Хуулийн ТӨСӨЛ: Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг зохицуулах хууль эрхзүйн зохицуулалт, анхаарах асуудлууд

Х.Батсайхан
2024/12/20

УИХ уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй, энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх агуулга бүхий анхдагч хуулийн төслийг боловсруулж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ. Энэ хууль УИХ-д өргөн баригдлаа. 

Уг хуулийн төсөлтэй уялдуулан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд мөн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан бөгөөд ажлын байрны төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулах асуудлыг тусгахаар зэхэж буй.

Мега төслүүдийг хэрэгжүүлэх "Нийгмийн захиалга" болсон хууль

Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй, энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх хууль бол гэнэт гарч ирээгүй, олон жил яригдсаны эцэст бодит болох гэж буй ажил гэдгийг эхлээд онцолъё. 

Өмнө нь ажил олгогч эздийн холбооноос хүсэлт тавьдаг байсан ч дотоод дахь ажлын байраа хамгаалах үүднээс авч хэлцдэггүй байсан юм. Харин энэ удаа манайд уламжлалт мэдлэг нь байхгүй, өндөр технологи бүхий 14 мега төсөл тэргүүтэй ажлуудыг нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөсөн явдал хуулийг батлах хэрэгцээ шаардлагыг үүсгэсэн гэж харагдаж байна. 

Өөрөөр хэлбэл, өргөн баригдсан хууль бол цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай болоод авч байгаа арга хэмжээ мөн.

Монголд гадаадаас ажиллах хүч авахад маш их зардалтай нь үнэн

Манай улс гадаад ажиллах хүчний ажлын байрны төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1,320,000 төгрөг /Цалингийн доод хэмжээ нэмэгдсэний дараа буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 1,840,000 төгрөг болно/, жилийн 15,600,000 төгрөг /22,080,000/ байхаар тогтоосон нь бусад улсуудтай харьцуулахад хэт өндөр байгаа гэдэг нь үнэн.

Түүнчлэн, бид хөгжих гэж байгаа бол одоо өөрсдийн үүсгэсэн шинжлэх ухааны ололт, нөөц боломжоос давсан, илүү өндөр технологи, ноу хау оруулж ирж байж урагшилна. Ийм ажлыг гаднаас л авах нь ойлгомжтой. Өнгөрсөн хугацаанд яг энэ асуудал манай улсын хөгжлийн хурдцад нөлөөлж ирснийг үгүйсгэх арга байхгүй. 

Ялангуяа, улс орны хөгжилтэй холбож ач холбогдол өгч буй том төслүүд дээр гаднынхан ажиллана. Гэтэл одоогийн хуулиар бол асах их төлбөрийг төлөх хэрэгтэй болдог. Энэ нь хөрөнгө оруулалтын зардалд сууж, өртөг нэмэгдэж таарна. Тиймээс хуулийн төсөл бол асуудлыг шийдэх нэг гарц гэж үзжээ. 

Анхаарах асуудлууд

Хуулийн төсөл хэдийгээр цагаа олсон, тодорхой цаг хугацаатай хэрэгжих ч гэсэн анхаарах асуудлууд бий. Жишээ нь тооны хязгаар. 

Аливаа улсад нэг цаг мөчид оршин суух гадаад иргэдийн тоо их байх тусам аюулгүй байдал эмзэг болдог бичигдээгүй хуультай. 

Тиймээс нутаг дэвсгэр дээр нь байгаа гадны улсын иргэдийн тоог байнгын армийн тоотойгоо харьцуулан зохистой хэмжээнд барьдаг жишиг бий. 128 сая хүнтэй Япон гэхэд гадаад хүний тоог нийт хүн амынхаа 1.1 хувиас хэтрүүлдэггүй. 2008 онд тус улсад байнга оршин сууж байгаа цагаач, дамжин өнгөрч байгаа, 90 хоногийн визтэй гадаадын тоо нэг цаг мөчид 2.2 саяд хүрсэн нь хамгийн их тоо гэх юм билээ. Швед, АНУ, Франц зэрэг улсуудад энэ тоо харьцангуй өндөр байдаг ч бүрдүүлж байгаа үндэстнүүд нь олон янз байдаг учраас эрсдэл харьцангүй бага гэж үздэг байна. Харин манайд байгаа гадны иргэдийн ихэнх нь нэг улсынх байх магадлал өндөр. Энэ бол бодож үзэх ёстой асуудал мөн. 

Хэдэн жилийн өмнө Монголд хөрөнгө оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа гэгч “Глобал таймс” сонины сэтгүүлчид “Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд. Гэхдээ Монголын гадаадын ажиллах хүчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дүрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “хар”-аар ажилладаг юм” хэмээн ярьж байжээ. 

Тэгэхээр, одоо байгаа байдлаа бодсон ч, ирээдүйд хоёр улсын харилцаа улам нягтарч, бат бөх холбоо үүсгэхийг бодсон ч өсөн нэмэгдэх ажиллах хүчний ихэнх нь өмнөд хөршийнх байх магадлал өндөр байна. Энд зөвхөн өмнөд хөршийг онцолж байгаа юм биш, гагцхүү нэг улсынх байх магадлалтай гэдэгт эмзэглэж байгааг эрх баригчид анхаарах учиртай. 

Хуулийн төсөл аялал жуулчлалыг дэмжих ажилтай уялдаж байгаа нь анхаарах ёстой нэг шалтгаан

Гаднаас ажиллах хүч авах зөвшөөрөл ярвигтай, төлбөр өндөр байдаг явдал уг нь бол манай хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах нэг босго. Гэвч үнэндээ ажил байгаад ч хийх хүн олдохгүй болсон нь манай улсад тулгарсан бодит бэрхшээл. 

 Өөрөөр хэлбэл, Бангладешаас эмч сувилагч, Хятадаас барилгын ажилчид орж ирэх нь цаг хугацааны асуудал болсон. Тэгэхээр, гаднаас ажиллах хүч авах нь ажил голж шилдэг дотоодын боловсон хүчинд өгөх ташуур ч мөн.

Хэдий тийм ч салбарын яамнаас жил бүр тогтоодог хязгаарыг үгүй болгож болохгүй гэдэг жуулчидтай мөн холбоотой. Манай улс жуулчдын тоог өнгөрсөн жил 650,000 хүргэсэн, энэ жил ахиулна гэж байгаа. Гэтэл нэг улсад, нэг цаг мөчид оршин байх гаднын иргэдийн тоо нь дээр хэлсэнчлэн, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал болдог. 

Бид өнгөрсөн жил 650 мянган жуулчин хүлээж авсан, энэ жил давуулж байгаа. Ирэх жил нэг сая гэдэг тоо руу үргэлжлүүлээд зүтгэж таарна. Жилд 52 долоо хоног байдаг, нэг жуулчин монголд долоо хонодог гэж үзвэл нэг цаг мөчид 20 мянган жуулчин Монголд байхаар байна. Жууулчдын урсгалын 70, 80 хувь нь зуны саруудад байдаг гээд тооцвол энэ тоо өсөөд явчихна гэсэн үг. 

Тэгэхээр, иргэдийн болгоомжлолд буруу байхгүй. Харин эргэлзээг нь тайлах хэрэгтэй.

Монголд байгаа гаднын иргэдийн тоог шууд мэдээлдэг байя

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нэг цаг мөчид байх гаднын иргэдийн тоог хязгаарласан хууль эрхзүйн зохицуулалт бий. Гэхдээ орж ирсэн иргэдийг байнга хянах тал дээр техникийн бололцоо байна уу, байхгүй бол бүрдүүлэх асуудлыг давхар шийдэх ёстой гэдэг асуудлыг л энд яриад байгаа юм. 

ГИХАЭГ-аас Монгол улсад нэг зэрэг байх гадны иргэдийн тоог зохистой хэмжээнд барьдаг гэж баталдаг ч байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоог хэлэхээс хэтэрдэггүй. Гэтэл 90 хоногийн визээр, эс бөгөөс харилцан визгүй зорчдог улсуудаас хэчнээн хүн нэг цаг мөчид Монгол Улсад байгааг тогтооход бэрх. Дээр нь, манай улс дэлхийн олон улстай харилцан визгүй зорчдог болж буй. Энэ тохиолдолд иргэд бусад оронд байдаг шиг "Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг цаг мөчид байгаа гаднын иргэдийн тоог тэддүгээр сарын тэдэнд хамгийн өндөр байжээ" гэх мэт статистик хүсэх болов уу. 

Тэгэхээр, асуудлыг энэ талаас нь харвал хяналтыг маш сайн тавьж, зохистой хэмжээнд байгааг ил тод харуулж байх уян хатан тогтолцоог бүрдүүлэх шаардлага байна.

Хэрвээ манайх үнэхээр орж, гарч байгаа зочдоо нарийн бүртгэж чадаж байгаа бол түүнийгээ Гадаадын иргэн харъяатын газрын цахим хуудаст мэдээлдэг болгож болно шүү дээ. 

Статистикийн хорооны цахим хуудаст Монгол Улсын хүн амын тоог шууд мэдээлдэг. Нүү хуудасны баруун дээд талд ил харагдаж байдаг. Зарим өдөр 110 орчим, зарим өдөр 130, зарим өдөр 140 гээд нэмэгдэж байдаг. Гадаадын иргэн харъяатын газрын цахим хуудаст "Яг одоо Монгол Улсын нутаг дэвсгэрт гаднын ... иргэн байна" гээд харуулж байж болно.  

Олон нийтийн санааг зовоох, болгоомжлолыг төрүүлэх гол асуудал нь энэ байх нь ойлгомжтой тул зохицуулалтыг сайн хийх ёстой гэсэн санаа. Мушгин гуйвуулж улс төрийн ашиг хонжоо хайгсад, тодорхойгүй зүйлээр алгагчид байгаа бол тэднийг ил тод байдлаар л сөрнө. Ажиллах хүчийг нэмэгдүүлж болно, ажиллах хүч, хөрөнгө оруулагч, жуулчин нийлээд нэг цаг мөчид хэдүүлээ байж болох вэ гэдэг асуудлыг хяналтдаа байгааг ил харуулна гэсэн үг.

Түүнчлэн, бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө БНХАУ-тай өрсөлддөг Энэтхэг зэрэг улсаас ажиллах хүч оруулж ирж, солонгоруулах бодлого барих нь зүйтэй юм.   



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.254
    2024/12/22

    Хятад цэргүүд..Колони

    Хариулах
  • 120.18.34.89
    2024/12/20

    Хууна биз мөнгөний сэтгүүлч мигь

    Хариулах
  • 103.57.94.198
    2024/12/20

    Зөв үзэл бодлоо илэрхийлсэн байна. Яг одоо тухайн цаг үед энэ шийдвэр зөвөө

    Хариулах