ОХУ-аас байгалийн хийний хараат болохын тулд улсаараа “ЭМГЭНЭЛТ ЖҮЖИГ” тоглож байгаа юм биш биз

Zuv.mn
3 цаг 20 минутын өмнө

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо  өнөөдөр Агаарын бохирдлын асуудлаар хуралдаж, холбогдох албаныхны мэдээллийг сонслоо. Энэ үеэр “Тавантолгой түлш” ХХК-ид хийсэн шалгалтын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа мэдээлэл хийж, тус компани найман төрлийн химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсан үр дүнг танилцуулав.

Энэ шалгалт нь иргэн Ч.Ганжавхлан утааны асуудлаар жагсаал эхлүүлсний маргааш “Тавантолгой” ХХК-д орсон бөгөөд үр дүн нь энэ долоо хоногийн эхээр олон нийтэд зарлагдаж, компанийн зүгээс хариу тайлбар хийчихсэн асуудал юм.

Тус компанийн төлөөлөл Д.Өлзийбат энэ асуудлыг “Манай компани 2023 онд дэргэдээ лабораторитой болж бүтээгдэхүүнийхээ техникийн шинжилгээг бүрэн хийж, хэрэглэгчдэд хүрэх шахмал түлшийг борлуулалтад гарахаас өмнө хяналт хийдэг болсон… Бид лабораторитоо барьцалдуулагчийн цардуул болон ислэгийг тодорхойлох зорилгоор химийн бодис ашиглаж байгаа. Энэ бол бүтээгдэхүүнд ашиглаж байгаа гэсэн үг биш…  Аливаа лаборатори химийн бодисын зөвшөөрөл авах ёстой. Бид хуулийн дагуу шаардлагатай бичиг баримтуудыг холбогдох байгууллагуудад өгсөн. Харамсалтай нь Баруун үйлдвэрийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлт өнөөдрийг хүртэл гарахгүй хойшилж байна. Дүгнэлт гарвал Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дүгнэлттэйгээ уялдаад химийн бодисын зөвшөөрөл гарна. Бүтээгдэхүүндээ химийн бодис огт хэрэглээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж байв.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хуучин Байгаль орчны яам, одоогийн нэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хийдэг. Гэтэл өөрсдийн хариуцлагагүйгээс юм уу, албаар ч юм уу гаргаж өгөөгүй байж дараа нь шалгалт оруулж, олон нийтийг айдаст автуулах мэдээлэл болгон цацаж байгаа нь ямар төрийн ёс вэ.

Эцэст нь хэлэхэд, энэ үйлдэл нь “Тавантолгой түлш” ХХК-ийг хаах, байгалийн хийн хэрэглээнд шилжих ажлыг эртнээс төлөвлөсний илрэл байж болох уу.

Манай улсад ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хооолойг газар нутгаараа дамжуулах сонирхол бий. Үүнийг хийхийн тулд өөрсдөөс тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргах шаардлага тулгарсан гэдгийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ ийм ажлыг ингэж хүчээр, хар пи араар хийж байгаа бол өөр ямар ч ажлыг яаж л бол яаж хийсэн чадах юм биш үү.

Нийслэлийн утаа гэнэт хачирхалтай гэмээр ихсэж, олны танил, хэвлэл мэдээллийн байгууллага утаа мэдээлж, түгжрэл ч огцом нэмэгдэж ойр, ойрхон хоёр удаа 0 зогсолт болж олон нийтийг бухимдуулсан. Иргэн Ч.Ганжавхлан утааны асуудлаар жагсаалд уриалан талбайд гарч ирсний маргааш Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Тавантолгой түлш” ХХК-д шалгалт оруулсан.

Ингээд Агаарын бохирдлын үндэсний хороо байгуулах шийд гарч, хийн түлшний хэрэглээнд шилжих магадгүй, хэдэн арван тэрбумаар хэмжигдэх төгрөгийн төсөвтэй ТЭЗҮ, Зураг төсөв боловсруулах, тэр бүү хэл байгалийн хийн үйлдвэр барих төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар танилцуулсан. Хэрвээ энэ үйлдвэрийг төрийн өмчит хэлбэрээр байгуулбал татаасын мөнгө хувийн хэвшлийг дэмжихгүй. Төрийн компани татаастай, олон арван мянган хэрэглэгчтэйгээр хувийн хэвшлийн ААН-тэй өрсөлдөнө, улмаар дарж авна гэсэн үг.  

Өнөөдөр байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн С.Замира “Утаа, авлига хоёрын хооронд хамаарал байна уу. Бид хэн нэгний бизнесийн төлөө эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм биш биз” гэж хэлсэн. Үнэхээр утаа бага байх боломж байсаар байтал багасгах сонирхолгүй хэн нэгний бизнесийн төлөө бид эрүүл мэндээрээ хохирч байгаа юм биш биз. 

Үнэндээ байгалийн хийнд шилжлээ гэхэд бүх айлыг хамруулж чадахгүй, "Тавантолгой түлш" ХХК цаашдаа ажилласаар байх нь дэндүү тодорхой. Гэтэл ядаж технологийг нь сайжруулах асуудал яригдсангүй. Энэ бол улс иргэдээ бодох биш, бизнес бодож байгаагийн бас нэг шинж гэж хардаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.106
    1 цагийн өмнө

    Болсон ч яадаг юм утаагүй болж л байвал. Хараат болохоосоо өмнө утаанд хордоод үхээд дууслаа

    Хариулах