Д.Нарандулам: Хүүхдүүдэд цүнх бэлэглэхэд нээрээ л ид шидтэй цүнх үүрчихсэн юм шиг баярладаг

Zuv.mn
2024/08/28

Байгаа газартаа бага гэлтгүй гэрэл асааж, өөрийн чадах чинээгээрээ өрөөлийг урмаар услахыг зорьдог залуус манай нийгэмд олон. Үүний нэгэн эшлэл" болж буй жишээ нь Шидэт цүнх зөв үйлсийн аян. Тус аяныг долоо дахь жилдээ зохион байгуулаж буй Төв аймгийн залуус ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Нарандуламтай ярилцлаа.  

Өнгөрсөн жилүүдэд тэд 1800 гаруй сурагч багачуудад цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслээр сэтгэлийн бэлэг барьжээ.  

-Шидэт цүнх зөв үйлсийн аяныг эхлүүлэх болсон түүхээсээ бидэнд хуваалцаач? 

-Төв аймгийн залуус” ТББ-ын 1-р үеийн төлөөлөлүүд маань нийгэмдээ гэрэл нэмсэн ямар ажил хийж болох вэ гэж ярилцаад хүүхдүүдийг баярлуулах, хамгийн гол нь сурч боловсрох үйлсэд нь нэмэр болох үүднээс энэхүү аяныг 2017 оноос зохион байгуулахаар болсон байдаг Бяцхан иргэдийнхээ ирээдүйд бэлэг барих гэж хичээдэг учраас жил болгоны 8 сарыг тэр чигт нь Шидэт цүнхаяндаа зарцуулдаг даа 

-Сайн үйлсийн аян хийж байгаа хүмүүс өөрсдөө ч гэсэн сайхан сэтгэгдэлтэй үлддэг байх даа...  

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүдэд цүнх бэлэглэхэд нүдэнд нь гэрэл цацраад, нээрээ л ид шидтэй цүнх үүрчихсэн юм шиг баярладаг. Энэ л хамгийн сайхан мэдрэмж, хамгийн дулаахан мөч байдаг. Ийм гайхалтай мэдрэмж авсан хүн чинь дараа жил дахиад зохион байгуулах ёстой юм байна гэж бодно. Түүнийгээ ажил болгох гэж зүтгэнэ шүү дээ 

-Олон жилийн турш тасралтгүй сайн үйлсийн аян өрнүүлнэ гэдэг амаргүй байх. Өнгөрсөн хугацаанд тулгарч байсан асуудлуудаасаа хуваалцаж болох сон болов уу? 

-Хүн бүр хувийн ажил амьдралтай, завгүй цагийн хуваарьтай байгаа шүү дээ. Урт хугацааны аянд өөрийнхөө цаг заваа зохицуулах, нэг сарын хугацаанд хамтран ажиллах багаа бүрдүүлэх нь их чухал байдаг. Энэ жилийн Шидэт цүнх аяны маань зохион байгуулалтад Төв аймгийн 27 сумын 68 залуучууд сайн дураараа ажиллаж, өөрсдийн цаг зав, сэтгэлээ зориулж байгаа. Мөн ажиллаж байгаа хүмүүсээ идэвхжүүлэх, байнга холбоо харилцаатай байх гэх мэт жижиг, сажиг гэлтгүй олон зүйлс дээр анхаарах хэрэгтэй болдог. Хандивлагч нартайгаа харилцаа холбоотой байх, тэдэндээ талархал илэрхийлэх, хувьчилж хүртэл ярих үе байна. Харилцаа холбоо тогтоох тал дээр л ихэнх цаг заваа зарцуулдаг. Ингэснээрээ хандивлагч нартаа ч бас сэтгэл ханамж дулаахан уур амьсгал бий болгож, дараа жилдээ дахин аянд нэгдэх, ойр дотны хүмүүстээ хэлж уриалах зэргээр бидэнд тусалдаг. Ер нь харилцаа, хандлага дээрээ л анхаарчихвал болдог доо. 

-Хүүхдүүдэд дан ганц цүнх өгөөд зогсохгүй, хичээлийн хэрэгсэлтэй нь захиа өгдөг гэж сонссон. Энэ талаараа мэдээлэл өгөөч 

-Захиагаар дамжуулж энэ цүнх яагаад чамд очсон, ямар олон хүмүүс чамайг сурч боловсроорой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж буйг хүүхдүүдэд ойлгуулдаг юм. Мөн хичээнгүйлэн суралцахын сацуу хүмүүст тусалж, хайртай дотны хүмүүсээ баярлуулахыг захидагЭнэ жил харин бусдыг гомдоож, дээрэлхэж, ялгаварлан гадуурхах үйлдэл гаргахгүй байж, харин хайрлаж, энэрч, хамтран суралцаарай гэсэн агуулга бүхий захиаг өгөхөөр бэлтгэсэн. 

-Ямар нэгэн сайн үйлсийн аянаар бэлэг авсан хүүхдүүдийг үе тэнгийнхэн нь гадуурхах хандлага нийгэмд мэр сэр ажиглагддаг. Үүн дээр танай хамт олон хэрхэн анхаарч ажилладаг вэ? 

-Хамгийн түрүүнд хүмүүст хэлмээр, ойлгуулмаар байгаа зүйл нь Шидэт цүнх-ийг зөвхөн амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд олгодоггүй. Тодорхой хэмжээнд тусламж дэмжлэг шаардлагатай байгаа өрхийн хүүхдүүдэд өгдөг. Ихэнх тохиолдолд үнэхээр хичээнгүйлэн суралцдаг, тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн, асран хамгаалагч нь ч мөн хүүхдэдээ анхаарал тавьдаг, боловсрол мэдлэг олгохын төлөө хичээдэг айлуудыг сонгож цүнхээ бэлэглэдэг. Элч нар маань цүнх бэлэглэж буй зургаа баримтжуулан явуулдаг. Зураг дарахдаа зөвшөөрөл авах, царай төрх, амьдарч буй хашаа байшин зэргийг оруулахгүй байх зэрэг шаардлага тавьдаг. Олон нийтийн арга хэмжээн дээр нэр дуудаж өгөхийг хориглодог. Цахим хуудсанд хандив өгсөн хүмүүстэй мэдээлэл өгөх үүднээс тухайн хүүхдийн нэр төр, эрхэм чанарт халдахгүй байх зургуудийг сонгон нийтэлж, тайлангаа тавьдаг 

Мөн цүнхний сонголтон дээрээ хүртэл нийтлэг тухайн жил тренд болж буй цүнх сонгохыг хичээдэг. Нэг суманд ганц содон цүнх өгөхгүй байх, мэдээллийг нь задруулахгүй байх тал дээр элч нартаа заавар чиглэлүүдийг өгч ажилладаг. Миний суралцаж төгссөн мэргэжил, итгэл үнэмшил ч тэр хүүхдийн эрхийг нэгдүгээрт гэж үздэг тул энэ тал дээр ихээхэн анхаардаг. 

С.Нинжжаргал 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.60
    2024/08/28

    Нийгэмд гэрэл нэмсэн,үнэхээр сайн үйлс хийдэг залуустай хамт олон, байгууллага байнаа.Цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.Баярлалаа.

    Хариулах