"Орчин цагийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв" сэдэвт олон улсын дээд хэмжээний хурал эхэллээ

Х.Есү
2024/07/09

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанк “Орчин цагийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт Олон улсын хурлыг 2024 оны 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.  

Энэхүү Олон улсын хурлыг Монголбанк Азийн хөгжлийн банк (АХБ), Олон улсын Төлбөр тооцооны банк (ОУТТБ), Олон Улсын Валютын Сан (ОУВС) болон Дэлхийн банктай хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн Бреттон Вудсын “Дахин зохион бүтээх хороо” болон Монголын Банкны Холбоо энэхүү үйл ажиллагааны стратегийн түншээр хамтран ажиллаж байна.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хуралд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүндэт профессорууд, өндөр түвшний бодлого боловсруулагчид хуран цугларч, Төв банкны цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхийн эдийн засаг болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай танилцуулсан бол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ОУВС-гийн Гүйцэтгэх захирал хатагтай Кристалина Георгиева хурлын төлөөлөгчдөд цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн бол ОУТТБ-ны Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч ноён Тао Жанг нар нээлтийн үг хэлснээр хурал эхэллээ.

Эхний өдрийн хурлаар мөнгөний бодлогод тулгарч буй сорилтууд, ялангуяа байгалийн баялаг ихтэй улсууд дахь гол сорилтууд болон санхүүгийн салбарын зохицуулалтыг хэлэлцэнэ. Тухайлбал, байнгын өөрчлөгдөж буй макро эдийн засгийн орчин нь мөнгөний бодлогод шинэ сорилтуудыг бий болгохын зэрэгцээ санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

Хоёр дахь өдрийн хурлаар санхүүгийн системийг ногооруулах болон Төв банкны цахим мөнгөний талаар хэлэлцэнэ. Тухайлбал, хурлын дөрөв дэх хэсгийн гол сэдэв нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжихүйц санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх тухайд чиглэнэ. Харин хурлын сүүлийн хэсэгт Төв банкны цахим мөнгөний ач холбогдол, болзошгүй эрсдэлийн тухай болон дэвшилтэт технологитой холбоотойгоор төлбөр тооцооны систем хэрхэн өөрчлөгдөж буй талаар хэлэлцэх болно.

Энэ удаагийн Олон улсын хуралд Хонконгийн Төв банкны Ерөнхийлөгч Эди Ю, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсын Төв банкны Ерөнхийлөгч Нандалал Верасингхэ, БНСУ-ын Төв банкны Дэд Ерөнхийлөгч Жае Вон Ли болон Олон улсын санхүүгийн байгууллагуудын бүс хариуцсан захирлууд оролцож буйгаараа онцлог бөгөөд өргөн цар хүрээг хамарч байна.  

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна