Хятадыг түшиж буй Монгол

Х.Батсайхан
2024/10/24

Нийслэлийн зам засварын ажлыг БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хийж байгаа билээ. Цаашдаа ч түгжрэл буруулах чиглэлээр олон ажлыг БНХАУ-тай хамтарч хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Нийслэлийн удирдлагууд зарлаж байгаа.

2025 оны Улсын төсөв БНХАУ-аас, бүр тодорхой хэлбэл тус улсын худалдан авах нүүрсний хэмжээнээс бүрэн хамааралтай. Манайхаас нүүрс авбал төсвийн орлого бүрдэнэ, авахаа больбол тасарна.
Гэхдээ тасрахгүй байх нөхцөлийг хангах нэг боломж бий. Тэр нь БНХАУ-аас хийх худалдан авалтаа өсгөх явдал юм. 

Өөрөөр хэлбэл, бид БНХАУ-аас бүтээгдэхүүн худалдан авч л байвал БНХАУ юмаа зарахын тулд биднээс нүүрс авсаар байна гэсэн үг. Өөрийнх нь юмыг худалдаж авах мөнгөтэй байлгахын тулд шүү дээ.
Бид түүхий эд гаргаж, өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн авч байгаа болохоор БНХАУ-д илүү ашигтай. Гэхдээ бидэнд өөр арга алга. 

Учир нь, улс төрийн харилцааны цаана ч илүү өндөр ач холбогдолтой эдийн засгийн "Хар дэвтэр" явж л байдаг. Дэлхий нийт хоёр туйлд хуваагдан тэмцэж байгаа нь ч чухам тэр "Хар дэвтэр" дээрх тооцоо алдагдаж, нэг нь хэт ашигтай, нөгөө нь хэт алдагдалтай байснаас л болсон хэрэг. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх баялаг барууны орнууд руу урсаж байгаа тохиолдолд байдал хэвийн гэж тооцогддог байсан бөгөөд баялаг өмнөд хагасынханд, гуравдагчдад өөрсдөд нь үлдэж, барууныхан руу урсах нь эрс татраад ирмэгц барууныхан "Баялгийн тэгш бус хуваарилалт" ярьж эхэлсэн гэдэг. 

Энэ "Хар дэвтэр" ашигтай байвал дипломат зөрчлийг ч үл тоож болдог. БНХАУ жишээ нь Австралитай маш хурц харилцаатай байсан ч нүүрсээ нэг хэсэгтээ л авсны цаана гэрээний хэрэгжилтээс гадна тус улстай хийх худалдаа буюу "Хар дэвтэр"-ээ ашигтай гаргах гэсэн хэрэг шүү дээ.

БНХАУ манай хамгийн том худалдан авагч. Гадаад харилцааны хамгийн том түнш. Тэд мэдээж манайхтай хийж байгаа худалдаандаа хар дэвтэр хөтөлж байгаа. Гэхдээ тийм чанга, яс биш байсан. Ямар ч байсан ил байгаа том тоог харахад тэгж харагдаж байна. 

Урд хөрш 2014 онд Монгол улсаас 5.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд худалдаж авч, 2.22 тэрбум ам.долларын бараагаа зардаг байсан. Гаргасан мөнгөнийхөө 30 гаруй хувийг эргүүлж олдог байсан гэсэн үг. 

Түүнээс хойш 10 жил өнгөрөхөд импорт нь 13.2 тэрбум ам.долларт /2023 он/ хүрсэн ч экспорт нь тэр хэмжээнд өсөөгүй буюу 3.47 тэрбум ам.доллартай байна. 

БНХАУ-ын Монголтой хийж буй худалдааны баланс

Тэгэхээр, бид үнэхээр эдийн засгаа тэлье гэж байгаа бол, БНХАУ-тай хийх даагаа нэмэгдүүлье гэж байгаа бол худалдан авалтаа ч нэмэгдүүлэхээс аргагүй. Энэ нь ямар ч зохицуулалтгүй, аяндаа хангагдаж байсан бол одоо харин тодорхой бодлоготой явагдаж эхлэв бололтой. Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн "Замын түгжрэлийг бууруулахын тулд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хязгаарлана" гэж мэдэгдсэн нь ч үүнтэй тодорхой хэмжээгээр холбоотой гэдэг яриа гадуур байгаа нь оргүй биш. 

Гэхдээ тэглээ гээд эмзэглэх хэрэггүй. Хэрэгцээгээ хангаж байвал болно. Юм авч, мөнгө өгч байгаа гээд хэт тонгойх ч хэрэггүй. Наймаа бол наймаа. Хамтдаа харилцан ашигтай ажиллаж, хамт хөгжье гэдэг буруу биш. 

Хөнгөлөлттэй зээл, тусламж ч ялгаагүй, өглөө гээд шүтээд байх шаардлагагүй. Хөнгөлөлттэй зээл тусламж бол улс орны төр засаг ААН-үүдээ ажил олж өгч байгаа л хэлбэр юм. 

"Танайд тийм юм зээлээр хийгээд өгье, манай компаниудаар хийлгэчих" гэсэн л үг. Тиймээс "Хар дэвтэр" сайтар хөтлөөд хамтдаа урагшлахаас өөр арга байхгүй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 149.102.230.136
    2024/10/24

    эдийн засгийн талаар “А” ч үгүй нөхрийн мэдэмгийрхсэн хийрхэл төдий бичилбэр. харин хөнгөлөлттжй зээл буцалтгүй тусламжийг хулгайлж иддэг ианай жлсын “хулгайч дарга нар”-н идсэн тусламж , хөнгөлөлттжй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа -д хатуу хяналт хэрэгтэй ! жнь: шинэ нисэхийн зам . Женко , максын ганбаа 2 мөнгийг нь хэд дахин нэмж хувааж идсэн Тэд нарын идсэн мөнгийг улсын хөрөнгөөр төлж байгаа !!! үүнийг анхаар !

    Хариулах