Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар МЭДВЭЛ ЗОХИХ ЗҮЙЛС

Zuv.mn
14 цаг 28 минутын өмнө

УИХ яг одоо Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор уншигч та бүхэндээ мэдээлэл өгөх үүднээс төслийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. 

ХОЁР ТАЛЫН ХҮЧИН ЧАРМАЙЛТ БУЮУ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОСОН НӨХЦЛҮҮД

-Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” 106 дугаар тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоол, Засгийн газрын 310 дугаар тогтоол зэрэг шийдвэрүүдийг тус тус үндэслэн, Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан.

-“Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын зураг төслийн групп” компани 2023.05.26-ны өдөр гэрээ байгуулан Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдсэн.

-Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон.

ШИНЭЭР БАРИГДАХ ЗАМЫН /ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ/ ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

-Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг холбох төмөр зам нь I зэрэглэлийн, гол замын урт 19.5 км /дэлгэмэл урт 32.6 км/ үүнээс өргөн /1520мм/ царигийн 8.7 км /дэлгэмэл уртаар 12.1 км/, нарийн /1435мм/ царигийн 10.8 км /дэлгэмэл уртаар 20.5 км/ бөгөөд уг төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая.тн нүүрс жилд тээвэрлэх хүчин чадалтай болно. Уг төмөр замын ашиглалтад оруулснаар Монгол - Хятадын хилийн төмөр замын хоёр дахь шинэ гарцтай болно.


ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ 

“Тавантолгой төмөр зам” ХХК болон “Хятадын зураг төслийн групп” компани нар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулан Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж бүрэн дууссан.

Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоон баталсан.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны “1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын 2024 оны 310 дугаар тогтоол батлагдсан.

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаар захирамжаар “1955 оны “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.

Уг ажлын хэсэг шинэчлэн байгуулагдаад 2 удаа БНХАУ-ын талтай очиж уулзсан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа 2024.10.18-нд БНХАУ-д “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн.

Хил дамнасан төмөр замын төсөл амжилттай хэрэгжснээр Өмнөговь аймгийн уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүд эргэлтэд орж хөдөлмөр, бараа бүтээгдэхүүн, технологи, инноваци, бизнес, нийгэм соёлын харилцаа болоод хөдөлгөөн идэвхижиж, тус аймаг Өмнөд бүс нутгийн уул уурхай, тээвэр логистик, хөгжлийн томоохон төв болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна