төвийн бүсэд нэр дэвшиж, ганцхан эмэгтэй гишүүн, тэр дундаа улиран сонгогдсон хоёрхон эмэгтэй гишүүний нэг болсон. Энэ бол түүнд итгэл үзүүлж болно гэдгийн баталгаа.  Шинэ парламентад туршлагатай гишүүд тийм ч олон байхгүй.

Хөдөө аж ахуй, эрүүл мэнд гэх мэт асуудлаас гадна өөрийн мэргэшсэн боловсрол, эдийн засгийн салбарт онцгой анхаарал хандуулан ажилладаг түүний мэдлэг туршлага яах аргагүй энэ удаагийн парламентад хэрэг болох нь тодорхой. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.