Б.Мөнхгэрэл: гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол зорчих эрх хязгаарлах, хорих ялаар шийтгэнэ. Торгуулийн ял гэж байхгүй

С.Гандэлгэр
2024/08/28

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын УСГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхгэрэлтэй ярилцлаа.

Асуулт: Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү.

Хариулт: Өдрийн мэнд. Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны эхний 07 сард 24811 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2779 хэргээр буюу 12.6 хувиар өсч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1014 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 64 хэргээр буюу 6.7 хувиар өссөн, бүх хэрэгт эзлэх хувийн жин 4.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.2 нэгжээр буурсан байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 912 буюу 89.9 хувийг хөнгөн, 102 буюу 10.1 хувийг хүнд гэмт хэрэг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хөнгөн гэмт хэрэг 5.2 хувиар, хүнд гэмт хэрэг 22.9 хувиар тус тус өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн 46.3 хувь нь Улаанбаатар хотод, 53.7 хувь нь орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Асуулт: Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан бэ?

Хариулт: Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээлэл хүлээн авдаг “ECS” программд Гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг иргэний давтамжийг регистрийн дугаараар бүртгэдэг болж, регистрийн дугаар”-ын сангийн ашиглалт сайжран давтамж бүрд хяналт тавих бүрэн боломжтой болсон ба Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ “Өндөр” дуудлага, мэдээллийн жагсаалтыг сар бүр Нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, хэлтэс, хорооны хамтарсан багт хүргүүлж хохирогч хамгааллын үйлчилгээнд холбон зуучлан хамтран ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл дуудлага мэдээлэл хүлээн авах “ECS” программд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж 1 удаа бүртгэгдсэн бол Монгол улсын хаана ч байсан дахин энэ гэмт хэрэг, зөрчилд холбогдох үед өмнөх дуудлага, мэдээлэл болон шийдвэрлэлтийн талаар шалгаж байгаа алба хаагч, эрх бүхий албан тушаалтанд тухайн иргэний регистрийн дугаараар бүртгэлд орсон нь мэдэгдэнэ гэсэн үг.

Мөн Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн хамтран Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах зорилготой “Хайр өвтгөдөггүй”, “Яг одоо”, “Би байна”, “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай”, “Нандин бүхнээ хамгаалъя”, “Харилцан хүндэтгэе” зэрэг нөлөөллийн аяны зохион байгуулсан. Хүчирхийллийн хор уршиг, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд хүн бүрийн үүрэг, оролцооны талаарх ойлголт, мэдлэг нэмэгдсэн үр дүнтэй байна.

Мөн  Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоо” зөвлөгөөн, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсад Хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь төслийн багтай хамтран “Гэр бүл амжилтын үндэс” эвент арга хэмжээг зохион байгуулсан.

Асуулт: Энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагтай хэрхэн хамтран ажилладаг вэ?

Хариулт: Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчлан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сургалт, мэдээллийг 230 төрийн болон төрийн бус байгууллага, 110 аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж зурагт постер,  видео шторк, контент бүтээж, нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр байршуулж, иргэдэд олон нийтэд түгээн мэдээллээр хангасан.  

Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй”  сэдэвт гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдад зориулсан бүсчилсан сургалт, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх” зэрэг бүсчилсэн сургалтыг 2021-2023 онуудад тогтмол зохион байгуулсан. 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/73 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалт хариуцсан  алба хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дадал эзэмшүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор IDLO Олон Улсын байгуулагатай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Жендерт суурилсан хүчирхийлэл, Хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчид үзүүлэх үйлчилгээ”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд цагдаагийн алба хаагчийн оролцоо”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд цагдаагийн алба хаагчийн хохирогч төвтэй хандлага” зэрэг сэдвүүдээр мэргэшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

Асуулт: Хүчихийлэлд өртсөн иргэн, хаана хэнд хандах боломжтой вэ?

Хариулт: Хэрвээ та болон таны эргэн тойрны хэн нэгэн Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол өөрт ойр байгаа цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар ажиллаж байгаа. Та өөрт тулгарсан асуудлаар тухайн алба хаагчдад шууд хандах боломжтой. Мөн зөвлөгөө мэдээлэл шаардлагатай бол 107 тусгай дугаарт залгаж үнэ төлбөргүй мэдээлэл авч болно. Манай цагдаагийн байгууллагын харъяа 107 тусгай дугаарт 24 цагаар сэтгэл зүйч нар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Мөн 102 тусгай дугаарт залган мэдээлэл өгөх боломжтой.

Асуулт: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Хариулт: Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол торгуулийн ял гэж байхгүй. Монгол улсын эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд зааснаар 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Эсхүл 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг. Энэ оны эхний 8 сарын байдлаар эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчих/-д заасан зөрчлөөр 6584 хүнд баривчлах, 490 хүнд торгох шийтгэлийн харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан байна. 

Асуулт: Эцэг, эх асран хамгаалагч нар хандан хэлэх мэдээлэл

Хариулт: Шинэ хичээлийн жил эхлэж байгаатай холбогдуулан хүүхдийг альваа төрлийн эрсдэл, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй. Тухайлбал: Замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, хэвшлийг суулгах, хүүхдийг хүүхдээр харуулан үлдээхгүй байх, гэр орон сууцандаа цонх, тагтанд зохиулалтын хаалт хийх, хурц үзүүртэй зүйл, эм эмнэлэгийн бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний бодис зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, цахилгааны утас, уртасгагч, шүдэнз, асаагуураар тоглохгүй байх, шаардлагтай үед цагдаагийн байгууллагын 102, онцгой байдлын 105, яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт залган мэдээлэл өгөх, гэрийн хаягаа мэддэг байх зэрэг мэдээллийг зааж өгөх хэрэгтэй.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна