2025 оны төсвийн хэлэлцүүлэг дуусах дөхөх тусам эхэндээ далд байсан сайн, муу үзэгдлүүд ил гарч эхэллээ. УИХ-ын нэр бүхий гишүүд тойрогтоо мөнгө хуваарилуулах оролдлого хийж, бүлгийн хурал дээр няцаагдсан ч зогсохгүй үргэлжилсээр өнөөдөртэй золгов. Тодруулбал, өнгөрсөн даваа гарагт УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээр дамжуулж, тойрогтоо мөнгө тавиулах санаачлага гаргаад бүтэлгүйтсэн бол түүнээс хойш тойргоос сонгодсон гишүүд тус бүр таван тэрбум төгрөг буюу 400 тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулахыг хүсэж байгаа гэсэн мэдээлэл гарч, жагсаалтаас сонгогдсон гишүүд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр өнгөрсөн. Гэтэл өчигдөр нөгөө яригдаад байсан 5 тэрбум төгрөг нь 10 тэрбум болсон тухай "бор шувуу" ниссэн нь "Ихийг нэхээд санаснаа авах" тактикт шилжив үү гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн юм. Учир нь, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлнэ.
Зарчмын асуудал хөндөхөд, хэрвээ тойргоос сонгогдсон гишүүд таван тэрбумд санаархаж байгаад 10 тэрбум болгож өсгөсөн нь үнэн бол энэ Парламент өмнөх Парламентынхаа баталсан сонгуулийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн бодлогыг үгүйсгэж, хамгийн муухай сул талыг нь авч үлдсэн хэрэг болох юм. Хамгийн муухай сул тал гэдэг нь шуудхан хэлэхэд, гишүүд Төсөв задлана гэж сүрдүүлж байгаад тойрогтоо зарцуулахаар суулгуулдаг мөнгө буюу авлига юм.
Энэ шантаажаа олон нийтэд таалагдсан ямар нэг санаа бодож олж хийдэг бөгөөд үүндээ бүр гаршсан.
Ноднин өдийд УИХ-ын дарга Г.Занданшатар "НӨАТ-ын хувь хэмжээг буулгана" гэж олон нийтэд таалагдсан мэдэгдэл хийж, хуулийн төсөл хүртэл санаачилж байв. Гэхдээ цаана нь, төсөвт 600 тэрбум төгрөгийн дутагдал үүсгэхээр шантаажилж, эрх ашгаа хангах л зорилго байсан. Нэгэнт боочихсон төсөвт 600 тэрбум төгрөгийн дутагдал үүсгэх замаар задлахыг оролдсон гэсэн үг. Тойргийн мөнгөнөөс гадна, төсөв нэгэнт задарвал юу ч нэмж, юу ч хасна гэж тооцож байсан ч байж мэднэ.
Ямартай ч даргын санаархал гишүүдийн 90 хувь дэмжиж байгаа гэдгийг харуулах гэсэн ч юм уу, төсвийн нэгдүгээр хэлэлцүүлэг дууссаны дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалт явуулахад чуулганы танхимд наймхан гишүүн байж, Засгийн газраас оруулж ирсэн хувилбарт тоомжиргүй хандаж байгаагаа харуулж байлаа.
Эцэстээ төсөв засагдаж, УИХ-ын гишүүдэд гурав, гурван тэрбум төгрөг буюу нийт 228 тэрбум тойрогтоо захиран зарцуулах боломжийг өгсөн байдаг.
Хамгийн инээдтэй бөгөөд эмгэнэлтэй нь, өөрсдийнх нь шантаажаар засварлаад орж ирсэн төсөв нь 228 тэрбумаас илүү дүнгээр нэмэгдсэн байсанд бухимдсан Г.Ганболд гишүүн "Төсөв бидэнд өгснөөсөө илүү дүнгээр нэмэгдсэн байна" гэсэн утгатай мэдэгдэл хийж, УИХ Засгийн газрыг "шантаажилдаг", бас хүссэнээ үнэхээр авдаг гэдгийг илчилж орхисон. Үүний цаана хөөрхий, гурван тэрбумыг нь суулгах явцад хэн нэг нь гурваас илүүг долоосон байх вий гэсэн болгоомжлол нуугдаж байсан байх магадлалтай.
Тэр үед "Энэ жишиг цаашид тогтох вий" гэсэн болгоомжлол төрж л байлаа. Харамсалтай нь, мэр сэр оролдлогууд гарч байна. Ямар хэмжээнд акц хийх нь өнөөдрөөс тодорхой болох байх.
Гэхдээ, УИХ хэдий төсөв батлах бүрэн эрхээрээ далайлгасан ч энэ нь хувийн шуналаас өөр юу ч биш гэдгийг олон нийтэд анхааруулмаар санагдаад байна.
Аливаа буруу үйлдэл жишиг тогтоодог гэмтэй. УИХ-ын гишүүн тойрогтоо мөнгө тавиулахыг хүсэхийг буруутгахгүй. Гэхдээ, гэнэн цагаанаар бодоход тойрогтоо очих үедээ "Би шаардсан ч эд нар өгөөгүй" гэдэг жижиг улс төр хийх зорилгоор ч юм уу, ийм зарчимгүй үйлдэл хийх нь нэгэнт боогдсон, бодлогоор боловсруулагдаж орж ирсэн төсвийг задлах, хэрэгжүүлэхээр зориглосон том бодлогоо унагах эрсдэлтэй. Тойргоос сонгогдсон гишүүн бүр таван тэрбум зардаг /энэ жил яригдсан тоо/ жишиг тогтвол тойргоос сонгогдсон 78 гишүүн 400 орчим тэрбум төгрөгийн мэдэлтэй болно гэсэн үг. Манайдаа л нэг асуудлыг шийдэх, нэг мега төслийн мөнгө шүү дээ. Жагсаалтаас сонгогдсон гишүүд байнга энэ жилийнх шиг тэдний эсрэг зогсох ч уу, үгүй ч үү.
Төсөв баталсан нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ тойргийн жижиг хөрөнгө оруулалтаас татгалзъя гэж шийдсэн субъект нь УИХ өөрөө. Тэгсэн хэр нь жижиг сажиг хөрөнгө оруулалттай зууралдана гэвэл өмнөх шийдвэрээ үгүйсгэж байгаа хэрэг. Түүнээс гадна, төсөв есдүгээр сарын 1 хүртэл боловсруулагдаж байх үед санал оруулж суулгуулаагүй хэрнээ боогдсон хойно нь задлахаар сүрдүүлэх нь цаанаа юу гэж байгаа хэрэг болохыг уншигч та бараг гадарлаж байгаа биз ээ. .
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна