Дараагийн 100 жилийн амбийц: Ханбогд хот болно

Zuv.mn
2024/08/08

Энэ өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумынхан түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Монгол орны өнцөг булан бүрээс эл нутгийн уугуул, суугуул иргэд цугларч, тэгш ойгоо нижгэр тэмдэглэн дараагийн 100 жилийнхээ хөгжлийн шанг татаж буй.

Энэ жил тэгш ойгоо тэмдэглэж буй 102 сумаас Ханбогд сум дараагийн зуун жилийн амбийцаа зарлалаа гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Ханбогд сум дараагийн зуун жилд хөгжил цэцэглэлтээр тэргүүлэх зорилго тавьж, Ханбогдчууд ч хот болох хөгжлийн зам руугаа эргэлт буцалтгүй оржээ.

Өдгөө 65 нас гарч яваа Ш.Туяа Ханбогд суманд сүүлийн хагас зуун жил ажиллаж, амьдарч байгаа аж. Ш.Туяа ажил, амьдралын хамгийн нандин 45 жилийг Ханбогдод өнгөрөөсөн. Одоо түүний хүсэл Ханбогдоо хот болохыг харах гэсэн.

Тэрээр “Ханбогдод ирэхдээ би суугуул иргэн байсан бол одоо миний төрсөн нутаг шиг л болсон. Энэ жил манай Ханбогдын 100 жил болж байна. Ханбогд суманд багш хийх гээд ирсэн үетэй харьцуулахад тэнгэр газар шиг өөрчлөгдөж, өргөжжээ. Хүн ам өсөхийн хэрээр хүн ардын амьжиргаа сайжирч, хөгжиж байна. Орон нутгийн хүмүүст ч үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломжууд гарч байна. Миний хувьд Ханбогдоо хот болохыг үзнэ, сайхан хотын эхлэл дээр ч болтугай амьдарна гэж харж байна” гэсэн юм.

Энэ мэт Ханбогдод ажиллаж амьдарч буй иргэд тэгш ойгоороо хол, ойроос ирсэн зочин, гийчинд дараагийн 100 жилд сумаа хот болгоно гэж ярихтай олонтаа таарна. Энэ нь ч үнэн, Ханбогдод хотын дайны бүтээн байгуулалтууд ид өрнөж байна.

Ханбогдын хүн амын тоо 4 дахин тэлжээ

Ханбогд сумын хөгжил Оюу толгойтой шууд холбогдоно. 2010 оноос Оюу толгойн бүтээн байгуулалт эхэлснээс хойш Ханбогд сумын хүн амын тоо эрчимтэй тэлсээр байна. Тухайлбал, 2010 онд Ханбогд сум 2300 орчим суурин хүн амтай байсан бол өнөөдөр 10 мянга давжээ. Энэ нь Оюу толгой гэх мега төслийг дагасан ажиллах хүч, үйлдвэр, үйлчилгээний тэлэлттэй холбоотой.

Хуульд “Хот нь 15000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар байна” гэж заажээ. Энэ талаас нь харвал, ойрын таван жилд Ханбогдын хүн амын тоо 15 мянга давах нь. Цаашлаад 2040 он гэхэд Ханбогдын суурин хүн амын тоо 22.2 мянгад хүрнэ гэж
Ханбогдыг хот болгох Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичигт тусгажээ. 

2027 он гэхэд Ханбогдод 50 сая ам.долларын бүтээн байгуулалт хийгдэнэ

Ханбогдын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг талууд 2022 онд баталсан. Энэхүү Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Барилга хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюу толгой ХХК хамтран гүйцэтгэж буй.

Оюу толгой ХХК Ханбогдыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-г байгуулж, 50 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг хийхээр болсон. Уг санхүүжилтийг таван жилийн хугацаанд хийх бөгөөд Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн суурин хот болгох төслүүдийг дэмжин хэрэгжүүлэх юм. Ханбогдын хөгжилд тэргүүлэх салбарт, уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал, тээвэр ложистик, гадаад худалдаа, мэдлэг, мэдээллийн технологи, хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилгын материалын үйлдвэрийг багтаажээ. Энэ салбаруудыг хөгжүүлж, хөгжлийн сууриа батжуулахад “Ханбогдын хөгжлийн
хурдасгуур Оюу толгойн сан”-ийн санхүүгийн дэмжлэг чиглэнэ гэсэн үг. Уг санхүүжилтээр 2023 оноос хэрэгжүүлж байгаа зарим төслийг онцолж байна.

Хашаандаа тав тухтай амьдрах төсөл

“Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-ийн санхүүжилтээр “Гудамж төсөл ба жишиг хашаа” төслийг эхлүүлжээ. Хашаагаа тохижуулан тав тухтай амьдарч болох жишгийг харуулсан эрчим хүчний хэмнэлттэй хаусуудыг барьж байгаа аж. Уг хаус хорооллууд нь тоглоомын талбай, сүүдрэвч, терраз, хурлын заал зэрэг иж бүрэн бүтээн байгуулалт байх бөгөөд оффис зориулалтаар ч ашигладаг байх шийдэлтэй байна.

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар:

  • 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь
  • 2030 онд 25 хувь
  • 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай болгохоор төлөвлөжээ.


Дэд бүтцийн томоохон төслүүд

  • Ханбогд Эрүүл мэндийн төвийн засвар тохижилт
  • Сумын төвийн автозам төсөл: Сумын төвийн 7.96 км хатуу хучилттай автозам, дугуйн зам, гэрэлтүүлэг, автобусны зогсоол бүхий иж бүрэн замын ажлыг эхлүүлсэн.
  • Спорт амралтын төв байгуулах төсөл
  • Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг тус тус эхлүүлжээ.

Боловсрол, эрүүл мэндийг дэмжих төслүүд

  • Ханбогд сумын боловсролын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ ба замын зураглал тодорхойлох судалгааны төсөл
  • Ханбогд сумын ахлах ангийн сурагчдад АНУ-ын сургуулиудад тэтгэлгээр суралцахад туслах Томужин Basics, Үжин хөтөлбөрүүд
  • Ханбогдын 1 дүгээр сургууль дээр STEEM TEEN буюу ШИМТ хичээлүүдийг сургалтын цөм хөтөлбөрт оруулж, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон лаборатори-Ханбогдын сумын эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэх стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний иж бүрэн санал боловсруулах төсөл 
  • Тохижилт үйлчилгээний чадавх менежмент сайжруулах хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна.

Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд Оюу толгой ХХК-ийн Говийн оюу сан орон нутагт тогтвортой хөгжлийг бий болгоход чиглэсэн 82.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 304 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж үр шимийг нь давхардсан тоогоор 680 мянга гаруй ард иргэд хүртээд байгаа аж. Сануулахад, Говийн Оюу хөгжлийг дэмжих сангаас жил бүр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж иржээ. Тухайлбал, уг сангаас Манлай суманд 51 төсөл, Ханбогд суманд 76 төсөл, хандив, Баян-Овоо суманд 33 төсөлд
дэмжлэг олгосон байна.


Оюу толгойн үйл ажиллагаа идэвхэжсэн сүүлийн арав орчим жил Оюу толгой ХХК-иас Ханбогд сумын хөгжлийг дэмжих чиглэлд 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Тухайлбал, Оюу толгой-Ханбогд чиглэлд 35 км хатуу хучилттай зам тавьж, 640 хүүхдийн багтаамжтай ЕБС сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сум дундын эрүүл мэндийн төвийг Ханбогдод тус тус байгуулжээ. Нэгэн онцлохуйц төсөл бол Ханбогд сумын гэр хорооллыг цэвэр бохирын шугамд холбох ажил бөгөөд нийтдээ 8.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цэвэр усны 20.1 км, бохир усны 17.6 км шугам барьж, 1000 гаруй айл өрх, 60 гаруй албан байгууллагыг төвлөрсөн шугамд холбосон аж. Сумандаа цэвэр, бохирын шугамд холбогдсон анхны сум Ханбогдчууд болжээ.

Ирэх 10-15 жил Ханбогдод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж, нийгэм, эдийн засгийн хувьд бие даасан тогтвортой, хүн амын төвлөрөл сайтай, аюулгүй суурин газар болох том амбийцтайгаар шинэ 100 жилээ угтаж байна. Хамгийн гол нь Ханбогдчууд хот болох зорилго дэвшүүлж, түүнтэй хүрэх Хөгжлийн төлөвлөгөөгөө баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Монголчууд том төслийн хаялга нь юу бэ гэж их асуудаг. Хариулт нь маш энгийн, “Ханбогд хот” болно.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.19
    2024/11/01

    Хот болно гээд л хөөрөөд байх юм... наад захын соёлгүй жалга довны үзлээсээ салаагүй хөөрүү хэдэн намчингуудтай, ахмадууд гэж хэдэн хов ярьсан жайжгар авгай нартай өөрсдийгөө гайгүй гээд бодцон хэдэн хар хөгшин янхнуудтай хэн нүүр өгнө тэр болгонтой завхайрч явалдаж бгаагаа ихэд гайхуулж бдаг.

    Хариулах
  • 59.153.112.200
    2024/08/12

    бүтэн 100 жилийн дараа босох хотыг маргааш бий болгох гэж байгаа шиг амбийцллаа гэнэ. 10 жил гэвэл амбийц ярихсан. одоо амбийцалж байгаа хүмүүсийн байгалийн нас хүрэхгүй шүү дээ.

    Хариулах
  • 139.5.218.247
    2024/08/09

    Гоё гоё

    Хариулах
  • 122.201.31.6
    2024/08/08

    Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Муу нэртэй Оркууд Эрдэнэт Хөиөл Бор өндөр Бэрх Чойр Бугантыг уурхайгаа аиглаад эхний 5-10жилдээ босгосон байдаг.Рио тинто луйварчдын хот болгосон суурин Африк Америк Австралм хаана бна.Хулхидуулаад дагздуулаад дуусаж бна .Гайны бага дээрээ больсон дээр дээ.Газар доорхи баялагаа тохироод ухах 2хөрш бна хөөж гарга

    Хариулах
  • 122.201.31.56
    2024/08/08

    Сайхан мэдээ бна аа

    Хариулах