Л.Аззаяа: Шантармаар үе олон тохиолддог ч хүн хичээгээд байвал болдог л юм байна лээ

Zuv.mn
2024/08/27

Оюутны ширээний араас өөрийн бизнесээ эхлүүлж, өсгөж өндийлгөсөн нэгэн. Сургалтын төлбөрийн тэтгэлэг “хожиж”, түүгээрээ химийн орц найрлагагүй, хүний биед ээлтэй уруул өнгөлөгч хийгээд үзье хэмээн зориглосон нь өнөөдөр 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй брэнд болтлоо өргөжжээ. Өсвөр насны охид хүртэл халаасны мөнгөө цуглуулж байгаад худалдан авалт хийдэг болсныг онцолж байлаа. “Evelyn beauty” брэндийн үүсгэн байгуулагч Л.Аззаяагийн ярианд анхаарлаа хандуулна уу.  

-Ганцаараа бизнес эрхлэх, тэр дундаа эмэгтэй хүн ганцаараа бизнес эрхлэх хэр хүндрэлтэй байдаг вэ. Шантарч буцмаар үеүд байв уу. Тэр өдрүүдэд та юунаас урам зориг, урагшлах хүчээ авдаг байв?  

-Шантармаар үе байсан, нуухгүй ээ. Найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамтарч бизнес эхлүүлэх өөр байдаг л байх. Ганцаархнаа учир бүх ачаа өөрийн нуруун дээр. Бүх шийдвэрийг өөрөө толгой мэдэж шийдэх хэцүү. Заримдаа алдана, буруудна. Тэр утгаараа гэр бүлийнхэн өөр ажил хийвэл зүгээр юм биш үү ч гэх байдлаар зөвлөдөг байсан. Их сургуулиа төгсөөд би нэг газар ажилд орсон юм. Оюутан байхаас эхлүүлсэн бизнесээ түр завсарласан гэсэн үг. Ар гэрт нь асуудал гарах, аав, ээж нь өвдөх ч гэдэг юм уу хүний амьдралд юу ч тохиолдож болно. Ар гэрт асуудал гарна, аав, ээж өвдөх ч гэдэг юм уу амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Би яалтчгүй хоёр цагийн чөлөө авах шаардлагатай боллоо. Гэтэл хоёр цагийн чөлөө авахын тулд хоёр хүнээс чөлөө хүсэх ёстой болж таарсан. Ажиллахын төлөө амьдраад байгаа юм уу, амьдрахын төлөө ажиллаад байгаа юм уу гэх бухимдал төрсөн. Дахиад тийм “токсик” газар орчих вий гэх айдас хүлээтэй байсан учир, бас нөгөөтээгүүр эхлүүлсэн бизнесээ орхино гэдэг хайран санагдсан тул өөрийн юмаа үргэлжлүүлж хийхээр сэтгэл шулуудсан. Энэ шийдвэрийг гаргах үед манайх 2000 гаруй дагагчтай байсан. Харин одоо 20 мянган дагагчтай болжээ. Түүгээр зогсохгүй уруулын будаг, уруул өнгөлөгч, уруулын гуужуулагч, нүүрний спонж, өө дарагч гэх мэт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болж чадлаа.  

-Өөрийн гэсэн бизнестэй байна гэдэг тэр хэрээр ахуй амьдрал дээшилнэ. Энэ биенесээс танд өөртөө олж авсан хамгийн том зүйл юу вэ?

- Хүн чинь дуртай юмаа хийх шал өөр байдаг юм байна. Хийж байгаа зүйл маань ажил биш юм шиг санагддаг болоод удаж байна даа. Өөрөө бизнес хийхээр маш их юм сурдаг юм байна. Цахим хаяг дээрээ бүтээгдэхүүний танилцуулга зураг бэлдэх, маркетингийн бичлэг хийх, бүтээгдэхүүнийхээ зургийг авах, засварлах гэх мэт. Хөгжүүлэлт хийхийн тулд маркетингийн ном уншина өөрийгөө нэг талаараа хөгжүүлээд дээрээс нь бүтээгдэхүүнээ бусдад таниулах, чанар, өнгө үзэмжийг нь сайжруулаад явж байна. Гэртээ зүгээр утсаа ухаж байгаа шиг өөрт хялбар тэгсэн хэр нь түүнээсээ тодорхой хэмжээний орлого олж байдаг. Хувийн бизнес, хувийн байгууллагын давуу тал нь сайжрахыг эрмэлздэгт байх. Байнга л шахуу яаж илүү гоё болгох уу, яаж хэрэглэгчдээ илүү татах уу гээд хичээгээд санаагаа өдөр болгон бодно. Надад, манай дүүд, манай найзад юу таалагддаг билээ гэдгийг анзаараад явдаг. Явц дундаа сайжирдаг юм байна лээ. 

-Та яагаад энэ төрлийн бизнест хөл тавих болов. Монголчууд аливаа юманд нэр өгөхдөө их анхаардаг шүү дээ. Брэндийнхээ нэрийг хэрхэн сонгосон бэ? Түүхээсээ хуваалцаач. 

-Би өөрийн гэсэн жижиг бизнестэй болхийг бага байхаасаа хүсэж захирал, менежер болно гэж тоглодог охин байсан. Оюутан болоод ковидын үед анх санаагаа олж байлаа. Өөрийн гэсэн бизнестэй болох гоо сайхны салбарт хөл тавих гэсэн хоёр хүслээ нэгтгээд гоо сайхны бизнестэй болъё гэж шийдсэн. Ковидын үед бизнес эхлүүлэхэд гэрээсээ ч гарч болохгүй хөл хориотой байсан. Ковид дуусах үед бизнесээ эхлүүлсэн. Энэ үеэс гурав орчим жилийг унаж, босох үеүдтэй ардаа үджээ. Зарим хүмүүс өөртөө гадаад нэр өгөөд байдаг шүү дээ /инээв/. Instagram хаяг нээх нэр google-ээс хайж байгаад evelyn гэдэг нэрийг олсон.  Нэг тийм эмэгтэйлэг өвөрмөц санагдаад харахад ч, уншихад тэр таалагдсан. Монголд байдаг түгээмэл нэрс дунд байдаггүй содон болохоор нь сонгосон доо. Цог золбоотой, тэнгэрлэг, цайлган гэдэг утгатай. 

-Таны бодлоор энэ төрлийн бизнесийг эрхлэгчид тулгардаг асуудал болон тэрхүү нөхцөлийг сайжруулах тал дээр боломж юу байна вэ?  

-Хамтрагч, хөрөнгө оруулагч байхгүй учраас санхүүгийн асуудал үе үе тулгардаг мөн татвар. Эхний удаа бүтээгдэхүүний материалаа захиалсан юм. Нэг хоёр ширхэг зүйлс байхад нийт үнийн дүнгээс нь шууд татвар авсан. Энэ нь дөнгөж эхэлж буй жижиг бизнес, их сургуулиа төгсөөгүй оюутан охинд санхүүгийн хувьд том дарамт болсон. Нөгөөтээгүүр  ганцаараа бизнес эрхлэхээр жижгээс том хүртэлх бүх шийдвэрийг бие дааж гаргах шаардлагатай болдог.  

Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих сан, ЖДҮ-г дэмжих сан гэж байдаг л юм байна лээ. Зээл авах гээд хөөцөлдөж үзсэн ч маш их шат дараалалтай, шалгуур өндөр байсан учраас больсон. Магадгүй олуулаа нийлээд байгууллага болоод нэгдэж явах нь зүгээр байх.  

-Зах зээл дээр бизнесүүд бие биеэсээ ялгарах давуу тал онцлог байдагТанай ялгарах давуу тал юу вэ?  

-Анх манай бүтээгдэхүүнүүд химийн орц найрлагагүй , байгаль ээлтэй найрлагаар хийгдсэн гэж гарж ирсэн, Одоо ч гэсэн энэ шугамаа барьж байгаа. Дэлхийн алдартай том брэнд байсан ч масс бүтээгдэхүүнтэй маш олон тоогоор үйлдвэрлэгддэг. Хугацааг нь уртасгах, удаан хэрэглэх, хадгалахын тулд маш олон төрлийн нэмэлт, химийн найрлагууд хийдэг. Манайх нэмэлт хугацаа уртасгагч, хадгалагч бодис хийдэггүй нь хүний арьс, эрүүл мэндэд ээлтэйгээрээ онцлогтой

 -Хэрэглэгчдээс нь мэдээж янз бүрийн сэтгэгдэл ирдэг байх энэ тухай бидэнтэй хуваалцвал ? 

-Хүмүүс хэрэглэж үзээд надад сэтгэгдлээ хэлэх гоё байдаг. Өсвөр насны охид илүү нээлттэй болчихсон. Дуртай юм аа дуртай байна дургүй юм аа дургүй гээд шууд нээлттэй хэлчихдэг. Нээлттэй, шулуухан сайхан үгийг харамгүй хэлнэ. Танай бүтээгдэхүүнүүд үнэхээр гоё шүү, ямар хөөрхөн уруул өнгөлөгч вэ баярлалаа, танайхыг дэмждэг шүү хичээгээрэй гэх мэт.Би сэтгэгдлээ хуваалцаач гээгүй байхад л сайхан үгс бичээд байдаг. Болъё гэж бодсон ч зогсоогүй шалтгаан хүмүүсийн эерэг сэтгэгдэл байсан байх. Би чинь ганцаараа учраас заримдаа амар байдаг /инээв/. Хүссэн хүндээ урамшуулал, хямдрал өгчихдөг. Би танаас уруул өнгөлөгч авах гээд ээжээсээ гуйж мөнгө цуглуулж байгаа гэхээр нь хайр хүрээд чи 50 хувь хямдралтай аваарай гэнэ. Олон тооны бараанд заримдаа бэлэг нэмээд явуулна. Нэг ширхэг бараа байсан ч жижиг наалт бэлэгнд өгөх гэх мэт бүтээгдэхүүн зарж байгаа гэхээсээ илүүтэй хэрэглэгчдийн маань аз жаргалтай байгаа нь надад гоё санагддаг. 

-Ээжээсээ асууж мөнгө цуглуулж байна гэхээр танай бүтээгдэхүүнийг өсвөр насны охид их сонирхдог байх даа  

-12 настай хүүхдүүд ч манайхаас уруул өнгөлөгч, уруулын тэжээл, батганы наалт авдаг. Дунд ангиасаа охид гадаад гоо үзэсгэлэндээ илүү анхаарч эхэлдэг юм байна лээ. Анзаараад байхад 12 наснаасаа гоо сайхны чиглэлд сонирхолтой болдог юм байна. Тэр насны хүүхдүүдийн санхүү нь аав ээжээсээ хамааралтай. Аав ээж нь манайх руу утасдаж асууна/инээв/. Танайх яг юу зардаг юм миний дүү, манай охин нэг ийм юм авах гээд болдоггүй ээ гэх мэт. 30 хэдэн настай эгч нар ч бүтээгдэхүүн авна. Ингээд бодоход гоо сайханд нас хязгааргүй байгаа биз 

-Ирээдүйд энэ төрлийн бизнес эрхлэх гэж байгаа залуучуудад та мэдээд авбал илүүдэхгүй гэсэн зүйлс байна уу? 

-Зарим зүйлсийг дотроо хадгалж байсан нь дээр. Нэг санаа олоод түүнийгээ хүмүүсээр хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа ч юм шиг эсвэл урмын үг авах гээд байгаа ч юм шиг зарлаад яваад байх хэрэггүй санагддаг. Би бизнесээ эхлэхдээ гэрийнхэндээ ч хэлээгүй. Бэлдэц, материал ирсний дараа хэлсэн. Гэрийнхэн маань нэгэнт хийнэ гээд материалаа авчихсан намайг боль гэж хэлж чадаагүй /инээв/. Үнэхээр хүсэж байгаа бол эхлээд л үз. Хамгийн чухал нь сэтгэл хөдлөлөөр шуурч эхлэх бус удаан хугацаанд тухайн салбар бизнесийн орчноо судалж, төлөвлөх юм бол зөв эхлэл болох байх. 

C.Нинжжаргал 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.