Монгол Улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх түлхүүр болох учиртай Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замыг бүтээн байгуулах асуудлаар БНХАУ-ын "Чайна энержи" компанитай хийх гэрээг Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа билээ.
Одоогоор мэдэгдэж буй зүйлс
Айлын сонирхол:
БНХАУ-ын талын сонирхол “Чайна энержи” ТӨК-иас гэрээ байгуулах ажлын хэсгийн ахлагч Ц.Туваанд ирүүлсэн захидалдаа,
-16-20 жил үргэлжлэх гэрээ байгуулж, 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос 20 сая тонноос багагүй нүүрс тогтмол авах,
-Нүүрсийг монголын биржийн үнээр бус, "Чалкогийн урт хугацааны гэрээний үнэ"-ийн үнэ тогтоох механизмыг тогтоож байх,
-Нүүрс гаргалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Чайна Энержи" нөөц нь их хоёр шинэ уурхайн талбайд олборлолт хийх,
-Зөвхөн сайн чанарын коксжих нүүрс авах шаардлага тавьсан.
Түүнчлэн, шаардлагыг хүлээж авахгүй бол Ганцмод хүртэл тавьсан төмөр замыг барихад гаргасан хөрөнгө, түүний алдагдсан боломж болох хоёр тэрбум гаруй юанийг нэхэмжилнэ, Шивээ хүрэн-Сэхээ, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл, Монгол-Хятадын нэгэнтээ мөнгө хөрөнгөө гаргаад барьчихсан Зүүнбаян-Ханги төмөр зам царцаж, бид "Чайна энержи" шиг байдалд орно гэсэн үг.
Манай сонирхол:
-Нүүрсний үнийг биржийн зарчмаар тогтоох,
-Нэг үнийн урт хугацааны гэрээнээс зайлсхийж, Win-win зарчмыг хадгалах үүднээс гэрээнд өөрчлөлт оруулж байх уян хатан нөхцлийг бий болгох
-Ордыг сорчилж ашиглахын хориглох хуулийн заалтыг хэрэгжүүлж, зөвхөн коксжих нүүрс худалдахаас татгалзах, эрчим хүчний нүүрсийг мөн адил экспортлох.
Олон нийтийн сонирхол
Монгол Улс өмнө нь БНХАУ-ын "Чалько"-той урт хугацаанд нэг үнээр худалдаалах гэрээ хийж, алдагдал хүлээж байсан гашуун туршлага бий. Манай талд ашиггүй байдлыг үүсгэсэн зүйл заалтуудыг эрх баригчид нууцалсан байсан нь ч ил болж байсан.
Тиймээс олон нийтийн зүгээс энэ байдлыг дахиж гаргахгүй байхыг хүсэж байна.
Бүх нийтээрээ хэрсүү байх шаардлага
Энэ удаагийн гэрээний гол онцлог нь, хоёр улсын Засгийн газар дундын зуучлагчгүй шууд хэлэлцээр хийх гэж байгаа явдал. Өмнө нь явж байсан хэлэлцээрийн үед "Шенхуа" Тавантолгойн ордод 49 хувь эзэмших, Монголын тал 51 хувь эзэмших ч зуучлагч маягаар оролцсон "Эм Си Эс" групп зэрэг компаниуд тодорхой хувь эзэмших хувилбараар явж байсан. Энэ зуучлагч компаниудыг үндсэндээ энэ удаагийн хэлэлцээрээр шахан гаргаж байгаа нөхцөл байдал эхний байдлаар ажиглагдаж байна.
Гуравдагч хөршийн ашиг сонирхлыг хангана гээд АНУ-ын "Пибоди"-д 36 хувь, БНХАУ-ын "Шенхуа"-д 20 хувь, "Оросын төмөр зам" компанид 18 хувь, БНСУ, Японы хамтарсан консорциумд мөн 10 орчим хувийг эзэмшүүлэх шийдвэр ч гарч байлаа. Өөрөөр хэлбэл, ард түмэнд ногдох хэсэг нь хэтэрхий бага байсан. Түүнээс хойш өнгөрсөн 16 жилд бид хэдий цаг алдсан ч тодорхой дэвшил гарсан байна.
Жишээ нь, Тавантолгой дахь ард иргэдийн эзэмшил 14 орчим хувь байснаас 20 гаруй хувьд хүрч нэмэгдсэн. "Шенхуа" буюу одоогийн "Чайна энержи" "Тавантолгойд заавал 49 хувь эзэмшинэ" гэж зүтгэхээ больсон.
Царигийн асуудлаар ойлголцсон гээд давуу тал байна.
Нэгэнтээ УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа учраас гэрээний драфт гарсан гэсэн үг. Бас хэлэлцэж байгаа учраас өөрчлөх боломж нээлттэй. Харин зогсоож л огт болохгүй. Нүүрс нийлүүлэх гэрээг харилцан ашигтай нээлттэй, ил тод хийх л бидний зорилго. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулахгүй, зогсоох тухай асуудал байхгүй. Байх ч боломжгүй гэдгийг л олон нийт сайтар ухамсарлах шаардлагатай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.120
Женког хол байлгаарай.
Хариулах66.181.177.53
Гэнэтхэн Оджаргал амь ороод элдэв балай юм яриад эхэлсэн чинь энэ хэлэлцээрээс шахагдаж байгаа юм байна ш дээ. Одоо л ойлголоо. Манайх манай сонирхол гэдгээ хатуу баримтлаад гэрээгээ хийгээрэй.
Хариулах