16 настан: Хүүхдүүдэд 18,3 тэрбумын эрхийн бичиг олгохоос илүү шийдэх ёстой олон асуудал байгаа шүү дээ

Т.Отгонсувд
2024/11/05

2025 оны улсын төсвөөс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин сайд 18,3 тэрбум төгрөгөөр хүүхэд, залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх эрхийн бичиг олгохоор болсон. 

Тэгвэл олон нийтийн зүгээс энэхүү соёлын үйлчилгээ үзүүлэх ажлыг шүүмжилж хоёр хуваагдаад буй. Зарим иргэд, УИХ-ын гишүүд энэ оны төсөв хэтэрхий үрэлгэн, шаардлагагүй төсөл хөтөлбөрүүд их байгаа тул энэхүү төслийг буцаахыг хүсэж буй юм. Зарим иргэдийн зүгээс эмзэг давхарга болон сонгон сургалтанд хамрагдах боломжгүй хүүхдүүдэд хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байгаа юм. 

Бид энэхүү асуудалд өсвөр насны хүүхдүүд ямар байр суурьтай байгаа талаар сурвалжиллаа. 

31-р сургуулийн 12-р ангийн сурагч Т: Өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байдаг. Ихэвчлэн тоглоомын талбай, пс тоглоомын газар, гэртээ утсаа оролдож л өнгөрүүлдэг. Соёлын үйлчилгээ үзэх ваучер өгвөл хэрэгтэй хүмүүстээ хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх сургалтанд хамрагдах боломжтой гэж бодож байна. Гэхдээ яг  сургалт ,сонгонд суухад зарцуулах боломжтой байхгүй бол би хэзээ ч музей, кино очиж үзэхгүй. Өсвөр насныханд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүйдээ гэмт хэрэгт холбогдож, амиа хорлох талаар боддоггүй. Харин гэр бүл, багш нартайгаа ойлголцохгүйгээс мөн үе тэнгийн дарамтаас болж сэтгэл зүйн асуудалтай болдог гэж боддог. 

31-р сургуулийн сурагч И: Хүүхдүүдэд зориулж 18,3 тэрбумын эрхийн бичиг олгоно гэдгийг дэмжихгүй байна. Жоохон хүүхэд байж сүртэй зүйл яримааргүй байгаа ч хүүхдүүдэд 18,3 тэрбумыг олгоно гэдэг хэдхэн жилийн дараа сонгууль өгөх хүмүүсээ бэлдэж байна гэж уншсан минь бараг үнэн юм шиг байна. Улс оронд өөр хийх шаардлагатай олон зүйл, шийдэх ёстой зөндөө асуудал байхад тэдэндээ зарцуулах нь дээр гэж бодож байна. Ядаад л бид нар утаагүй, түгжрэлгүй хотод аз жаргалтай амьдармаар байна. 

Тэгвэл Соёлын сайд Ч.Номин энэхүү эрхийн бичгийн талаар доорх тайлбарыг өгсөн юм. 

Тэрбээр "Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 16-18 насны өсвөр насны 186 мянган хүүхэд байгаа. 186 мянган хүүхдээс 30 гаруй мянга нь тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд байгаа юм. 

Өсвөр насны хүүхдүүд маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Энэ утгаараа бид нар өсвөр насны 186 мянган хүүхдэдээ жилд 100 мянган төгрөгийн цахим хэтэвчээр дамжсан соёлын эрхийн бичиг буюу соёл спортын эрхийн бичгийг бий болгоё гээд энэ хөтөлбөрийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхээ хуульд оруулж өгөөд ингээд төсөвт саналаа оруулаад явж байгаа юм.

Энэ хүүхэд 100 мянган төгрөг авснаараа юу хийх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хүүхдүүд энэ 100 мянган төгрөгөө аваад ном авч болно, өөрийнхөө дуртай дугуйлан секцэд явж болно. Сагсан бөмбөг, боксын дугуйландаа явж болно. Үүнээс гадна номын санд хичээллэж болно. Магадгүй зарим нэг хүүхдүүд хөгжмийн зэмсгээ худалдаж авч чадахгүй нөхцөл үүснэ шүү дээ. Тэгвэл хөгжмийн зэмсгээ авахад энэ эрхийн бичгээ ашиглаж болно" хэмээв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.